АНУ-ын зүгээс Украинд болж буй дайны хөлд 100 мянга орчим Орос, 100 мянга орчим Украин цэрэг амь үрэгдсэн гэсэн судалгааг гаргаад байна. АНУ-ын Зэвсэгт хүчний штабын тэргүүн дарга, генерал Марк Милли “Энэхүү дайнаа уршгаар мөн 40 мянга гаруй энгийн номхон иргэд амь үрэгдсэн хэмээн таамаглаж байгаа” гэжээ. Эдгээр тоон судалгаа нь барууныхны үзэж буй хамгийн өндөр тооцоо гэдгийг албаны эх сурвалжууд мэдээлээд байна.
Сүүлийн өдрүүдэд Ерөнхийлөгч Владимир Зеленский, Владимир Путинтай хэлэлцээрийн шатанд уулзах хүсэлтэй буйгаа илэрхийлээд байгаа. Тэгвэл үүнтэй холбогдуулан генерал Марк Милли талуудад хандан “Дайны ялалтыг цэрэг, техникийн хүчээр олж авах боломжгүй гэдгийг санах ёстой. Хэлэлцээрийн түвшинд үүнийг бодолцон, зөвшилцөх хэрэгтэй” гэв.
Мөн АНУ-ын зүгээс талууд амь үрэгдэгсдийн тоог нуун дарагдуулж байгааг онцолсон байна. Өнгөрөгч наймдугаар сард Украины хэвлэлд мэдээлснээр 9000 орчим цэрэг амиа алдсан аж. Харин ОХУ-ын талын өнгөрсөн есдүгээр сард хийсэн мэдэгдэлд тус улсын 5937 цэрэг амь үрэгдсэнг дуулгасан. Тэгвэл энэ тоог АНУ-ын тал эрс эсэргүүцсэн байр суурьтай байна.
Л.Сайнаа