БАРИМТ 1
АНУ, ОХУ-ын экс Ерөнхийлөгчидтэй адил нэртэй, Португалын Криштиану Роналду, Коста-Рикагийн Ельцин Техэда нарын хөлбөмбөгчид Хэсгийн шатны гурван тоглолтод бүгдэд нь талбайд гарч тоглолоо. Хөлбөмбөгийн амьд домог гэгддэг, Португалын шигшээ багийн ахлагчийн эцэг нь АНУ-ын Ерөнхийлөгч Роналд Рейганыг кино жүжигчин байхад нь шүтдэг, түүний тоглосон киног байнга үздэг фэн нь байсан учраас хүүгээ 1985 оны хоёрдугаар сарын 5-нд мэндлэхэд португал хэлээр Роналду гэсэн овог өгчээ. Харин Коста-Рикагийн хөлбөмбөгчний эцэг эх нь ОХУ-ын төрийн тэргүүн Борис Ельцинийг хүндэлдэг байсан учраас хүүгээ 1992 оны гуравдугаар сарын 17-нд мэндлэхэд нь Ельцин гэсэн дуудах нэр өгсөн байна. Роналд Рейган нь АНУ-ын Ерөнхийлөгчөөр 1981-1989 онд, Борис Ельцин нь ОХУ-ын Ерөнхийлөгчөөр 1991-1999 онд ажиллажээ.
БАРИМТ 2
Камерун улсын шигшээ багийн үндсэн хаалгач 26-тай Андре Онона нэгдүгээр тойргийн Швейцар-Камерун 1:0 тоглолтын дараа багаасаа хөөгдлөө. Тэрбээр багаа хожигдсон шалтгааныг дасгалжуулагч Ригобер Сонгийн хэрэглэсэн буруу тактикаас боллоо гэж ил тодоор шүүмжилсэн. Улмаар багийн хамт олны өмнө дасгалжуулагчтайгаа муудалцаж хэрэлджээ. Камеруны хөлбөмбөгийн холбоо шуурхай зөвлөлгөөн хийж Андре Ононаг багийн дотоод уур амьсгалыг эвдэж, сахилга батын зөрчил гаргасан гэж үзээд шигшээ багаас хөөж нутаг буцаажээ. Андре Онона хаалгач шийдвэр гарсан өдөр агаарын нислэгээр Францаар дамжин нийслэл хот Яундедаа очсон байна. Энэ үйл явдал нь “Катар 2022”-т оролцогч 32 багийн нийт 831 хөлбөмбөгчнөөс шигшээгээс хөөгдсөн анхны тохиолдол байлаа.
БАРИМТ 3
ДАШТ-д оролцогч улсуудын төр засаг, хөлбөмбөгийн байгууллага нь тэмцээн дууссаны дараа мөнгөн шагнал урамшууллыг баг тамирчдадаа өгдөг уламжлалтай. Гэтэл Саудын Арабын хөлбөмбөгийн холбоо ДАШТ-ий хэсгийн тоглолтын дундуур нэгдүгээр тойрогт шигшээ баг нь Аргентиныг 2:1-ээр хожсоны дараа хөлбөмбөгчин тус бүрт шагналын 2,5 сая еврог мөнгөн хадгаламжийн дансанд нь шилжүүлсэн байна. Шагналын нийт 65 сая еврог хаанаас хэн гаргасныг одоогоор нууцалж байгаа ажээ.
БАРИМТ 4
Хэсгийн нэгдүгээр тойрогт 35 сая хүн амтай Саудын Араб улсын баг “Катар 2022”-т түрүүлэх тааварт яваа, 1978, 1986 оны дэлхийн аварга Аргентиныг 2:1-ээр хожсон нь Арабын ертөнцийн спортын том амжилт гэж үнэлэгдсэн. ДАШТ-ийг зохион байгуулагч Катарын эмир Шейх Тамим бин Хамад аль-Тани өөрийн ордны зарим цамхаг дээр Саудын Арабын төрийн далбааг түр хугацаагаар мандуулсан бол Дубай хотын захирагч Шейх Мохамммед бин Рашид Аль Мактум твиттер хуудсаараа дамжуулан Саудын Арабуудад баяр хүргэжээ. Саудын Арабын хаан Салман бин Абдулазиз Аль Сауд, угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман нар хөлбөмбөгийн талбай дахь энэ ялалтын ойг Бүх нийтийн амралтын өдөр болгон зарлалаа.
