Украины хилийн ойролцоох Польшийн тосгоны нэгэн фермд пуужин дэлбэрснээс улбаалж дэлхий дахин НАТО-гийн дүрмийн тавдугаар зүйлийг сөхөн харцгааж байна. Энэ дүрмээр бол НАТО-гийн гишүүн орны аль нэг рүү гаднын дайралт ирвэл түүнийг бүгд өөрсдийн орон руу дайрсан хэмээн үзнэ гэж заасан байдаг. Пуужинд өртсөн Польш улс НАТО-гийн гишүүн 30 орны нэг бөгөөд тус улсын Батлан хамгаалахын сайд нь энэ пуужинг ОХУ-д үйлдвэрлэсэн гэдгийг мэдээлсэн. Гэхдээ яг энэ үед мөрдөн шалгах ажил явагдаж байгаа бөгөөд пуужинг үнэхээр ОХУ харвасан уу, үгүй юү гэдгийг зарлах нь цаг хугацааны асуудал болоод байна.
НАТО-гийн гишүүн орны удирдагч нар Польшийн төрийн тэргүүн, Ерөнхий сайд руу утасдан пуужин харвасан талаарх мөрдөн шалгах ажиллагаанд боломжит бүх туслалцааг үзүүлнэ гэдгээ мэдэгдсээр буй. Харин уг хэрэгт буруутгагдан сэжиглэгдээд байгаа ОХУ-ын хувьд тус пуужинг ОХУ харвасан гэдгийг хүлээн зөвшөөрсөн мэдээлэл хийгээгүй байна. Мөрдөн шалгалтын дүн гарахаас өмнө ОХУ-ыг шууд буруутгасан мэдээллийг НАТО-гийн гишүүн орнууд одоогоор хийгээгүй байна. Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өөрийн твиттэр хуудсаар дамжуулан "Бүх Европ болон дэлхий нийтээр террорист Оросоос бүрэн хамгаалагдах хэрэгтэй" гээд ОХУ-ын террорикмын улмаас Польшийн энгийн иргэд амиа алдсанд эмгэнэж буйгаа илэрхийлсэн юм.
О.Балдан-Очир
Сэтгэгдэл (5)