Өнгөрсөн гуравдугаар сард ОХУ Украины бүс нутагт түрэмгийлэн нэвтэрч, Херсон мужийг эзлэн Украин дах ОХУ-ын гол засаг захиргааны нийслэл хэмээн зарлаад байв. Уг үйл явдлаас хойш Украины цэргүүд анх удаа Херсон хотод цэргийн хүчээ төвлөрүүлж, хотын иргэдэд дайны хүнд цагт чөлөөтэй амьсгалах боломжийг олгоод байгаа юм. Хотын иргэд ч энэхүү үйл явдалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цэргүүдээ халуун дотноор угтан авлаа. Тус хотын төв талбайд нэгэн бүрээч эр Украины төрийн дууллыг эгшиглүүлэх нь таатай. Түүн дээр цуглан хөөрөлдөх хотын иргэд ч мөн сэтгэл бахдам буй нь харагдана. Энэ бол чөлөөлөгдсөн Херсон хот.
Эрх чөлөөний үнэр ханхийхтэй зэрэгцэн тэд улсынхаа далбааг машин, шонгийн орой, хананд өлгөж, нүүрэн дээрээ зурж, бүүр нохойныхоо хүзүүвчинд ч хадсан байх нь ажиглагдана. Хүмүүс ойрын хэдэн сар уулзаагүй танилындаа зочилно. Даанч тэдний баяр, цөхрөлийн нулимсыг дайны хар утаа арчихгүй нь харамсалтай.
Хотын өөр нэгэн хэсэгт мөн л хүмүүс олноор цуглан баяраа хуваалцана. Тэдний нэг захын худалдаачин Татьяна “Орос хүнгүй ням гараг бол хамгийн сайхан нь” хэмээв. Тэрбээр утсаа гаргаж ирэн 20 гаруй насны хүүгээ оросуудад баригдаж, есөн хоног зодуулсан зургийг үзүүлэв. Азаар түүний хүү эмнэлгээс гарсан даруйдаа Украинаас зугтаж чаджээ.
Мөн хотын иргэд “Оросуудыг байхад манай хот аюултай байсан. Хоттой ойрхон бөмбөгдөлт, дэлбэрэлтүүд болдог. Зарим нь ч Украины инженерүүдийн Орос цэргүүдийн суурилуулсан минаг устгах чимээ байсан байх. Бид шударга ёсыг хүсэж байна. Энд Оросуудад тусалсан олон хүн бий” хэмээн чимээгүйхэн нэгэн рүүгээ заана. Мөн тэд цагдаа нарыг хотдоо эргэн ирж, шударга ёсыг тогтоохыг хүсэж буй юм.
Л.Сайнаа
Эх сурвалж: BBC