БАРИМТ 5
Португалын шигшээ багийн ахлагч 37-той Роналду ДАШТ-ий түүхэн дэх хоёр дээд амжилтыг тогтоогоод байна. Нэгд, таван ДАШТ-д гоол хийсэн анхны тоглогч, хоёрт тус тэмцээнд тав дахь удаа оролцож байгаа тэрбээр хаалга оносон цохилтын тоогоо 100 болголоо. Өнгөрсөн хугацаанд 20 тоглолтод Португалын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж талбайд гарсан болохоор дунджаар нэг тоглолтод таван удаа хаалга оносон цохилт хийжээ. Роналдугийн 100 оновчтой цохилтын 8 нь гоол болсон байна.
БАРИМТ 6
Хэсгийн гуравдугаар тойрогт Камерунчууд Бразилыг 1:0-ээр буулган авахад хожлын гоолыг багийн ахлагч Абубакар төгсгөлийн сүүлчийн 90 дэх минутад оруулсан. Тэрбээр цамцаа тайлж сэвж эргүүлэн гоолын баяраа тэмдэглэж шүүгчээс хоёр дахь шар хуудас авч талбайгаас хөөгдлөө. Абубакар нь 81 дэх минутад шүүгчээс торгуулж эхний шар хуудсаа авсан байсан. Тэмцээний дүрмээр тоглогч цамцаа тайлбал “шар хуудсаар” торгуулдаг, мөн хоёр “шар хуудас” авбал “улаан хуудас” болж талбайгаас хөөгдөх ёстой. Багийн ахлагч Абубакар нь “Катар 2022”-т гоол оруулсан, “улаан хуудас” авч талбайг чөлөөлсөн анхны тоглогч, харин нийт ДАШТ-ий түүхэнд хоёр дахь хөлбөмбөгчин боллоо. Францын домогт хөлбөмбөгчин Зидан нь 2006 оны ДАШТ-ий финалын Франц-Итали тоглолтод нэг гоол оруулж, улмаар Италын хамгаалагч Матерацциг цээж рүү нь санаатайгаар зориуд мөргөж шүүгчээс “улаан хуудас”-аар торгуулж талбайгаас хөөгдсөн нь Камеруны Абубакарын өмнөх анхдагч болж байгаа ажээ.
БАРИМТ 7
Хөлбөмбөгийн дэлхийн таван удаагийн аварга Бразили “Катар 2022”-т хэсэгтээ нэгдүгээр байр эзэлж хасагдах шатанд шалгарлаа. Энэ нь 1982 оноос хойш завсаргүй дараалан 11 удаа ДАШТ-д хэсэгтээ тэргүүн байрт шалгарсан дээд амжилт болж байна. Хэсэгтээ нэгдүгээр байр эзэлсэн амжилтын жагсаалтад Бразилын дараа Германы баг 12 удаагийн үзүүлэлтээр хоёрт бичигдэж байна.
БАРИМТ 8
Нийт 2,8 сая хүн амтай Катар улсын зонхилох 40-өөд хувь нь арабууд боловч Энэтхэг, Пакистан үндэстэн тус бүртээ 18 хувийг эзэлдэг. Иймээс тус улсын соёл зан заншил нь дан Арабын гэхээсээ илүүтэйгээр Катарынх гэсэн өвөрмөц онцлогтой. Катарчууд нийтээрээ Еврей үндэстэнд таагүй ханддаг ажээ. Энэ хандлага нь ДАШТ-ий үеэр ч цухалзаж байна. Тухайлбал, ДАШТ-ий нээлт болсны маргааш нь, урьд нь еврейчүүдэд олгосон хоол хүнсний ТҮЦ ажиллуулах болон хүргэлтээр үйлчлэх зөвшөөрлийг гэнэт цуцалж үйл ажиллагааг нь тодорхойгүй хугацаагаар зогсоож хилийн чанадаас ирсэн хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдээс олох ашиг орлогыг нь хаасан байна.
БАРИМТ 9
Хэсгийн гуравдугаар тойрогт Камеруны баг Бразилыг 1:0-ээр буулган авсан. Энэ хожил нь Африк тивийн баг дэлхийн таван удаагийн аварга Бразилчуудыг анх удаа дийлсэн ялалт байлаа. Урьд нь Африкийн багууд ДАШТ-д Бразилтай нийт долоон удаа оноолт таарсан бөгөөд бүгдэд нь хожигджээ.
