"Монголын Зохиолчдын эвлэл" байгуулагдсны, Монголын зохиолчдын байгууллага үүсгэн байгуулагдсаны түүхт 94 жилийн ой өнөөдөр /2023.01.09/ тохиож байна.
Түүх сөхвөл их зохиолч Д.Нацагдорж, С.Буяннэмэх нарын 1920-1930-аад оны шалгарсан 17 сэхээтэн нэг дор цуглаж, анхны хурлаа хийж, ”Хувьсгалч зохиолч нарын бүлгэм"-ийг 1929 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр байгуулан зорилго чиглэлээ тодорхойлж, зохиолчдын бүлгэмийн удирдах зөвлөлийг байгуулан тэргүүлэгчдийг сонгон баталснаар жил бүрийн энэ өдрийг “Монголын зохиолчдын өдөр” болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Монголын зохиолчид нэгдэж байгууллагаа байгуулсан 1929 ондоо багтааж, “Уран үгсийн чуулган” цоморлигийг 15 хүний 36 зохиолыг оруулж анх хэвлүүлж гаргасан нь утга зохиол, урлаг, соёлын түүхэнд цоо шинэ тэмдэглэлт үйл явдал болж байжээ.
Монголын зохиолчдын түүхт 90 жилийн ойгоор төрөөс Монголын Зохиолчдын эвлэлийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан юм. Монголын зохиолчдын байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 92 жилийн ойгоор зохиолчдын байгууллагыг олон жил удирдаж ирсэн, ХХ зууны манлай эмэгтэй зүтгэлтэн, Төрийн шагналт зохиолч С.Удвалын 100 жилийн ой, мөн Монголын Зохиолчдын эвлэлийн даргаар ажиллаж байсан их зохиолч С.Буяннэмэх болон зохиолч Д.Намдаг нарын мэндэлсний 100 жилийн ой тохиомноороо онцлдог байв.
Монголын Зохиолчдын Эвлэлийг 1929 оноос М.Ядамсүрэн, 1934-1935 онд С.Буяннэмэх, 1936-1937 онд Т.Сэнгэдорж, 1938-1942 онуудад Т.Дэнчингунгаа, 1943, 1954 онд Ц.Дамдинсүрэн, 1947-1948 онд Ш.Лувсанвандан, 1948-1952 онд Ш.Нацагдорж, 1953 онд Л.Тойв, 1955 онд Б.Жаргалсайхан, 1956-1959 онд Д.Сэнгээ, 1961-1974 онуудад С.Удвал, 1974-1975 онд Л.Түдэв, 1977-1990 онд Д.Цэдэв, 1990-1992 онд Д.Маам, 1992-1993 онд Б.Лхагвасүрэн, 1993-1997 онд Д.Нямаа нар удирдаж иржээ.
Монголын Зохиолчдын Эвлэл үүсэн бий болсон цагаас хойш Монголын олон зуун зохиолч тус байгууллагын гишүүнээр элсэж, амьдрал уран бүтээлээ холбосон байдаг. Монголын Зохиолчдын эвлэлийн ойн хүрээнд МЗЭ-ийн удирдлага их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлдэг. Мөн жил бүр “Алтан Өд” оны шилдэг бүтээл шалгаруулах ёслолыг уламжлал болгон зохион байгуулдаг. Түүнчлэн жил бүр "Болор цом", "Утгын чимэг" наадмуудыг амжилттай зохион байгуулсаар ирсэн билээ.