БАРИМТ 1
Марко Пологийн “Орчлонгийн элдэв сонин” номын 102 дугаар бүлэг: Катай муж даяар нэгэн хар өнгийн сонин чулуу бий. Түүнийг хүдэр олборлох мэт уулнаас малтан гаргаж авах ба тэр чулуу мод түлээ шиг сайхан шатдаг. Илч, дөл, гал, гэрэл нь модноос нэн үлэмж, шөнөжин ноцож үүр цайтал илчтэй хэвээр байдаг.
БАРИМТ 2
УИХ-ын дарга Г.Занданшатар: “Мөн шударга ёс алдагдсан, гэмт хэрэг, баялгийн хулгайтай тууштай тэмцэх асуудал ард иргэдийн бухимдлыг төрүүлж, төв талбай дээр жагсаал хийж, шаардлага тавьж байна. Тэд шударга ёсыг нэхэж, ард түмний баялгийг хулгайлсан гэмт үйлдлийг түргэн шуурхай шийдвэрлэхийг шаардаж байгаа нь зүй ёсны шаардлага гэж үзэж, УИХ-аас ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэг хуралдаж, нүүрсний хулгайн асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах саналыг Эдийн засгийн байнгын хороонд оруулсан. Хуулийн дагуу 14 хоногийн дотор бэлтгэл хангаж, нийтийн сонсголыг зарлана. Энэ сарын 21-ны лхагва гаргийн 11:00 цагаас нээлттэй сонсгол хийхээр шийдвэрлэлээ.
БАРИМТ 3
Оросын эзэн хаан II Николайн харьяат түшмэд санаачлан 1915 онд Монгол Улсын анхны нүүрсний Налайхын уурхайг ашиглалтад оруулсан. Жилд дунджаар 400 тонн нүүрс гаргаж, Нийслэл хүрээ /Улаанбаатар/ хот руу морь үхэр тэрэг, илжиг луусанд ачиж Богдын ногоон ордон, Америк, Орос, Хятадын пүүс компанийн конторын болон хувийн гэр байшингийн пийшинг галлахад хэрэглэж байжээ.
БАРИМТ 4
Жалханз хутагт, Ерөнхий сайд С.Дамдинбазарын тэргүүлдэг Засгийн газар Орос, Америк, Хятад иргэдийн эзэмшилд байсан Налайхын уурхайг 1922 оны 12 дугаар сарын 25-нд улсын мэдэлд авч нэг жилд 800 тонн нүүрс олборлох хүчин чадалтай, 12 ажилчинтайгаар эмхлэн байгуулжээ. Налайхын уурхай ингэж Монгол Улсын анхны төрийн өмчийн нүүрсний уурхай болжээ.
БАРИМТ 5
Монгол Улсын анхны хөдөлмөрийн баатар уурхайчин. Төрийн өмчит анхны нүүрсний Налайхын уурхай байгуулагдсаны 35 жилийн ойг тохиолдуулан Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар уурхайн бэхэлгээчин Д.Даваажавыг 1957 оны арванхоёрдугаар сарын 25-нд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цолоор шагнажээ.
БАРИМТ 6
Монгол Улсын анхны гавьяат уурхайчин. Ардын хувьсгалын түүхт 50 жилийн ойг тохиолдуулан 1971 онд Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Налайхын уурхайн хэсгийн механикч Д.Пүрвээд БНМАУ-ын гавьяат уурхайчин цол хүртээжээ.
БАРИМТ 7
Монгол Улсын анхны Төрийн шагналт уурхайчид. Налайхын чулуун нүүрсний уурхайн Н.Лувсанчоймол даргатай Ашиглалтын хэсэг мөргөцгийн цэвэрлэгээний иж бүрэн төхөөрөмж шинээр зохион бүтээж хэрэглэснээр 1970-аад оны дундуур нүүрсний гаргалтын хэмжээг хоногт 25-30 хувиар нэмэгдүүлж 1000 тоннд хүргэжээ. Энэ амжилтыг нь үнэлж Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар 1977 онд хэсгийн дарга Н.Лувсанчоймбол, машинист Ц.Дорж, уурхайн дарга У.Мавлет нарыг Төрийн шагналаар шагнажээ.
БАРИМТ 8
Манай орны зүүн бүсийн анхны нүүрсний уурхай. 1955 оны нэгдүгээр сарын 31-нд Аж үйлдвэрийн яамны сайдын 33 тоот тушаал гарч Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт Адуунчулууны нүүрсний далд уурхайг байгуулахаар болжээ. Налайхын чулуун нүүрсний уурхайн дараах хоёр дахь төрийн өмчит Адуунчулууны уурхай 1955 оны дөрөвдүгээр сарын 5-нд нүүрс гаргах амаа нээснээр албан ёсоор ашиглалтад орж жилдээ дунджаар 2.0 мянган тонн нүүрс олборлож эхэлжээ.