БАРИМТ 10
Твиттер компанийн шинэ эзэн тэрбумтан Илон Маск хэсгийн сүүлчийн тойрогт Испаничуудыг 2:1-ээр хожиж эцсийн мөчид шөвгийн 16-д шалгарсан Япончуудад хандан баяр хүргэсэн бичлэг цахим сүлжээнд тавьжээ. Японы шигшээ багт нэгэн үед лидер нь байсан олны танил экс хөлбөмбөгчин Кейсуке Хонда түүний цахим сүлжээний бичлэгийн дор сэтгэгдэл бичихдээ “Та асар их ажилтай, завгүй байгаа. Гэсэн ч нэг өдрийн чөлөө өөртөө гаргаж Японы багийн тоглолтыг үзэж сонирхохыг урья” гэжээ.
БАРИМТ 11
Хэсгийн сүүлчийн гуравдугаар тойргийн Герман-Коста Рика 4:2 тоглолтыг эмэгтэй шүүгчдийн баг шүүн явууллаа. Талбайн ерөнхий шүүгчээр Франц хатагтай Стефани Фраппар, хажуугийн туслахаар Бразилын эмэгтэй шүүгч Неуза Бэк, Мексикийн эмэгтэй шүүгч Карен Диас Медина нар ажиллав. Францын Стефани Фраппар талбайд гарсан нь эрэгтэйчүүдийн ДАШТ-ий бүх цагийн түүхэнд эмэгтэй шүүгч тоглолтыг удирдан явуулсан анхны тохиолдол байлаа.
БАРИМТ 12
Хэсгээсээ хасагдах шатанд шалгараагүй, тэмцээнээ дуусгаж үзэгчдийн эгнээнд шилжсэн 16 багийн дасгалжуулагчдаас Мексикийн Херардо Мартино, Бельгийн Роберто Мартинас нар хариуцлага хүлээж ДАШТ дуусахаас өмнө ойрын үед ажлаасаа чөлөөлөгдөнө гэдгээ мэдэгдээд байна. Медаль авах тааварт яригдаж байсан Бельгийн баг хэсэгтээ 4 оноогоор хамгийн сүүлчийн дөрөвдүгээр байрт орж хомоол хамсан. Мексикийн баг 4 оноотой хэсэгтээ гуравдугаар байр эзэлж шөвгийн 16-д шалгараагүй. Плей-оффод шалгараагүй бусад 14 багийн дасгалжуулагчаас олонх нь ажлаасаа халагдана, хэзээ вэ гэдэг нь цаг хугацааны асуудал. “Катар 2022” өндөрлөсний маргаашнаас хэн нь вэ гэдэг нь олон нийтэд тодорхой болох ажээ.
БАРИМТ 13
Тэмцээний “Al Rihla” гэсэн араб нэртэй бөмбөг голдоо нэг секундэд 500 удаа байрлалаа толгой компьютор руугаа мэдээлдэг чийптэй. Чийп нь ухаалаг гар утастай төстэй байдлаар цэнэглэгддэг. Иймээс тусгай мэргэжилтнүүд бөмбөгнүүдийг өдөр болгон цахилгаанд залгаж цэнэгийг нь дүүргэх ажил хийж байна.
БАРИМТ 14
Хэсгийн шатанд зохион байгуулагчдаас шалтгаалсан бага хэмжээний хоёр таагүй явдал боллоо. Хоёрдугаар тойргийн Бразилтэй хийх тоглолтын өмнө Швейцарын хөлбөмбөгчдийг цэнгэлдэхэд хүргэхээр суулгасан автобус урьдаа яваа хамгаалалтын машинтай мөргөлдөж аваар хийжээ. Азаар Швейцарын багийнхнаас хүн гэмтэл бэртэл аваагүй байна. Мөн тус тоглолтын нэгдүгээр дуусах үеэр 43649 үзэгч хүрэлцэн ирсэн “Лусаил” цэнгэлдэхийн гэрэл унтарч, нэлээд хэдэн секунд болсны дараа ассан байна.
