Английн Хунтайж Харри бол хаан Чарльз болон гүнж Диана нарын отгон хүү, Хатан хаан II Элизабет болон Эдинбургийн гүн Филипп Маунтбеттен нарын дөрөв дэх ач хүү юм. Тэрбээр шинэ онтой зэрэгцэн өөрийн намтраас сэдэвлэн "Spare" хэмээх анхны номоо олон нийтэд дэлгэж, худалдаанд гаргасан нь ашиг орлого сайтай байна.
Номын нэрийг монгол хэлнээ орчуулбал "нөөц" хэмээх утгыг илэрхийлэх үг юм. Энэ нь маш чухал учрыг агуулсан тухай Ханхүү Харри ярьжээ. Тодруулбал, номын гарчиг нь Харриг төрсний дараа аавынх нь хэлсэн үгнээс эхлэлтэй. Чарльз Дианад хандан "Гайхалтай. Чи надад өв залгамжлагч, нөөц хүн бэлэглэлээ. Чи хийх ёстой ажлаа хийсэн" гэжээ. Энэ тухай Харри 20 насандаа мэдэж авсан байна.
Тэгвэл бид энэхүү бүтээлээс юуг мэдэж болох вэ?
Нэг. Аавыгаа Камилатай гэр бүл болохыг эсэргүүцсэн
Ханхүү Харри, Уильям нар 1997 онд ээж, Уэлсийн гүнж Дианаг нас барсны тэдний аав, Английн хаан Чарльзаас одоогийн хатан Камилатай гэрлэхгүй байхыг гуйсан байна. Харри Камилаг "муу хойд эх" байна гэж боддог байсан гэнэ. Энэ тухай тэрбээр өмнө нь хэвлэлд ярьж байгаагүй. Гэвч тэд эцэг Чарльз нь жаргалтай байвал, хэзээ нэгэн цагт бүгдийг нь уучлах болно хэмээсэн тухай Английн сонинд нийтэлж байв.
Хоёр. Ээж Дианаг нь нас барахад аав Чарльз нь Харриг тэврээгүй
Уг номд Харри аавыгаа ээжийг нь автомашины осолд орсон тухай мэдээг дуулгахаар сэрээж буйгаар дүрсэлжээ. Харри аавыгаа мэдрэмжээ илэрхийлэх тал дээр тун тааруу гэхийн сацуу уг мэдээг хэлснийхээ дараа Харриг тэвэрч, тайвшруулах оролдлого хийгээгүй гэнэ. Түүнд ээжийнх нь үхэл асар хүнд цохилт болсон тухай мөн бичсэн байна.
Гурав. Харри хэрхэн зандангаа тайлсан бэ?
Харри 17 настайдаа нэгэн уушийн газрын арын талбай дээр ахимаг настай эмэгтэйтэй анх удаа бэлгийн харилцаанд орж байсан гэнэ. Энэ нь түүнд "доромжлол" шиг санагдсан, тэр эмэгтэй түүнд "залуу азарга" шиг хандсан хэмээжээ.
Дөрөв. Ах Уильямтайгаа ямар харилцаатай вэ?
Ах Уильям нь Лондон дахь зуслангийн байшиндаа Харригийн хүзүүний зүүлтийг тасар татаж, түүнийг шалан дээр хүчтэй унагаж байсан тухай уг номд бичжээ. Энэхүү явдал нь түүний ах эхнэр Меганыг "Бүдүүлэг, хэцүү араншинтай" гэж хэлснээс үүдсэн маргаанаас болсон гэжээ. Мөн энэ номд Уильям, Харри нарын таарамжгүй харилцааны тухай олон баримтууд дэлгэгдсэн байна.
Тав. Харри мансууруулах бодис хэрэглэж байсан
Түүнийг 17 настай байхад тойрон хүрээллийнх нь хэн нэгэн гэртээ урьж, кокайн хэрэглэхийг санал болгосон гэжээ. Тэрбээр кокайн, каннабис зэрэг өндөр тунтай мансууруулах бодсыг хэд хэдэн удаа хэрэглэж үзсэн гэдгээ хэлсэн байна. Гэвч эдгээр нь Харрид таалагдаагүй аж. Тэрбээр "Би урьдаас тогтоосон дэг журмыг өөрчилж, бүх зүйлийг туршиж үзэхэд бэлэн 17 настай хүү байсан" хэмээжээ. Ээжийнх нь үхэл түүнд маш хүнд туссан учир бусдад уруу татагдах, сэтгэл гутралд орох, хааны удмынхантай таарамжгүй харилцаатай байх зэрэг олон хүнд замыг туулсан гэдгээ уг номд бичсэн байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (7)