БАРИМТ 9
Манай орны баруун бүсийн анхны нүүрсний уурхай. Ховд аймгийн Дарви сумын нутагт улсын төсвөөр хайгуул хийж 1969 онд нөөцийг нь тогтоосон Хөшөөтийн нүүрсний уурхай нь коксжих чанараараа Монгол Улсад Тавантолгойн дараа хоёрт бичигддэг. 1971 оноос 4,4 тэрбум нүүрсний нөөцтэй уг ордыг ашиглаж эхэлсэн. Одоо цаг дор тус уурхайгаас жилд 1 сая тонн нүүрс олборлож манай өмнөд хөрш рүү 310 км хатуу хучилттай замаар машинаар тээвэрлэн экспортолж байна.
БАРИМТ 10
БНМАУ-ын Засгийн газрын шийдвэрээр Өмнөговь аймгийн Цогцэций сумын нутаг дахь Таван толгойн орд газрыг түшиглэн 1967 оны тавдугаар сарын 1-нд буюу Олон улсын эв санааны өдөр Майн баяраар Нүүрсний уурхай байгуулсан. Энэ уурхай нь одоо цаг дор “жижиг Таван толгой” гэж нэрлэгддэг орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-ийн үндэс суурь юм. Компанийн 52 сая 665200 ширхэг хувьцааны 26 сая 860 мянга буюу 51 хувийг Өмнөговь аймаг, бусад 49 хувийн 25 сая 800 мянган хувьцааг УИХ-ын гишүүн “ажнай” Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй 1900 иргэн, аж ахуйн нэгж эзэмшдэг.
БАРИМТ 11
Ерөнхий сайд Сү.Батболдын тэргүүлдэг Засгийн газрын 2010 оны аравдугаар сарын 20-ны 39 дүгээр тогтоолоор Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Цэций уулын ар талын Улаан нуурын хөндийн Таван толгодын нүүрсний орд газрыг түшиглэн төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг үүсгэн байгуулсан. Таван толгойн нүүрсний ордыг Ерөнхий сайд А.Амарын тэргүүлдэг Засгийн газрын үед 1936 онд төрийн мэдэлд авснаас хойш Зөвлөлт Орос, Болгар, Япон зэрэг улсын болон манай орны геологчид хайгуул шинжилгээний ажлыг нарийвчлан хийж нөөцийг нь тогтоожээ.
БАРИМТ 12
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг түшиглэж Сайжруулсан шахмал түлшний “Таван толгой түлш” ХХКомпани 2018 оны тавдугаар сарын 10-нд байгуулагдсан. Энэ үйлдвэр байгуулагдсанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Засгийн газар нийслэлийн төвийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн айл өрхүүдийг нүүрс түлэхийг хориглож, улмаар 2018 оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотод ахуйн хэрэглээний нүүрс оруулахгүй байхаар шийдвэрлэсэн.
БАРИМТ 13
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн айл өрхүүд 2019 оны намраас эхлэн зөвхөн “Таван толгой түлш” ХХКомпанийн нүүрсэн бүтээгдэхүүн сайжруулсан шахмал түлшийг худалдаж авч түлшиндээ хэрэглэх болсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг одоогийн Засгийн газар сайжруулсан түлш хэрэглэдэг нийслэлийн төвийн зургаан бүс дээр энэ 2022 оны намраас Налайх дүүргийг нэмж хамруулсан. Одоогийн байдлаар нийслэлийн есөн дүүргээс Багахангай, Багануураас бусад дүүргийн иргэд, аж ахуйн нэгж задгай бус сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж байна.
БАРИМТ 14
Ерөнхий сайд Сү.Батболдын тэргүүлдэг Засгийн газар 2011 оны гуравдугаар сарын 31-нд 98 дугаар тогтоол гаргаж “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 10 хувийг тогтоол гарсан өдрөөс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх болсон.
БАРИМТ 15
Хожмоо Ерөнхий сайд Сү.Батболдын Засгийн газар хожмоо 98 дугаар тогтоолоо өөрчлөн найруулж шинээр 216 тогтоол гаргаж 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөр тасалбар болгон иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан Монгол Улсын иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 хувь, нэг бүр нь 933 төгрөг, нийт 1000000 төгрөгийн үнэтэй 1072 ширхэг хувьцааг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. 2022 оны байдлаар компанийн хувьцааг их бага хэмжээгээр Монгол Улсын иргэн 2,5 сая гаруй хүн эзэмшиж байна.
БАРИМТ 16
Д.Дэмбэрэл даргатай УИХ-аас 2016 оны зургадугаар сард тогтоол гаргаж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн, иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлсэн, нийт хувьцааны 20 хувь болох нэг иргэнд ногдох 1072 хувьцааг нэг ширхэгийн нэрлэсэн үнэ 933 төгрөгөөр тооцож нэг сая төгрөгөөр иргэдийн сайн дурын үндсэн дээр худалдаж авах ажлыг зохион байгуулахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тэргүүлдэг Засгийн газарт үүрэг болгосон. Үр дүнд нь тэтгэврийн насны ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сургалтын төлбөртөө зарцуулах хүсэлтэй оюутан залуус нэг саяын үнэтэй нийт 1072 хувьцаагаа өөрсдийн саналаар бүгдийг нь болон тодорхой хувийг Засгийн газарт бэлэн мөнгөөр худалдсан.