БАРИМТ 15
Өмнөд Солонгосын дасгалжуулагч, Португал мэргэжилтэн Паулу Бенту “Катар 2022” ДАШТ-ий анхны “улаан хуудас” авсан дасгалжуулагч боллоо. Хоёрдугаар тойргийн Ганын багт Солонгосчууд 2:3-аар хожигдсон тоглолтын төгсгөлд тэрбээр талбайн шүүгч Энтони Тэйлорын шийдвэртэй санал нийлээгүй гэдгээ талбай руу орж түүнд тайлбарлахдаа өндөр дуугаар хашгирч илэрхийлсэн нь “улаан хуудас” авах шалтгаан болсон. Солонгосууд тэнцээний гоол хийх гэж багаараа урагшаа довтолж, шүүгчийн сунгасан 10 минутын сүүлчийн мөчид булангийн цохилт хийх эрх авсан. Ийм нөхцөлд ихэвчлэн шүүгч булангийн цохилтыг хийлгээд дараа нь шүгэл үлээж тоглолтыг дуусгадаг. Гэтэл Тэйлор шүүгч булангийн цохилт гэж заасан атлаа Солонгосын багт гүйцэтгэх боломж олголгүй эцсийн шүгэл үлээж тоглолтыг өндөрлүүлсэн нь дасгалжуулагч Бентугийн уур уцаарыг хөдөлгөсөн.
БАРИМТ 16
Америкийн 15,4 сая хүн хоёрдугаар тойргийн АНУ-Англи 0:0 тоглолтыг телевизээр үзэж сонирхжээ. Энэ нь 28 жилийн тэртээ 1994 оны ДАШТ-ийн финалын Итал-Бразилын тоглолтыг 14,5 сая хүн телевизээр үзсэн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон үйл явдал боллоо.
БАРИМТ 17
Америкийн Хөлбөмбөгийн холбооны удирдлага Иранд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчтэй эв санааны нэгдэлтэй байгаа гэдгээ илэрхийлж цахим сүлжээнд тус улсын Төрийн далбааг сүлд тэмдэггүй цулгуй өнгөтэйгээр байршуулж байлаа. Ираны Хөлбөмбөгийн холбоо Олон улсын хөлбөмбөгийн холбоо ФИФА-д гомдол гаргаж тус улсыг гутаан доромжилж байгаа энэ үйлдэлд хариуцлага тооцож ДАШТ-ээс АНУ-ын багийг хасах, олон улсын тэмцээний 10 тоглолтод оролцуулахгүй байх бан хүртээхийг шаардсан. Америкчууд ч явц дундаа Ираны Төрийн далбааг сүлд тэмдэгтэй оригоор цахим сүлжээнд тавьж эхэлснээр уг асуудал намжлаа.
БАРИМТ 18
Хэсгийн сүүлчийн гуравдугаар тойрогт АНУ-ын баг Ираныг тоглолтын 38 дахь минутад Английн “Челси” клубт тоглодог Пулишичийн оруулсан гоолоор 1:0-ээр хожил байгуулсан. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ираныг хожсон хөлбөмбөгчдөдөө хандаж “USA-one, Iran-zero! The game is over!” гэж баяр хүргэлээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч, “Ерөнхийлөгч багийнхаа дасгалжуулагч, тоглогчдыг ДАШТ-ийг зорихын өмнө хүлээн авсан уулзалтын үеэр тэдэнд “Та бүхэн чадна” гэж хэлсэн. Тэд хожиж чадлаа” хэмээн бахархаж байна гэж сэтгүүлчдэд ярьжээ.
БАРИМТ 19
ДАШТ-ийг зохион байгуулагч Катарт ЛГБТ-ийг хориглодог. Ийм хүмүүсийг хатуу шийтгэх хуультай. Гэтэл Англи, Бельги, Герман, Дани, Нидерланд, Норвег, Швед, Швейцар Уэльс улсын шигшээ багийн ахлагч нар ЛГБТ хүмүүсийг ялгаварлан гадуурхахын эсрэг акц хийж талбайд гарахдаа солонгорсон өнгөтэй, “One Love” гэсэн бичигтэй, ахлагчийн тууз бугуйндаа зүүнэ гэж анхлан тохирсон байжээ. Ийм тууз зүүх санааг Нидерландын хөлбөмбөгчид өнгөрсөн намар есдүгээр сард гаргажээ. ДАШТ эхлэхэд ФИФА энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй чимээгүй байснаа хэсгийн хоёрдугаар тойргийн өмнө тус холбооны дүрмийн 13.8.1-д Бүх багийн ахлагч нар ФИФА-гаас зөвшөөрсөн туузыг зүүнэ гэж заасныг ахлагч нар сануулан ЛГБТ-тэй холбоотой бэлгэдлийн тууз зүүхийг хориглож, хэрвээ зөрчвөл ДАШТ-ээс хөөж явуулах хүртэл арга хэмжээ авна гэж сануулсан байна. Германы хөлбөмбөгчид ФИФА-ийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж тоглолт эхлэхээс өмнө багаараа талбайд зураг авахуулахдаа бүгд гараараа амаа хааж эгнэн зогсжээ. Гэхдээ ФИФА-гаас “One Love” туузны оронд “No discrimination” гэсэн үгтэй тууз зүүхийг багуудын ахлагч нарт зөвлөмж болгосон. Хэрвээ “One Love” гэсэн бичигтэй тоглогч талбайд гарч ирсэн бол шууд “шар хуудас” өгөхийг шүүгч нарт үүрэгджээ.
