ЭШЛЭЛ 1
2000 оны арванхоёрдугаар сарын 6 бол ардчиллын төлөө гэж ерээд онд гарч ирсэн таван нам нэгдэж нийлсэн өдөр юм. МҮАН /Монголын үндэсний ардчилсан нам/ тэр үеийн хамгийн том нам нь байлаа. Дарга нь Р.Амаржаргал байв. МСДН /Монголын социал демократ нам/ бас том нам байсан. Р.Гончигдорж намын дарга байсан. Бас нэг нь МСМН /Монголын сэргэн мандлын нам/ байсан. Дарга нь Д.Бямбасүрэн гуай байлаа. Мөн Д.Баярсүрэн даргатай МШАН /Монголын шашинтны ардчилсан нам/ нийлсэн. Тав дахь нь С.Эрдэнийн толгойлсон МоАН /Монголын ардчилсан нам/ байсан.
ЭШЛЭЛ 2
МҮАН, МСДН эвсэл болж орсон 1996 оны сонгуулиар 50 суудал авч байсан бол эвсэхгүйгээр орсон 2000 онд ардчиллын төлөөх намууд ердөө ганц суудал авсан. Саналууд хуваагдаад үр дүн нь тэр. Тэгээд л нэгдэж, нийлэх нь зөв юм байна гээд ажлын хэсгүүд гарч байв.
ЭШЛЭЛ 3
Намуудыг нэгдэхэд Н.Батбаяр хамгийн идэвхтэй оролцсон. “Ардчиллын төлөөх намууд нэгдэж нийлэхгүй бол Монголын ардчилал өнгөрлөө. Ганцхан суудалтай боллоо” гээд их явсан даа. Нэгдэж нийлэхэд үүрэг гүйцэтгэсэн хүн бол Н.Батбаяр мөн шүү.
ЭШЛЭЛ 4
Энэ нэгдэлд МҮАН-ын ч, МСДН-ын ч лидерүүд тал талаасаа хичээсэн. М.Энхсайхан дүрмийн ажлын хэсгийн даргаар ажилласан. Яг гардаад ажилласан хүн гэвэл МСДН талаас Р.Гончигдорж дарга, Баабар нар байлаа. Би Ерөнхий нарийн бичгийн дарга байсан. Тэгээд л намаа АН гэж нэрлэсэн. МҮАН-аас Д.Дорлигжав намын дарга, МСДН-аас З.Энхболд Ерөнхий нарийн бичгийн дарга, тэгээд энэ хоёр намаасаа нэг нэг дэд дарга сонгосон. Ж.Наранцацралт, С.Мэндсайхан хоёр дэд дарга болсон. Ингээд л хэрүүл уруул багатайгаар юмаа яриад л шийдсэн.
ЭШЛЭЛ 5
Дүрэм хийх болоход нэг асуудал яригдсан. Манайхан одоо сунгаа ч гэдэг, марафон ч гэж хэлдэг тэр асуудал. М.Энхсайханы ахалсан дүрмийн ажлын хэсэг дээр энэ яригдаж байгаа юм. МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь Э.Бат-Үүл, МСДН-ынх нь би байсан. Тэд дүрэмд түүнийгээ хийнэ гэсэн. Би бол буруу болно гэсэн. Арай гэж таван нам нийлж байхад, ядаж байхад удахгүй он гаруут 2001 оны Ерөнхийлөгчийн сонгууль болох гээд байдаг. Нэгдэж нягтрах гээд ядаж байхад дахиад намаараа хуваагдаад хоорондоо үзчихнэ. Шархтай үлдэнэ. Би тэгж хэлээд байсан юм.
ЭШЛЭЛ 6
Тэгэхэд Э.Бат-Үүл нэг үг хэлээд ам таглаад байсан. “Алтанхуяг аа, чи бол сунгаа хийж үзээгүй намын Ерөнхий нарийн бичгийн дарга, би бол хийж үзсэн намын Ерөнхий нарийн бичгийн дарга шүү” гэсэн. Үнэхээр ч тэд нар 1996 оны сонгуулийн өмнө намын дарга дээрээ сунгаа хийсэн байсан. Сунгаа эхлэхэд Да.Ганболд намын дарга байсан. Сунгаа дуусахад Ц.Элбэгдорж намын дарга болсон байсан. Зарим нь намаа хагаллаа гэдэг. Харин манай Э.Бат-Үүл шиг хүмүүс “...Энэ ёстой ардчиллын зарчим” гэдэг. Үүнийг нэгдэж байгаа АН-ын дүрэмд оруулсан.
