ДЭМБ-ын Европ тивийг хариуцсан захирал, доктор Ханс Анри П Клуге “Энэ өвөл Украины олон сая иргэдийн амь нас дээсэн дөрөөн дээр байна” хэмээн ярьжээ. Түүнчлэн яг одоогийн байдлаар Украины эрчим хүч, дэд бүтцийн тал хувь нь ажиллагаагүй болсноос үүдэн 10 сая гаруй иргэн цахилгаан, усгүй байгаа бөгөөд орон нутгийн хэмжээнд агаарын хэм -20 градус хүртэл болсон хэмээжээ. Мөн Оросын арми Украины эм, эмнэлгийн 703 байр, сууцыг бөмбөгдсөн гэх тооцоог ДЭМБ-аас бүртгэн авсан.
Өнгөрсөн долоо хоногт Оросын агаарын довтолгооны тактик эрчимжиж, энгийн иргэдийн суурьшлын бүс, орон сууцны барилгуудыг ихээр бөмбөгдөх болсон нь энэ өвөл ч үргэлжилсээр байх төлөвтэй байгаа юм. Энэ нь дайны талбарт бүтэлгүйтэж, цэргийн хүчээ дайны голомтоос гаргасны дараах сэргэлт болоод байна. Мөн доктор Ханс Киев хотод хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Энэ өвөл та бүгдийн хувьд амьд үлдэхийн төлөөх тэмцэл байх болно. Украины эрүүл мэндийн салбар хүнд нөхцөлд байгаа. Үүнийг аврах цорын ганц арга нь дайныг зогсоох явдал” гэжээ.
Түүний хэлсэнчлэн тэнд ОХУ-ын “эрчим хүчний терроризм”-оос үүдэн эрчим хүчний доголдол үүсэж энгийн ирэгдээс гадна эмнэлгийн байгууллагууд эм тариа, эмнэлгийн хэрэгсэл, тог усны хомсдолд орж, хаалгаа барихад хүрсэн юм.
Л.Сайнаа