БАРИМТ 20
ДАШТ болж байгаа найман цэнгэлдэхэд бүгдэд нь халууны хэм бууруулах хөргүүрийн систем суурилуулсан гэсэн ойлголт андуу ташаа байсныг “974” цэнгэлдэхэд тоглолт үзсэн хүмүүс ярьж байна. Ачаа тээврийн 974 чингэлгийг өрж угсран барьсан тус цэнгэлдэх нь хөргүүргүй, гэвч далайгаас 50 метр зайтай, эрэг дээр байдаг учраас харьцангуй сэрүүн ажээ. Хөргүүрийн систем тавиагүй болохоор тус цэнгэлдэхэд болох тоглолтуудыг оройн 19 цагаас хойш эхлүүлэхээр зохицуулжээ.
БАРИМТ 21
Энэ онд дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр шалгарч “Балон д Ор” шагнал хүртсэн Францын шигшээ багийн дотлогч Зиданы хуучин бэртэл нь сэдэрч Хэсгийн гурван тоглолтод талбайд гараагүй. Гэсэн ч Францын шигшээ багийн дасгалжуулагч Дешам түүний оронд шинээр тоглогч дуудахгүй байгаа. Зиданы бэртэл илааршиж үлдсэн тоглолтод оролцож чадахгүй байсан ч багийн бүрэлдэхүүнд нэр байгаа болохоор хэрвээ Францын баг ДАШТ-ээс медаль авбал түүнд гардуулах зорилготой юм байна.
БАРИМТ 22
Франц нь шинэ XXI зуунд дэлхийн аварга болоод, дөрвөн жилийн дараа цолоо хамгаалах ДАШТ-д оролцохдоо хэсгээсээ плей-оффод шалгарсан анхны баг боллоо. Урьд нь Франц 1998 онд дэлхийн аварга болоод дараа нь 2002 оны ДАШТ, Итал 2002 онд дэлхийн аварга болоод дараа нь 2006 оны ДАШТ, Испани 2010 онд дэлхийн аварга болоод дараа нь 2014 оны ДАШТ, Герман 2014 онд дэлхийн аварга болоод 2018 оны ДАШТ-ий хэсгээс тус тус плей-оффод шалгараагүй.
БАРИМТ 23
ОХУ-ын хөлбөмбөгийн баг Орос-Украины дайнаас болж ФИФА-гийн хоригт орж, олон улсын тэмцээнд оролцох эрхгүй болсон. Харин тус улсын Төрийн далбаа ДАШТ-д оролцогч хөлбөмбөгчний пүүзэн дээр “мандаж” байлаа. Камеруны хагас хамгаалагч Гаэля Ондуа хэсгийн шатанд хажуу талдаа Камеруны Төрийн далбаа, ОХУ-ын Төрийн далбааны зурагтай пүүзтэй тоглосон. 27-той энэ хөлбөмбөгчин нь Москва хотын “Локомотив” клубын хөлбөмбөгийн сургууль төгссөн, ОХУ-ын паспорттай, давхар иргэншилтэй юм байна.
БАРИМТ 24
Спортын олон улсын томоохон тэмцээний үеэр хэн нэгэн этгээд үзэгчдийн эгнээнээс талбайд орж ирж олны анхаарлыг өөртөө татахыг оролддог. “Катар 2022”-т ийм үйлдэл давтагдлаа. Хэсгийн хоёрдугаар тойргийн Португал-Уругвай 2:0 тоглолтын хоёрдугаар үед супермений цамц өмсөж, солонгорсон өнгөтэй туг барьсан нэг хүн талбайд гүйж орж ирсэн. Супермэний цамц нь урд талдаа “Украиныг аваръя” гэсэн, хойд талдаа “Иран Эмэгтэйчүүдийг хүндэтгэе” гэсэн бичигтэй байв. Аюулгүй байдлын албаныхан сайх этгээдийг төд удалгүй барьж сугадаж хөтлөн талбайгаас гаргасан. Түүнийг цагдаа нар саатуулсан, эсвэл зүгээр явуулсан эсэх талаар Катарын аюулгүй байдлын албаныхан тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа гэнэ.
Сэтгэгдэл (2)