ЭШЛЭЛ 7
2000 оны аравдугаар сард бүх асуудлаараа тохирчихоод, хэзээ нэгдэх талаараа ярьж байсан. Тэгэхэд МоАХ-ны партизануудын нэг Цагаандарийн Энхтүвшин “..1206 онд Их Монгол Улс байгуулагдсан. Энэ оныг бэлгэдэж арванхоёрдугаар сарын 06-нд хурлаа хийе. Бид Монголынхоо төлөө зүтгэх гэж байна” гэдэг санал гаргасан. Тэгээд тэр өдрийг товлож намынхаа хурлыг зарласан.
ЭШЛЭЛ 8
Манай намуудын суурь анх 1990-ээд оны үед хөдөлгөөнүүд байсан. МоАХ-оос МоАН, АСХ-өөс МСДН, Шинэ дэвшилт холбооноос МҮДН төрж гарсан. Ардчиллын тулгын гурван чулуу нам нь энэ гурав юм л даа. МоАН, МҮДН хоёр нийлж МҮАН болсон. Тэгээд МҮАН, МСДН гэсэн хоёр том нам үлдсэн.
ЭШЛЭЛ 9
1992 оноос хойш Монголд МҮАН, МСДН гэсэн хоёр нам ардчиллыг төлөөлж явсан. Харин таван намын нэгдэлд орсон МоАН-ын тухайд сүүлд, 2000 оны нэгдүгээр сард тэр нэрийг аваад МҮАН-аас тасарч гарсан. Анхных нь биш. Өөрөөр хэлбэл, МоАН анх 1990 онд байгуулагдсан. 1992 онд МоАН МҮДН хоёр нэгдэж нэг намаасаа “Ардчилсан”, нөгөө намаасаа “Үндэсний” гэдэг үгийг аваад МҮАН болсон. Таван нам нэгдэх үед С.Эрдэнэ даргатай байсан МоАН бол анхны МоАХ ч, МоАН ч биш гэсэн үг.
ЭШЛЭЛ 10
Ардчиллын төлөөх намууд нэгдэх үед МҮАН-аас тасраад удаагүй байсан С.Эрдэнэ даргатай МоАН-ыг бусад нь эсэргүүцэж байсан. Ялангуяа МҮАН-ынхан. Бие биеэ мэддэг болчихсон, мэдэрчихсэн юм байна лээ л дээ. 2000 оны сонгуулийн өмнөхөн салж яваад, үр дүнд нь санал хувааж ганцхан суудал авсан. Үүнд их дургүйцэцгээж байсан. С.Эрдэнийн намынхан нэгдэлд орж ирвэл баллана гээд болгоомжилцгоож байсан.
ЭШЛЭЛ 11
Намайг Ерөнхий сайдаас огцруулахад фракцын нөлөөлөл байгаагүй. Тэр үед хуулиас, Ерөнхий сайдаас, намын даргаас илүү эрх мэдэлтэй Ерөнхийлөгч л байсан. Түүнээс л зөрчил үүссэн.
ЭШЛЭЛ 12
Ерөнхийлөгчийг хүчтэй болгодог зүйл хууль хяналтын байгууллага, тэр дундаа шүүгч нарыг томилдог. Прокурорыг УИХ-д оруулдаг. Энэ нь бараг томилдог гэсэн үг. АТГ-ын удирдлагыг бас УИХ-д оруулна. Томилно л гэсэн үг. Тэгэхээр хэрэг үүсгэдэг байгууллага буюу АТГ, хэргийг хянадаг газар буюу прокурор, хамгийн сүүлд шүүж шийддэг шүүх ч Ерөнхийлөгчийн мэдэлд байсан. Тийм учраас тэр хүн илүү эрх мэдэлтэй болсон. Эрх мэдэл гэдэг чинь харьцангуй ойлголт л доо. Мөнгөний эрх мэдэл буюу улс орны төсөв хөрөнгийн асуудал дээр харьцангуй эрх мэдэл багатай юм шиг харагддаг байсан. Тэр асуудлыг парламентаар шийддэг. Гэтэл хэнийг ч “нээнтэглэдэг” бүх эрх мэдэл тэр хүнд оччихсон байсан. Тэгэхээр энд мянган гоё ажил хийгээд нэмэр байхгүй. Ямар ч хүчтэй фракц болоод бас хэрэг байхгүй. Яагаад гэвэл танай фракцыг баллачихна.
