Монголын зохиолчдын эвлэлийн гишүүндэд хүний эрх, жендерийн талаар ойлголт өгөх сургалт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19, 20-нд зохион байгуулжээ. Тус сургалтын эхний өдөр сургагч багш Э.Энхчимэг “Жендер ба хүйс”, “Жендерийн хэвшмэл ойлголт”, Д.Мөнхчимэг “Олон улсын тренд: Хэвлэл мэдээлэл дэх жендерийн тэгш бус байдлыг халах нь” зэрэг сэдвээр хичээл орсон бол хоёр дахь өдрийн сургалтад зорилтот бүтээл хийхээр сонгож авсан 15 зохиолч хамрагджээ. Уг сургалтыг утга зохиол судлаач, зохиолч Ц.Буянзаяа удирдаж, “Creative writing”, “Утга зохиолын шүүмж” сэдвээр лекц уншжээ. Түүнчлэн зорилтот бүтээл хийх зохиолчдыг сонгохдоо нас, хүйс, амьдарч буй газар, бичлэгийн олон төрөл жанраар туурвидаг байдлыг харгалзсан байна.
Түүнчлэн энэ сургалтад хамрагдсан зохиолчдын зорилтот бүтээлийг Монголын зохиолчдын эвлэл цувралаар уншигчдад хүргэх аж. Мөн шилдэг нэг өгүүллэгийг шалгаруулж, энэ сарын 19-нд болох “Утгын чимэг-2022” наадамд үзэгч, уншигчдад хүргэнэ.