Украинтай хиллэдэг Польшийн Пржеводов тосгоны ойролцоо фермд пуужин дэлбэрч хоёр хүн амь эрсэдсэн талаар Польшийн хэвлэлээр өнгөрсөн шөнө мэдээллээ. Варшав энэ пуушинг ОХУ-д үйлдвэрлэсэн хэмээн мэдэгдээд байгаа юм.
Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Песков “Польшид унасан пуужингийн талаар мэдээлэлгүй байна” гэсэн бол ОХУ-ын БХЯ-наас “ОХУ Украин-Польшийн хилийн ойролцоох байршилд цохилт өгөөгүй” мэдээлж байна.
Харин Пентагон НАТО-гийн гишүүн оронд пуужин дэлбэрч, хүний амь эрсэдсэн талаар “Яг хаанаас пуужин харвасан талаар хангалттай баримт, нотолгоо хүлээн авах хүртэл НАТО-гийн дүрмийн тавдугаар зүйлийн талаар ярихгүй” хэмээн мэдэгдлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Польшийн Ерөнхийлөгч Анжей Дудад “Пуужин харвасантай холбогдуулан Вашингтон Варшавт бүх талын дэмжлэг үзүүлнэ” гэдгээ илэрхийлсэн бол Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкитэй утсаар ярьж “Пуужин унасан хэргийн мөрдөн байцаалтад дэмжлэг үзүүлнэ” гэдгээ мэдэгдсэн тухайгаа өөрийн твиттэр хуудаснаа бичжээ.
НАТО-гийн дүрмийн тавдугаар зүйлд “Байгууллагын аль нэг гишүүн орон гаднын довтолгоонд өртвөл бусад бүх гишүүн өөр рүү нь довтолсонтой адилтгаж үзнэ” гэсэн байдаг юм. Хүйтэн дайны үед АНУ, Канад, Исланд, Их Британи, Франц, Бельги, Нидерланд, Люксембург, Норвеги, Дани, Португал зэрэг 12 улс нэгдэн анх байгуулж байсан НАТО-д өдгөө 30 улсыг эгнээндээ нэгтгэсэн цэрэг, армийн эвсэл болоод байгаа. Польш улс 1999 оны гуравдугаар сард НАТО-гийн гишүүн орон болсон юм.
О.Балдан-Очир
Сэтгэгдэл (4)