ЭШЛЭЛ 13
Ер нь шуудхан хэлэхэд, тэр үеийн МАНАН-гийн хийсэн гол юм нь Алтанхуягийн хамгийн ойрхон байгаа нэг хүнийг нь “шонд өлгөх” байсан. Тэгээд Л.Гансүхийг аваачиж шоронд хийсэн. Түүнээс биш Л.Гансүх тийм хэрэг хийгээгүй.
ЭШЛЭЛ 14
Ер нь бол Л.Гансүхийг ингэнэ гэдэг чинь зөвхөн намайг биш “...Ерөнхий сайд чинь ахлах зөвлөхөө хамгаалж чадахгүй байхад та нар яаж ч чадахгүй шүү” гэж бүгдэд нь сануулга өгсөн, үзүүлэн болгосон хэрэг. Яг ингэж орчуулж уншиж болно.
ЭШЛЭЛ 15
АН болохгүй болчихоод байгаа юм шиг байдал хэзээнээс эхэлснийг хэлж өгөх үү. Энэ бол 2020 оны арванхоёрдугаар сар. Би их тодорхой юм хэлж байна шүү. Хувь заяаны егөөдөл гэдэг юм уу даа, 2000 оны арванхоёрдугаар сард бид нэгдсэн. 20 жилийн дараа буюу 2020 оны арванхоёрдугаар сард АН-ыг хоёр тамгатай болгосон.
ЭШЛЭЛ 16
АН-ыг хоёр тамгатай болгосон нь эрх баригч хүчин. Улсын бүртгэлийн байгууллага төр барьж байгаа хүмүүсийн гар хөл болсон.
ЭШЛЭЛ 17
Өмнө нь бас зүгээр байгаагүй л дээ. Гэхдээ ингэж хоёр тамгатай болгож байгаагүй. Харин одоо ингэж АН-ын легитим шинжийг алдагдуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хууль ёсны байх нөхцөлийг алдагдуулах зорилготой үйлдэл л дээ.
ЭШЛЭЛ 18
Өмнө нь бид дотроо хэрэлдэж, муудалцдаг л байсан. Санал хураахад нэг нь олонх, нөгөө нь цөөнх болно. Энэ байх л үзэгдэл. Ийм түүхүүд ч бий. Харин хэзээ ч ингэж хоёр тамга зэрэгцэж, хоёр тамга ч биш юм аа, нэг тамгыг хажууд нь зориуд хийж өгч байгаагүй.
ЭШЛЭЛ 19
2020 оны арванхоёрдугаар сард Бүртгэлийн байгууллага С.Эрдэнэ гэдэг хүнд тамга хийж өгснөөс л ийм асуудал үүссэн. Яагаад С.Эрдэнийн тамгыг хууль ёсны бус гээд байдаг юм бэ гэхээр би бол энэ намын даргыг зургаан жил хийсэн. Өдөр болгон тамгаа бариад суухгүй ч мэдэж байна. С.Эрдэнийн нөгөө талд байгаа тамга бол 2000 онд АН байгуулагдахад хийлгэсэн тамга, Ерөнхий нарийн бичгийн дарга З.Энхболдыг байхад хийлгэсэн тамга. Одоо хэнд байгаа нь чухал биш, харин 22 жил болж байгаа, намын жинхэнэ тамга нь тэр юм. Харин нөгөөх нь 2 жилийн өмнө хийж өгсөн тамга.
ЭШЛЭЛ 20
Би намаасаа гараагүй, гарахгүй. АН-аас гарах хүн ч биш. Ялангуяа орхиж гарахгүй. Яагаад гэвэл маш олон ялалт, ялагдлыг үүрч, үүрэлцэж явсан. Харин нэр бүхий хүмүүс зориудаар “...Н.Алтанхуяг АН-аас гарсан” гэсэн PR-ыг хийгээд байдаг юм. 2020 оны сонгуульд нэр дэьшүүлэхгүй гэж л хийсэн ажил.
