Дэлхийн түүхийн чухал гэрчүүдийн нэг, бидний кино, зохиолоор нь сайн мэдэх католик шашинтны Парисын Дарь эхийн сүм буюу Нотердамын сүм 2019 оны дөрөвдүгээр сард шатаж, Францын Засгийн газар ард түмний хандиваар сэргээн засах ажлыг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Тухайн үед хандивын дансанд тэрбум гаруй евро цугласан гэх мэдээлэл тархаж байв.
Сүүлийн үеийн мэдээллээр уг сүмийн сэргээн босголтын ажил 70 гаруй хувьд хүрч, ирэх 2024 онд олон нийтэд нээхээр төлөвлөж байгаа ажээ.
Парисын дарь эхийн сүмийг эртний Ромын сүмийн үлдэгдэл дээр барьсан бөгөөд анх Ром хэв загвартай байсныг засаж сайжруулан готик хэв маягтай болгожээ. Уг барилгыг Парисын хамба лам Морис де Сюлли-гийн (франц. Maurice de Sully; 1105-1196) санаачилгаар 1163-1345 онуудад барьсан байна. Сүмийн Мөргөлийн хэсгийг 1182 онд аравнайлсан бөгөөд сүмийн баруун тал XIII зууны дунд үед барьж дуусгасан гэдэг.
Сүмийн өндөр 35 метр, урт нь 130 метр, өргөн нь 48 метр, Хонхны цамхгийн өндөр 69 метр, Эммануэль хонхны жин 13 тонн, хонхны хэл нь 500 кг жинтэй ажээ. Францын шашны өвийн бусад чухал объектуудын нэгэн адил сүм хийд нь 1905 оны "Сүм ба төрийг тусгаарлах тухай" хуулийн дагуу төрийн өмчид байдаг бөгөөд Католик сүм нь мөнхийн үнэ төлбөргүй ашиглах эрхтэй байдаг.
Л.Сайнаа