Монголбанкнаас иргэд олон нийтийн санхүү, эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх ажлын хүрээнд “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг Монгол Улсад тэмдэглэхэд жил бүр оролцож байна. Энэ жил тус аяныг “Ирээдүйнхээ төлөө хуримтлуулцгаая” уриатайгаар Завхан аймгийн Улиастай хотод нээлээ.
Аяны нээлтэд Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, Хадгаламжийн даатгалын корпорацын Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн, Монголын банкны холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээ мөн банкуудын гүйцэтгэх захирлууд оролцож, хүрэлцэн ирсэн иргэд, хүүхэд залууст хандан Дэлхийн хуримтлалын өдрийн тухай болон мөнгөн хуримтлалын ач холбогдол, харилцагчийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд банкны үүрэг зэрэг сэдвээр мэдээлэл өгөв. Мөн үеэр аяныг угтаж зохион байгуулсан гар зураг, зохион бичлэгийн уралдаанд тэргүүлэгсдэд шагнал гардууллаа.
Жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдөр тохиодог “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг улс орнyуд хадгаламж, мөнгөн хуримтлалыг нэмэгдүүлэх зорилгоор өргөн хүрээнд тэмдэглэдэг уламжлалтай. Монгол Улсын хувьд 2017 онд хуримтлалын бэлгэ тэмдэгтэй болсноор албан ёсоор нэгдэж, 2018 оноос орон нутгийг хамран зохион байгуулдаг болоод байна. Аяны үйл ажиллагаа нь хүүхэд залуучуудад түлхүү чиглэж, тэднийг санхүүгийн сахилга бат, мөнгөн хуримтлал хийх дадал хэвшилд суралцуулахад зорьдог. Мөн санхүүгийн хэрэглэгчийн эрх зөрчигдөхөөс сэргийлж банк, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг тайлбарлан таниулах сургалт, зөвлөгөө, мэдээллээр хангаж ажилладаг бөгөөд тус үйл ажиллагаанд банк, санхүүгийн байгууллагууд өргөн хүрээнд хамтран ажилладаг.
“Дэлхийн хуримтлалын өдөр-2022” аяныг манай улс 10 дугаар сарын турш орон даяар тэмдэглэнэ.