БАРИМТ 1
Месси 1987 оны зургадугаар сарын 24-нд Аргентин улсын Санта Фе мужийн Росарио хотноо мэндэлсэн.
БАРИМТ 2
Түүний өндөр 170 см бөгөөд хөлбөмбөгчид дундаа намханд тооцогддог.
БАРИМТ 3
Тэрбээр 2003 оноос эхлэн Испанийн алдарт Барсалона багтай хувь заяагаа холбосон. Улмаар 2021 оноос Францын "ПСЖ" багт, Мбаппе, Неймар нарын шилдгүүдийн хамт тоглож байгаад энэ зун АНУ-ын Интер Маиами руу шилжсэн.
БАРИМТ 4
2021 онд Барсалона багаа орхихдоо тэрбээр нулимс унагаж байлаа. Учир нь түүний бүх амжилт тус багтай салшгүй холбоотой юм.
БАРИМТ 5
Тэрбээр замналынхаа хугацаанд клубийн хэмжээнд нийт 863 тоглолтод оролцож, 706 гоол оруулсан. Үүнээс Барсалона багийн төлөө 778 тоглолтод 672 гоолыг оруулсан юм.
БАРИМТ 6
Харин тэр олон улсын хэмжээнд багаа тэргүүлэн, 195 тоглолтод оролцон 114 гоолыг оруулаад байна. Мөн тэр Аргентины шигшээ багтаа 2004 оноос өнөөг хүртэл хүчин зүтгэж, ДАШТ-ий алт, мөнгөн медалийг зүүгээд байна.
БАРИМТ 7
Энэ удаагийн ДАШТ түүний хувьд сүүлийнх байв. Гэвч тэр зодог тайлах болоогүй гэдгээ саяхан болсон хэвлэлийн бага хурлын үеэр олон нийтэд ярьжээ. Тэр дэлхийн аваргынхаа хувиар ахиад нэг оролдоод үзэх хүсэлтэй байгаа аж.
БАРИМТ 8
Тэрбээр багадаа төрөлхийн өсөлтийн дутагдал оноштой байсан бөгөөд олон ч багаас татгалзсан хариу авч байв. Тийм ч учраас тэр НҮБ-ийн Хүүхдийн сангийн сайн сайхны элчээр 2010 оны гуравдугаар сараас ажиллаж, хүүхдийн төлөө олон хандив, тусламжаа өргөсөөр иржээ.
БАРИМТ 9
Месси 2008 оноос эхлэн өөрийн найз хөлбөмбөгчин Лукас Скаглиагийн үеэл, нутаг нэгтэн Антонела Рокуццотой үерхсэн. Улмаар тэд 2017 онд төрөлх хотдоо хуримласан бөгөөд гурван хүүгийн эцэг эх болжээ.
БАРИМТ 10
Месси, Рокуццо нар Тиаго (2012 онд төрсөн), Матео (2015 онд төрсөн), Чиро (2018 онд төрсөн) гэсэн гурван хүүтэй.
БАРИМТ 11
Тэрбээр гоол оруулсныхаа дараа нас барсан эмээдээ хүндэтгэл үзүүлж тэнгэр лүү заадаг. Үүний өмнө өөрийгөө адисалдаг байна.
БАРИМТ 12
Түүний гэр бүл Католик Христийн шашинтай.
БАРИМТ 13
Түүнийг Португалын шигшээ багийн тоглогч Кристиано Роналдутай харьцуулах нь олон. Гэвч тэд энэ хугацаанд нэгнээ үзэн ядаж, дайсагнаж үзээгүй бөгөөд дэлхийн шилдгүүд гэдгээ харилцан хүлээн зөвшөөрцгөөсөн билээ. Мөн тэд оргилд гарахын тулд нэгнээ хурцалж, дэмнэсээр өдийг хүрсэн гэж хэлж болно.
БАРИМТ 14
Аргентинчууд түүнийг замналынх нь эхэнд өмнөх од Марадонатай адилтгадаг байжээ. Гэвч шат ахих тусам түүний тоглолтын ур чадвар, техникүүд сайжирч өөрийгөө тэс ондоо, дахин давтагдашгүй шилдэг нь гэдгээ батлан харуулсан юм.
БАРИМТ 15
2017 оны гуравдугаар сарын 28-нд Месси Чилийн эсрэг хийсэн тоглолтын үеэр туслах шүүгчийг доромжилсон хэргээр олон улсын дөрвөн тоглолтод оролцох эрхээ хасуулж, 10,000 франкаар торгуулжээ.
