Тун удахгүй болох шинэ жилийн баярыг тохиолдуулан, утга учиртай дурсамж бүтээхэд тань туслахаар гадуур хийх зүйлсийн жагсаалт буюу болзооны санаануудыг хүргэж байна.
1. Sky Resort-д гулгах
Скайресортод жилийн энэ л үеэр очиж хөгжилдөх боломжтой. Тэр тусмаа өвлийн улиралтай орны хувьд өвлийг "ашиглан" хөгжилдөх ховорхон боломжийн нэг. Тиймээс гэр бүл, хайртай хүнтэйгээ эсвэл "краш"-тайгаа нэг өдөр хөгжилдъе. Сэтгэлээ илчлээгүй байсан ч цагийг хамтдаа өнгөрөөсөн сайхан дурсамж үлдэнэ шүү дээ.
2. Мөсөн гулгуурын талбай
Мөн л өвлийн улирлыг "далимдуулан" хөгжилдөх боломжтой цөөхөн зүйлсийн нэг бол мөсөн гулгуурын талбай. Тэшүүрээр урьд нь нэг ч гулгаж үзээгүй байсан ч сонирхолтой туршилтын нэг байх болно. Тэшүүрээр гулгах нь нисэх мэт гоёмсог мэдрэмжийг өгдөг учир таалагдана гэдэгт итгэлтэй байна. Мөн цасны цэнгэг агаараар амьсгалах нь хотын утаатай энэ үед эрүүл мэндэд ч тустай.
3. Мөсөн хотхон орох
Мөсөн хотхон гэдэг үгэнд бидний бага насны нандин дурсамжтай цаанаасаа л холбогддог. Учир нь бага байхад гоёмсог мөсөн хотхон олон баригддаг байсан шүү дээ. Тэгвэл Тэрэлжид энэ жилийн хамгийн том Мөсөн хотхон баригдаж байгаа сурагтай. Амралтын өдөр зав гарган мөсөн хотхонд яагаад болзож болохгүй гэж. Багынхаа дурсамжийг сэдрээсэн хотхоноор нэг өдөр зочлоорой. Хэрэв болзож яваа бол хайртдаа санаа тавих үүднээс аягандаа халуун уух зүйл аваад явбал тохиромжтой шүү.
4. Сэтгэлтэй хүнээ болзоонд урих
Он гарахаас өмнө сэтгэлтэй хүнээ болзоонд уриад үз. Яг л энэ үе хотын хамгийн романтик үе шүү дээ. Бүх газар чимэглэлээ "зүүчихсэн", явсан газар бүр шинэ жил, зул сарын дуу эгшиглээд л. Энэ л үед хэн нэгэн ид шидийг хүлээдэггүй гэж үү. Заавал сэтгэлээ илчлэх албагүй ч он дуусахаас өмнө болзох нь сэтгэл догдлуулсан нэгэн дурсамжтай үдшийг бэлэглэж чадна. Магад дараа нь бодоход хөгжилтэй, инээд хүрэм, магадгүй хамтдаа яриад инээлддэг нэгэн дурсамж болж үлдэхийг ч үгүйсгэхгүй.
5. Хийхийг хүссэн нэг зүйлээ туршиж үзэх
Энэ онд хийнэ гээд амжаагүй хойшлуулсаар байгаа, эсвэл багаасаа сурахыг хүссэн зүйлээ эхэлж болно. Заавал төгс сурах, эсвэл дуусгахдаа чухал нь бус хамгийн гол нь эхлэх нь чухал. Магадгүй та бөмбөр сурах гээд чадаагүй, эсвэл хоол хийж сурах, шинэ хэл сурах гээд юу ч байж болно. Маргааш, дараа жил гэж хойшлуулалгүй оноос өмнө зав гаргаад эхлүүлээд үзээрэй. Хамгийн багаар бодоход энэ жил шинээр сурсан зүйлсийн жагсаалтад нэмэгдэнэ.
6. Бага насныхаа дурсамжтай газар очиж үзэх
Багадаа амьдарч байсан хотхон, гудамжаар нэг айлчлаад бага насныхаа дурсамжаар аялаад ирж яагаад болохгүй гэж. Эсвэл багадаа очдог байсан зуслан, хөдөө нутаг гээд хаашаа ч хамаагүй очиж болно. Бид хааяадаа их ажлын хажуугаар өөрсдийн дурсамжаа ч санах завдалгүй явсаар мартчих нь бий.
7. Хэн нэгний хүслийг биелүүлэх
Хэн нэгний хүслийг биелүүлэх хэзээд сэтгэл догдлом мөч байдаг. Магадгүй эрхэм хүнийхээ багадаа биелүүлж чадаагүй хүсэл, эсвэл авч байгаагүй тоглоомыг нь бэлэглэж болох юм. Бэлэг тань гэнэтийн байж хүслийг нь биелүүлж чадвал тэр мөчийг үргэлж санах явах болно. Хамгийн гол нь та хэн нэгний хүслийг биелүүлэгч "шидтэн" нь болно гэсэн үг.
8. "ЩЕЛКУНЧИК" үзэх
Шинэ жилийн баярын энэ л үеэр тохирдог зүйлс гэж бий. Хэрэв та хайрт нэгэнтэйгээ гадуур болзох гэж байгаа бол Улаанбаатарт үзэж болох ховорхон "ид шид"-ийн нэг бол "Щелкунчик" балет байх болно.
9. Захидал, мэндчилгээ дэвшүүлэх
Энэ нэгэн жилийг хамт бүтээлцсэн, чамд тусалсан, хөгжилтэй, гуниг бүхий л цагийг хамт үдсэн, мөн хамтдаа сурч дэвшсэн, шинээр танилцсан гээд өөрт эрхэм бүх хүмүүстээ гараар ил захидал бичиж явуулж болно шүү дээ. Гараар бичсэн захидал хэзээд үнэ цэнтэй байхын сацуу эрхэм мэдрэмжийг төрүүлдэг.
10. Галт тэргээр аялах
Өртөг багатай, аюулгүй, бас романтик мэдрэмжийг төрүүлэх аялал бол галт тэрэгний аялал. Аялахын тулд та галт тэрэгний хуваарь болон очих газарт тань ойрхон байрлах аяллын бааз бий эсэхийг шалгаад л тасалбараа захиалахад болно. Амралтын хоёр өдрийн аялал магад энэ жилийн хамгийн сонирхолтой үйл явдал ч болж мэднэ.