ЭШЛЭЛ 21
2020 оны сонгуульд гаргахгүй гэж ийм зүйл хийсэн. АН-аас нэр дэвшвэл УИХ-ын гишүүн болчихно гэж айсан хүмүүсийн хийсэн ажил. Ер нь бол С.Эрдэнэ гэдэг хүн 2020 оны сонгуулийн өмнө маш олон хүнийг, тэр дотроо Н.Алтанхуягийг “...АН-аас хаслаа” гэж зарласан. АН-аа байгуулалцаж байсан хүн өөр намаас нэр дэвшилтэй нь биш дээ. Тэгэхээр бие дааж нэр дэвшихээс өөр гарцгүй болсон. Шулуухан хэлэхэд, намайг УИХ-ын гишүүн болгохгүй гэсэн Ц.Элбэгдоржийн бодлого С.Эрдэнээр дамжиж хэрэгжсэн юм.
ЭШЛЭЛ 22
2020 оны арванхоёрдугаар сараас хойш АН-ыг бужигнаад байгаа юм шиг болгосон. 2013 оноос хойш бие биеийнхээ хашаа руу өнгөлзөж, зарим хэсгийг нь хашаа руугаа хөөгөөд оруулдаг болчихсон. Тэр нь манай намаас гарсан Ерөнхийлөгч нөгөө намын даргатай нэг баг болсон гэсэн үг. Өнөөдөр ингээд АН-ыг хоёр тамгатай болгоод, тоглоом наадам хийгээд л байна. Зохиомол хэрүүл шүү. Тэгэхдээ манай намын суурь, манай намын 99 хувь нь яг л байдаг газраа байгаа. Яг л ардчиллынхаа төлөө, юуны төлөө зорьж гарч ирсэн билээ. Тэр зарчим байр сууриндаа байгаа.
ЭШЛЭЛ 23
Ц.Элбэгдорж сар гаруйн өмнөөс надтай ойр зарим хүнээр үг дайгаад л “...Уулзмаар байна” гээд л байсан. Сүүлдээ өөрөө над руу бичсэн. Тэгэхээр нь би бодсон, “...Бид хоёр уулзаад юугаа ч ярих билээ дээ, ер нь тэгээд бид хоёроос болоод АН хагараад гэмтээд байсан зүйл байхгүй, харин мань эрээс болоод Монгол Улс, Монголын ардчилал маш хүндэрчихээд байгаа” гэж. Тэгээд би “...За тэгээд уулзах үнэхээр чухал шаардлага байгаа бол хүрээд ир” гэсэн. Удахгүй хүрээд ирсэн. Бид хоёроос болж АН хагараагүй гэж хэлсэн дээ. Тэгэхээр тэр талаар бид хоёр юугаа ярих вэ дээ. Харин бодсон чинь долоон жилийн дараа уулзаж байгаа юм билээ. Тэрийг нь хэлсэн. Л.Гансүхийн шүүх хурал болсон 2015 оноос эхлээд л холбоо барихаа больсон. Утсаа авахаа ч больсон. Уулзахаа ч больсон. Ер нь тэгээд Монгол Улсаа ч их самарлаа даа. Өөрөө уг нь ардчилсан хувьсгалын манлайлагч атлаа. Ардчилсан намаа ч нэлээн самарлаа. Хууль хүчний байгууллагыг тоглоомын байгууллага болгосон” гээд Би ийм л хэдэн үг хэлсэн. Ер нь бол би яг яах гэж ирснийг нь сайн ойлгоогүй. Дараа нь “...Зураг авахуулах гэж иржээ” гэж ойлгосон.
ЭШЛЭЛ 24
Ерөнхийлөгч асан Х.Баттулга бид хоёр уулзсан. Ер нь уулздаг л даа. Бидний тухайд муудалцаж байсан үе бий. Бас ойлголцоод хамтраад ажиллаж ч байсан. Бид хоёр хэрэлдээд хоёр тийшээ болчихсон зүйл огт байхгүй. Утас шөрмөсөөр ярьчихна. Уулзъя гэвэл уулзчихна. Асуугаад байгаа уулзалтаар чинь хүмүүст сонирхуулчихаар нарийн ширийн зүйл яриагүй дээ. С.Баярцогтыг хэн зүтгүүлээд байгааг мэдэхгүй. Бид хоёр уулзсан биш тааралдсан. Товчхон санаа бодлоо солилцсон. Бас л тийм нарийн зүйл яриагүй. Бид хоёр чинь уулзаагүй удсан байна билээ. Элдвийн юм болоод 2016 оноос хойш уулзалдаагүй байсан. Гэхдээ бидний уулзалтууд АН-ыг эвлэрүүлээд сүйд болох боломж хомс л доо. Биднээс болж хагарсан зүйл байхгүй учраас.
Сэтгэгдэл (4)