БАРИМТ 1
МУГТ Цэнд-Очирын Цогтбаатар нь өдгөө 26 настай, 1996 оны гуравдугаар сарын 16-нд Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төржээ.
БАРИМТ 2
Тэрбээр бага насандаа бөх болох сонирхолтой, хөдөлгөөнтэй хүүхэд байжээ.
БАРИМТ 3
Ингээд 12 настайдаа анх үндэсний бөхийн тэмцээнд бүртгүүлэхээр очиход нь Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв түүнийг Спортын төв ордонд ирэхийг урьсан гэдэг. Тэрбээр ингэж жүдо бөхийн спорттой танилцаж байжээ.
БАРИМТ 4
Хожим нь Ц.Цогтбаатар манай сайтад өгсөн ярилцлагадаа “Намайг 12-той байхад Монгол бөхийн өргөөнд бага насны хүүхдүүдийн үндэсний бөхийн “хуурнин шуугигч” гэдэг барилдаан болох зар дуулаад аавтайгаа эртлэн босч бүртгүүлэхээр таксидаад иртэл бүртгэлийн хураамжны төлбөр дутчихсан. Тэгээд аав маань ээжид мөнгө захиад ирэх зуур бүртгэлийн хугацаа дуусчихав. Барилдааны бүртгэлд хамрагдаж чадаагүйдээ харамсч, хор шар их хөдөлж Монгол бөхийн өргөөний хүйтэн шалан дээр уйлж суухад аав, ээж хоёр минь хүүгээ өрөвдсөн үү, тэр өдөртөө Ц.Шийрэв багштай уулзаад шавь оруулж билээ. Тэр өдрөөс өнөөдрийг хүртэл жүдогоороо барилдаж явна” хэмээсэн байдаг.
БАРИМТ 5
Олуулаа өссөн түүнд бэлтгэлийн кимоно авах мөнгө байгаагүй тул тэекводогийн кимонотой бэлтгэлдээ ордог байжээ.
БАРИМТ 6
Тэрбээр энэ талаараа “Бага зэрэг том кимоно байсан болохоор хоёр талаас нь ханзлаад, эмжээрийг нь багасгаж өөртөө тааруулж өмсч байлаа. Аав цагаан даавуун материалаар бүс хийж өгсөн дөө. Тэгэхэд шигшээгийн ах эгч нар сүрдмээр гоё харагдана. Хэзээ энэ хүмүүс шиг сайн жүдоч болох бол гэж битүүхэн мөрөөддөг байв. Аз авчирч, амжилт дагуулах кимоно байж л дээ” хэмээн ярьсан.
БАРИМТ 7
Ц.Цогтбаатар нь жүдо бөхийн 73 кг жинд барилддаг.
БАРИМТ 8
Хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Багш надад бэлтгэлдээ ир, бэлтгэлээ битгий тасал гэж нэг удаа ч хэлэх шаардлага гардаггүй байлаа. Би бэлтгэлээсээ хоцрохоороо бараг өөрөө уйлчихдаг байсан. Хоцрох угийн дургүй. Хоцорсон юм нэг цаагуураа л бүтэмж муутай байдаг шиг санагдаад байдаг юм. Бэлтгэл эхлэхээс хамгийн доод талдаа 30 минутын өмнө ирээд хувцсаа өмсөөд тэрүүгээр ганцаараа гүйж харайж тоглоод халаад байж байна” хэмээн ярьжээ.
БАРИМТ 9
Ц.Цогтбаатар “Рио 2016” олимпийн наадмын гуравдугаар тойрогт БНСУ-ын жүдоч Ким Вон Жинд вазари үнэлгээгээр ялагдаж байв.
БАРИМТ 10
Тэмцээний дараа толгой гудайлган сууж байсан Ц.Цогтбаатар таван жилийн дараа “Токио 2020” олимпийн наадмаас хүрэл медаль хүртэж Монгол Улсдаа дахин нэг олимпийн медаль авч ирсэн юм.
БАРИМТ 11
Өнгөрсөн онд Монголын спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно” наадмын шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар тодорсон.
БАРИМТ 12
Түүний дараа 2022 оны Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Ц.Цогтбаатар алтан медалийн төлөө Японы Соичи Хашимототой барилдаж, ялалт байгуулж дэлхийн аварга болсон. Тэдний хувьд өмнө нь Токиогийн олимпод учраа таарч Соичи Хашимото ялаад байсан юм.
БАРИМТ 13
Түүнийг дэлхийн аварга болсны дараа Дэлхийн жүдо бөхийн холбоо “Ц.Цогтбаатар бол Монголын эрдэнэ. Тэр дараагийн удаа Монголын төрийн дууллыг дэлхийд цээжлүүлэх байх” хэмээн онцолсон.
БАРИМТ 14
Тэрбээр Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв, Л.Алтанзул, Ш.Чинсанаа нарын шавь аж.
БАРИМТ 15
Ц.Цогтбаатарын эхнэр О.Энхжин мөн жүдо бөхийн тамирчин. Тэд бэлтгэл дээр танилцаж байжээ.
БАРИМТ 17
Ц.Цогтбаатарыг “Токио 2020” олимпийн наадамд явахаас хоёр сарын өмнө тэдний хүү мэндэлсэн.
БАРИМТ 18
Ц.Цогтбаатар 2013 онд АНУ-ын Майами хотод зохиогдсон өсвөрийн жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. анхны Монгол хүн болсноор бөх сонирхогчдын анхааралд өртөж эхэлжээ.
БАРИМТ 18
Түүний дараа залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн.
БАРИМТ 19
Тэр цагаас хойш түүний амжилтын буухиа тасарсангүй явсаар 2016 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн.
БАРИМТ 20
МУГТ Ц.Цогтбаатарын амжилтаас дурдвал, Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгө, Азийн аваргын алт, хүрэл медаль, Мастерс, Их дуулга, Гранпри тэмцээний гурван алт, хоёр мөнгө, долоон хүрэл медаль, дөрвөн удаагийн улсын аварга, Олимпийн хүрэл медаль, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль хүртжээ.
БАРИМТ 21
Одоогоор Ц.Цогтбаатар дэлхийд чансаагаараа хоёрдугаарт бичигдэж байна.
БАРИМТ 22
Дэлхийн аварга болсны дараагаар түүний чансааны оноо 6565 болж нэгдүгээрт бичигдэж байсан ч саяхан зохиогдсон “Баку-гийн Их дуулга тэмцээний дараа түүний оноо 6310 болж Гүрж улсын жүдоч Лаша Шавдатуашвилигийн дараа бичигдэх болжээ.
БАРИМТ 23
Өнгөрсөн 2021 онд Ц.Цогтбаатарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Сүхбаатары одон”-гоор шагнаж байсан юм.
БАРИМТ 24
Өнөөдөр тэрбээр Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртлээ.
Сэтгэгдэл (4)