Украины ерөнхийлөгч Владимир Зеленский маргааш буюу лхагва гарагт Вашингтонд айлчилж, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзахаар төлөвлөж байгаа тухай ВВС агентлаг мэдээллээ. Энэ нь энэ оны хоёрдугаар сард дайн эхэлснээс хойших түүний анхны гадаад айлчлал болж буй.
Зеленский мөн Конгресст үг хэлнэ гэж нэрээ нууцалсан албаны хүмүүс АНУ-ын хэвлэлд мэдээлжээ. Айлчлалын талаар мэдээлэл өндөр нууцлалтай байгаа гэнэ. Түүнчлэн түүний айлчлалд аюул, заналхийлэл учрах магадлал өндөр байгаа учир нислэгийн цаг, өдрийг ойрын хугацаанд өөрчилж магадгүй ажээ.
Тэрбээр дайн эхэлснээс хойш олон улсын удирдагчдыг Киев хотод хүлээн авч уулзсан бөгөөд тэдэнтэй тус хот дахь оффисоосоо гар утсаар холбоо тогтоодог байна.
Л.Сайнаа