АНУ-ын Конгрессоос 2021 оны нэг сард болсон Капитолын үймээнтэй холбогдуулан ерөнхийлөгч асан Доналд Трампыг дөрвөн үндэслэлээр буруутгажээ.
Үүнд:
- Бослогыг өдөөх, сэдэл өгөх
- Төрийн албан ёсны үйл ажиллагаанд саад учруулах
- АНУ-ын эсрэг хуйвалдаан зохиох
- Хуурамч мэдэгдэл хийж, олныг турхирах
Үймээн самууны гол буруутныг илрүүлэх мөрдөн байцаалт 18 сар орчим үргэлжилсний дараа Төлөөлөгчдийн танхимын сонгон шалгаруулах хороо даваа гарагт хийсэн эцсийн хурлаар Трампыг буруутай хэмээн үзсэн аж.
Тодруулбал, АНУ-ын ерөнхийлөгчийн 2020 оны ээлжит сонгуулийн дараа 2021 оны нэгдүгээр сарын 06-нд Трампыг дэмжигчид Конгрессын танхим руу дайран орж, шинэ ерөнхийлөгч Жо Байдены батламж гардах ёслолыг тасалдуулсан билээ. Одоогоор холбогдох прокурорууд Трампыг яллах эсэхийг хэлэлцэж байгаа бөгөөд Конгрессын хорооны санал хураалт үүнд огт нөлөөлөхгүй юм байна.
Л.Сайнаа