Өмнөд Солонгост ирэх оноос хүн амын өсөлтөө дэмжихийн тулд шинэ төрсөн ээжид олгох тэтгэмжээ нэмэгдүүлнэ. Одоогоор ой хүрээгүй хүүхэдтэй ээжид 300,000 вон олгодог. Энэ нь 800 орчим мянган төгрөг. Харин энэ тэтгэмжийг 1 сарын 1-нээс 700,000 вон, 2024 оноос 1,000,000 вон болгоно. Гэхдээ энэ шийдэл нь үр дүнгээ өгөх эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь Өмнөд Солонгосын Засгийн газар 200,000 гаруй тэрбум доллартой тэнцэх мөнгийг хүн амын өсөлтөө дэмжихийн тулд энэ мэтийн халамж хэлбэрээр тараажээ. Гэвч үр дүнгээ өгөөгүй.
Аливаа улсад хүн амын өсөлтийг эмэгтэй хүний насан туршдаа төрж буй дундаж тоогоор хэмждэг. Эмэгтэйчүүд дунджаар 2.1 удаа төрж байвал хүн ам өсч байна гэж үздэг. Хөгжиж буй болон буурай орнуудад энэ тоо өндөр.
Харин хөгжингүй, хотжсон, аж үйлдвэржсэн орнуудад хүүхэд өсгөх зардал өндөр, нийгмийн амьдралын хэмнэл өндөр тул залуучууд гэр бүл болоx, хүүхэдтэй болох сонирхол бага. Тиймээс эдгээр орнуудад энэ тоо стандарт хэмжээнээс бага. АНУ-д 1.6, Японд 1.3 байдаг. Харин Солонгост стандарт хэмжээнээс бараг 3 дахин бага буюу 0.79. Дэлхийд хамгийн бага. Өмнөд Солонгос ч гэлтгүй Япон ч, Хятад ч, Европ ч энэ асуудлаа шийдэхгүй удах тусам ажиллах хүчний хямралд орж, эдийн засгийн өсөлт удааширна.