Өнөөдрөөс арван сарын өмнө ОХУ-ын зэвсэгт хүчин Украин улсын нутаг дэвсгэр лүү халдаж эхэлсэн ба өнөөдрийг хүртэл хоёр улсын зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байгаа билээ. Тэгвэл ОХУ-ын эрх баригчид уг үйл явдлыг эхэлсэн цагаас нь хойш “цэргийн тусгай үйл ажиллагаа” хэмээн нэрлэсээр ирсэн.
Тэгвэл өнгөрсөн Пүрэв гарагт Москва хотод болсон залуус руу чиглэсэн бодлогын тухай төрийн зөвлөлийн хурлын дараа ОХУ-ын улсын ерөнхийлөгч Владимир Путин сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа анх удаа Украин дахь “дайн” гэх үгийг олон нийтэд хэлсэн байна.
Түүний хэлсэн үгсийг орчуулбал: “Бидний зорилго бол Украин дахь зэвсэгт мөргөлдөөний нөхцөл байдлыг өөрчилж удирдлагыг өөрсдийн гарт авах бус, дайныг дуусгахад оршино. Бид үүнийг хийсээр ирсэн ба ирээдүйд ч үргэлжлүүлэн хийсээр байх болно.” гэжээ. Украин улсад болж буй зэвсэгт мөргөлдөөнийг дайн гэх үгээр дүрслэх нь ОХУ-д хууль зөрчсөн үйлдэлд тооцогдож байгаа бөгөөд төрийн тэргүүн нь өөрсдийн баталсан хуулийг зөрчиж ийнхүү Украин дахь дайн хэмээн олон нийтэд хэлсэн нь зөвхөн ОХУ бус дэлхий нийтийн анхаарлыг татаад байна.
Энэ оны хоёрдугаар сарын 24-нд ОХУ-ын зэвсэгт хүчин Украин улсын газар нутаг руу довтолсноос хойш хэдэн мянган хүн амь үрэгдэж, Украины тоо бүхий хот тосгод газрын хөрснөөс арчигдаж, хэдэн тэрбум долларын үнэлгээтэй дэд бүтэц сүйтгэгдээд байгаа юм.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (1)