Өнгөрсөн оны аравдугаар сард Бразилын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болж, Лула нэрээр алдаршсан, Бразилын улс төрч, үйлдвэрчний эвлэлийн зүтгэлтэн, Луйз Инасио Лула да Силва энэ оны эхнээс төрийн эрхийг авсан юм.
Энэ үйл явдлыг эсэргүүцсэн, хуучин ерөнхийлөгч Жайр Болсонариг дэмжигчид нийслэл Бразилиа хотын төв байх төрийн гурван том барилгыг бүслэн авч, улмаар шүүх танхим, ерөнхийлөгчийн ордонд халджээ.
Эсэргүүцэгчдийн цуваа ойролцоогоор найман км орчим үргэлжилж байгаа бөгөөд тэднээс 200 гаруйг нь баривчилсан тухай ВВС агентлаг мэдээлэв.
Уг тэмцлийн жагсаал өчигдөр буюу ням гарагт эхэлж, томоохон хотуудад өргөжин тэлээд байгаа гэнэ. Энэхүү үйл явдал нь хоёр жилийн өмнө Жо Байденг АНУ-ын төрийн эрхэнд гарсны дараах Доналд Трампыг дэмжигчдийн Капитолын үймээнтэй төстэй дүгнэжээ. Уг үймээний гэм буруутныг олох мөрдөн байцаалтын үр дүнд хуучин ерөнхийлөгч Трампыг дөрвөн үндэслэлээр буруутгаад байгаа юм.
Тэгвэл Бразилд өрнөж буй уг тэмцэл улам бүр хурцдах төлөв ажиглагдаж байгаа. Учир нь улс орон даяар жагсаалд нэгдэхийг уриалсан утга бүхий нийтлэл, уриа лоозонгууд сошиал орчинд давамгайлах болсон юм.
Л.Сайнаа