БАРИМТ 17
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2020 оны хоёрдугаар сард шийдвэр гаргаж 2019 оны үйл ажиллагааны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг олгохоор тооцон 1072 хувьцаагаа бүтнээр болон тодорхой тоогоор эзэмшиж байгаа иргэдэд олгосон. Тухайлбал, 1072 хувьцаатай иргэд тус бүр 96480 төгрөгийн ногдол ашгийг 2020 оны хавар авсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК иргэддээ дахиж ногдол ашиг өгөөгүй.
БАРИМТ 18
”Эрдэнэс Тавантолгой” ХК нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед 2019 оны аравдугаар сарын 29-нд “Тавантолгой Төмөр зам” ХХК, “Бодь интернэшнл” ХХК-тай “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл, худалдан авалт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх” чиглэлээр нууцын зэрэглэлтэй гурвалсан оффтейк гэрээг байгуулжээ. Гэрээ нь таван жилийн хугацаатай, 2024 оны аравдугаар сарын 29-нд дуусна.
БАРИМТ 19
”Эрдэнэс Тавантолгой” ХК нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед 2019 оны арваннэгдүгээр сарын 13-нд “Бодь интернэшнл” ХХК-тай Нүүрс нийлүүлэх чиглэлээр нууцын зэрэглэлтэй оффтейк гэрээг байгуулжээ. .”Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нүүрсээ нийлүүлж эхэлсэн бөгөөд 3, 4 дүгээр давхаргын коксжих нүүрсний анхны үнийг уурхайн олборлолтын амны нөхцөлөөр нэг тонн нь 60 ам.доллар байхаар гэрээнд тусгасан байна.
БАРИМТ 20
”Эрдэнэс Тавантолгой” ХК нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед 2020 оны зургадугаар сарын 10-нд “Тавантолгой Төмөр зам” ХХК, “Бодь интернэшнл” ХХК-тай “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах” чиглэлээр нууцын зэрэглэлтэй гурвалсан оффтейк гэрээг байгуулжээ.
БАРИМТ 21
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй нөлөө бүхий улстөрчид өнгөрсөн аравдугаар сарын 1-нд УИХ-ын чуулганаар 2023 оны улсын төсөв хэлэлцэж эхлэх үеэс Нүүрсний хулгай олон он дамнан үргэлжилж байгаа тухай мессежийг олон нийтэд өгч эхэлсэн. Зарим иргэн Үндсэн хуулиар хамгаалуулсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлж Нүүрсний хулгай, нүүрсний хулгайчтай тэмцэх тухай үг хэлж Төр, Засагтаа хандахаар Сүхбаатарын талбайд арванхоёрдугаар сарын 4-нөөс эхлэн цуглаж жагсаж байна.
БАРИМТ 22
Авилгатай тэмцэх газраас арванхоёрдугаар сарын 13-нд Нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон гэх үндэслэлээр шалгагдаж байгаа нөлөө бүхий 50 эрхмээс 17-гийнх нь нэрийг зарлав. Үүнд: МУ-ын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Ш.Раднаасэд, Ц.Сэргэлэн нар, ЗТХ-ийн экс сайд Д.Ганбат, Ерөнхийлөгчийн Тамгын газрын экс дарга З.Энхболд, Ө.Шижир нар, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, экс дарга Б.Бадраа, тус аймгийн ИТХ-ын экс төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир, “Эрхэт Монгол” группийг үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гал тогоог барьж байсан экс захирал А.Ариунболд, Б.Ганхуяг нар багтсан.
БАРИМТ 23
Өнгөрсөн хугацаанд Нүүрсний хулгайтай холбогдуулан Засгийн газраас төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож аравдугаар сарын 26-нд Бүрэн эрхэт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг, орон нутгийн өмчит жижиг “Тавантолгой” ХК-д мөн онцгой дэглэм тогтоож арванхоёрдугаар сарын 9-нд Бүрэн эрхэт төлөөлөгчөөр ХЗДХ-ийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг тус тус томиллоо.
БАРИМТ 24
Нүүрсний компаниудад онцгой дэглэм тогтоож Засгийн газрын онцгой бүрэн эрхэт төлөөлөгч томилоход манай Гүйцэтгэх засаглалаас хэрэглэж байгаа хууль эрх зүйн акт нь БНМАУ-ын Бага хурлаас 1991 оны нэгдүгээр сарын 4-нд гаргасан тогтоол.
Сэтгэгдэл (3)