Нүүрсний хулгайчдын нэрсийг зарлуулах, хариуцлага тооцуулах зорилготой жагссан иргэдийн тэмцэл өнөөдөр тав дахь өдөртэйгөө нүүр тулаад байна. Тэгвэл гадны томоохон хэвлэлүүд энэ асуудлаар ямар нийтлэл бичиж буй тухай тоймлон хүргэж байна.
Нэг. TheDimlomat.mn - Ази, номхон далайн бүсийн орнуудын мэдээллийн сайтад ийнхүү нийтэлжээ.
Монголд "Нүүрсний мафи"-ыг, авлига хэмээн шүүмжилсэн олон нийтийн жагсаал цуглаан
Монголчууд энэ жил хоёр дахь удаагаа Засгийн газрынхаа эсрэг томоохон хэмжээний жагсаал хийж байна. Дөрөвдүгээр сард болсон эсэргүүцлийн жагсаал нь Монголчуудын засгийн газартаа урам хугарсныг харуулсан. Тус улсын томоохон уул уурхайн компаниудын нэг болох төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн Хятадад нүүрс нийлүүлэхтэй холбоотой томоохон авлигын хэрэг илт илчлэгдсэнээс болж энэхүү эсэргүүцлийн жагсаал өрнөж байгаа юм.
Дэлхий дахинд эрчим хүчний шилжилт өрнөж буй энэ цагт Монгол улсын гүйцэтгэх үүрэг, нөлөө их байгаа. Гэвч авлигатай холбоотой асуудал эсвэл төсвийн хувь заяагаа нүүрсний хулгайгаас болж унагах гэсэн Засгийн газрынх нь толгой эргэм стратегийн бодлогод гайхширал төрж байна. Үүнээс илүүтэй иргэд Монгол дахь улс төрийн "мафи", тэдгээрийн явуулга, далд санаархалд анхаарлаа хандуулах нь зүйтэй юм. Энэхүү жагсаал амжилтад хүрэх эсэх нь цаг хугацааны асуудал бөгөөд жиргээчдийн хэлснээр Монгол Ардын Намын Их хурлын өмнөхөн холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгсөн Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн оролцоо үүнд байж болзошгүй. Түүнчлэн энэ нь Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн тэргүүлж буй засгийн газарт улам их дарамт учруулж магадгүй байна.
Хоёр. TVPWorld.com сайтад ийнхүү нийтэлсэн байна.
Монголын жагсагчид Төрийн ордон руу дайран оржээ
Монгол улсын нийслэлд Засгийн газрын авлигыг эсэргүүцсэн олон нийт 12 дугаар сарын 05-ны өдөр буюу даваа гарагт Улаанбаатар дахь төрийн ордон руу дайран орсон тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Тодруулбал, нийслэл хотын Сүхбаатарын талбайд байх төрийн ордны гадаа жагсагчид цугларч, дараа нь тэд барилгыг хамгаалах цагдаагийн эгнээг сэтэлж, засгийн газрын ордон руу дайран оржээ.
Хэвлэлийнхний мэдээлснээр жагсагчид барилгад нэвтэрч, тэр дундаа ерөнхийлөгч, ерөнхий сайдын ажлын өрөөнд оржээ. Эсэргүүцэж буй иргэд саяхан авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын нэрсийг зарлахыг засгийн газраас шаардаж байгаа юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол улсаас Хятадад нийлүүлэх ёстой байсан 12 тэрбум гаруй ам долларын нүүрсийг завшсан хэрэгт авлигачид буруутай гэж жагсагчид үзэж байна.
Гурав. Nova.News сайтын нийтлэл
Монгол: 13 тэрбум долларын төсвийн хөрөнгө алга болж, эсэргүүцэгчид засгийн газрын ордон руу дайрав
Төсвийн мөнгө хулгайд алдагдсан гэдгийг Эдийн засгийн хөгжлийн сайд Чимэдийн Хүрэлбаатар хэвлэлийн бага хурал дээр нотлов.
Хятадад нүүрс экспортолж байсан 12,8 тэрбум ам долларын төсвийн хөрөнгө алга болсныг эсэргүүцэн Улаанбаатар хотын олон зуун жагсагчид Засгийн газрын ордон руу дайран оржээ. Жагсагчид Сүхбаатарын талбайд босгосон гацуур модыг шатааж, нийслэлийн хамгийн хөл хөдөлгөөнтэй зам болох Энхтайваны өргөн чөлөөг хааж буй үйлдлийг харуулсан олон тооны видео бичлэгүүд олон нийтийн сүлжээгээр цацагдаж байна.
Эдийн засгийн хөгжлийн сайд Чимэдийн Хүрэлбаатар хэвлэлийн бага хурал зарлалаа. Ч.Хүрэлбаатар “Хэрэгт эрх мэдэлтэй албан тушаалтнууд, хувь хүмүүс холбогдож байна” хэмээн тайлбарлаж, тэр дундаа “Эрдэнэс Монгол” төрийн өмчит хөрөнгө оруулалтын компани болон компанийн удирдлагуудыг буруутгасан юм. Компанийн өмнөх гүйцэтгэх захирал Баттулгын Ганхуяг өнгөрсөн аравдугаар сард ямар ч үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан. Гэвч жагсагчид Засгийн газрын доторх буруутай этгээдүүдийг илрүүлж, шийтгэхийг шаардсан хэвээр байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)