БАРИМТ 16
Тэрбээр 2009-2014 онд таван жил дараалан дэлхийн хамгийн баян хөлбөмбөгчнөөр тодорсон. Харин одоогийн байдлаар тэр Роналдугийн ард хоёрдугаар байрт жагсаж буй. Түүний орлого хэдэн тэрбум доллароор тоологдож байна.
БАРИМТ 17
Месси 13 настайдаа Испани руу нүүсэн бөгөөд тус улсын нэрийн өмнөөс тоглох саналаас татгалзсан. Учир нь тэр өөрийн төрөлх улсынхаа нэрийн өмнөөс тоглож, ард түмнээ баярлуулахын төлөө төрсөн гэдгээ мэдэгдсэн юм.
БАРИМТ 18
Месси тоглолтын үеэр төвийн байрлалаа орхиж, хагас хамгаалагчидтай холбоо тогтоож, довтолгооны зохион байгуулж, гоол оруулах боломжийг бүрдүүлдгээрээ гарамгай. Түүний хууралт хийх, бөмбөг эзэмшиж ур чадвар дэлхийн хамгийн сайнд тооцогдоно.
БАРИМТ 19
Месси 13 настайдаа Испанид очсоноосоо хойш төрөлх хот Росарио хоттойгоо ойр дотно харилцаатай байсан бөгөөд өөрийн өвөрмөц Розарино аялгаа хадгалсаар ирсэн. Тэр гэр бүлээрээ хувийн байшинд аж төрөн суудаг. Тэрбээр ээжтэйгээ илүү дотно харилцаатай, түүний хөргийг зүүн мөрөн дээр шивүүлсэн байдаг.
БАРИМТ 20
Тэр өдөр тутмын сургуулилт гэхээс илүү гэр бүл, эхнэр хүүхэдтэйгээ цагийг өнгөрөөж, тоглож, наадах дуртай. Хэдийгээр ийм ч тэр хэмнэлээ алдалгүй сайн бэлтгэлтэй байж чаддаг. Дэлхийн олон шинжээчид түүнийг төрмөл авьяастай тамирчин хэмээн тодорхойлсон байна.
БАРИМТ 21
Месси 2013 онд татвараас зайлсхийсэн хэргээр шалгагдаж эхэлсэн. Татварын диваажин болох Уругвай, Белиз дэх оффшор компаниудыг 2007-2009 оны хооронд ивээн тэтгэгчийн нэрээр 4,1 сая еврогийн татвараас зайлсхийхийн тулд ашигласан аж. Дараа нь Панамын баримт бичигт 2012 онд байгуулагдсан Панамд ямар ч холбоогүй компанийг Мессигийнх болохыг тогтоожээ.
БАРИМТ 22
Месси 2013 оны наймдугаар сард 5.1 сая еврогийн өрийг сайн дураараа төлж барагдуулсан. 2016 оны долдугаар сарын 06-нд Месси болон түүний аав хоёулаа татварын хэрэгт буруутгагдаж, 21 сарын хорих ял авсныг түдгэлзүүлжээ. Шүүгчид хандан тэрбээр "Би зүгээр л хөлбөмбөг тоглосон. Аавдаа болон өмгөөлөгчдөө итгэж, тэд эдгээр зүйлийг хариуцна гэдгийг мэдэж байсан учраас гэрээнд гарын үсэг зурсан" гэжээ.
БАРИМТ 23
Аргентины баг Америкийн цомын тэмцээнд амжилтгүй оролцсоны дараа дасгалжуулагч Батистаг Алехандро Сабееллагаар сольсон. 2011 оны наймдугаар сард томилогдсоныхоо дараа Сабелла 24 настай Мессиг багийн ахлагч болгосон нь өнөөдрийн Аргентины шигшээ багийн уналт, сэргэлтийн тэргүүн эгнээнд зогсоход хүргэжээ.
БАРИМТ 24
Тэрбээр маш олон шагнал хүртсэн учир дурдах юун. Сонирхуулахад, түүний ДАШТ-ий рекордууд шинэчлэгдсээр буй. Тэрбээр хамгийн олон удаа буюу 26 удаа ДАШТ-ий тоглолтод оролцсон нэгэн. Мөн ДАШТ-ий шигшээ 32, 16, шөвгийн найм, хагас шигшээ, шигшээ тоглолтод гоол оруулсан цорын ганц хөлбөмбөгчин юм. Түүнчлэн хоёр удаагийн шилдэг тоглогч, нэг удаагийн олимпын аварга. Мөн түүнд "Ballon d'Or" шагнал долоо байсан нь ийнхүү найм боллоо. Энэ мэтчилэн ярих юм бол маш олон шагнал түүнийх билээ.
Сэтгэгдэл (2)