Олон улсын олимпийн хороо (ОУОХ)-ны ерөнхийлөгч Томас Бах ковид туссан тул “Катар 2022” ДАШТ-ий финалын Аргентин-Францын тоглолтыг цэнгэлдэхэд үзэж чадахгүй боллоо. ОУОХ-ны Ерөнхийлөгчөөр 2013 оны намар сонгогдож, ес дэх жилдээ ажиллаж байгаа Германы алдартай тамирчин, 1976 оны Олимпын аварга /туялзуур сэлэм/ Томас Бах нь хөлбөмбөгийн ДАШТ-ий финалыг 1986 оноос цэнгэлдэхэд ирж үзжээ.
Хөлбөмбөг сонирхогчийн хувьд өөрийн зардлаар 1986 онд Мексик, 1990 онд Итал, 1994 онд АНУ, 1998 онд Францад ДАШТ-ий финалыг үзжээ.
Харин ОУОХ-ын Ерөнхийлөгчөөр сонгогчдсоныхоо дараагаас ФИФА-гаас уригдаж хүндэт зочноор 2002 онд Өмнөд Солонгос, 2006 онд Герман, 2010 онд Өмнөд Африкт, 2014 онд Бразил, 2018 онд ОХУ-д зохиогдсон ДАШТ-ий финалын тоглолтыг үзсэн байна.
Ерөнхийлөгч Томас Бах хэвлэл мэдээллийнхэнд өгсөн ярилцлагадаа “Би Германаас Катар руу шигшээ тоглолт үзэхээр явах гэж байсан. Шинжилгээгээр Ковидын халдвар авсан нь тогтоогдлоо. Эмч нарын зөвлөмжийн дагуу эндээ эмчлүүлэхээр боллоо. ДАШТ-ий шигшээ тоглолтыг цэнгэлдэхийн суудлаас үзсэн цуврал маань 10 дахь удаагийнхад тасарч өнжих болсон нь надад харамсалтай байна” гэжээ.
“Катар 2022”-ын финалын Аргентин-Франц тоглолт Лусиал хотын 88966 суудалтай “Лусиал” цэнгэлдэхэд Арванхоёрдугаар сарын 18-ны 23.00 цагаас эхэлнэ.