Украины өмнөд хэсэг болох Херсон хотоос ОХУ цэргүүдээ гаргасан ч зүүн хэсэг буюу хилийн ойролцоо тулалдаан үргэлжилж, хүний амь эрсэдсээр байна. Тус тулалдаанд шархадсан цэргүүдийн эрүүл мэнд, амь насыг дэнслэн буй сайн дурын эмч нарын багийг BBC агентлаг сурвалжилжээ.
Украины хээрийн цэргийн эмнэлгийн хана, шаланд цус, хөлсний ихүүн үнэр шингэжээ. Эмнэлгийн ажилтнууд шаргуу цэвэрлэсэн ч энэ үнэр хэзээ ч арилахгүй мэт. Дайны тэргүүн шугамд сайн дураараа ирсэн 21 настай Валерия "Цусыг угааж, арилгахаар исэл цацдаг боловч энэ үнэр арилдаггүй" хэмээн ярив.
Тэдний хээрийн эмнэлэг нь эзэнгүй хаягдсан балгас дотор байгуулагдсан бөгөөд 10 гаруй эмчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж буй юм. Эмнэлгийн ойролцоо тогтмол бөмбөгдөлтийн чимээ сонсогдож, нас барсан, гэмтсэн Украин цэргүүдээр эмнэлэг дүүрэн байдаг ажээ. Дайны өмнө Валерия Киевийн хойд дүүрэгт байрлах нэгэн эмнэлэгт ажилладаг байсан гэнэ. Тэрбээр гэр бүлдээ юу ч хэлэлгүй сайн дураараа цэргийн албанд мордсон бөгөөд түүнээс хойш дайны хамгийн аюултай шугамд хүний амь аварч яваа нь энэ.
Валерия “Би энэ дэлхий дээрх хамгийн гайхалтай ажлыг хийдэг. Миний ажил бол баатруудыг аврах. Тэд биднийг хамгаалахын төлөө дайнд мордсон. Хариуд нь би ч тэднийг аврах үүргийг хүлээх ёстойгоо ойлгосон. Би энд мэдээ алдуулах эмчийн үүрэгтэй. Бага ч гэсэн энэ миний үүрэг хариуцлага” хэмээн ярьсан юм. Тэр бол нүүр дүүрэн инээмсэглэлтэй, жижгэвтэр биетэй, шонтгор хамартай хайр булаасан охин юм.
Эмнэлэгт яаралтай өвчтөн ирж, тэдний баг өвчтөний амийг аврахаар ажилдаа орлоо. Өвчтөн “Миний гар, миний гар” хэмээн гиншин ёолох нь сонсогдоно. Тэрбээр хагас ухаантай боловч, биеийн байдал нь хүнд байгаа нь илт. Өвчтөн 50 орчим настай, үс нь бууралтсан харагдах бөгөөд тэсрэх бөмбөгний хэлтэрхийд оногдон нүүрнийх нь тал хэсэг нүд халтирам болжээ. Дүрэмт хувцсыг нь тайлахад хавирганых нь яс ил гарсан байв.
Эмч нар түүний нэг нүд байхгүй болсон тухай ярилцана. Түүний нэрийг Саша гэдэг. Тэр бол дайны тэргүүн эгнээнд яваа баатруудын нэг юм. Мэс заслын эмч 39 настай Дима нүдний хоосон нүхийг оёхын тулд хуруунуудаа гавлын ясанд нь дүрсэн харагдана. Энэ аймшигтай дүр зураг бол хээрийн эмнэлгийн энгийн нэгэн агшин гэдгийг ч онцолж байв.
Эдгээр эмч нар нэг л өдөр үхнэ гэдгээ мэдэх ч баатруудаас илүү баатарлаг үйлсийн төлөө амь хайрлахгүй ажилласаар байна.
Л.Сайнаа
Эх сурвалж: BBC