Доод Ижил мөрөн, Каспийн тэнгисийн хойд хэсэгт суурьшсан баруун монгол буюу ойрад аймгийнхан болох одоогийн Бүгд найрамдах Халимаг улсын эрх баригчид өөрсдийн бүрэн тусгаар тогтнолын төлөөх баримт бичгийг баталж, ард иргэддээ тарааж эхэлжээ. Тэд колоничлолын хараат байдлаас ангижрахыг шаардаж, олон үндэстний салан тусгаарлах үзэл сэргэж буйтай холбоотойгоор тусгаар тогтнолоо зарлаж, ОХУ-аас задран тусгаар тогтнохоор төлөвлөжээ.
XVI-XVII дугаар зууны үед Зүүнгарт амьдарч байсан монголчуудын нэг хэсэг нь Хөх нуурын орчим руу, нөгөө хэсэг нь төрөлх буурин дээрээ үлдсэн бол, гурав дахь хэсэг нь тухайн үеийн Оросын хаант улсын нутаг руу нүүжээ. Оросын хаант улсын нутаг рүү нүүсэн бүлэг монголчууд нь өнөөгийн Халимагууд юм.
Тусгаар тогтнолын тунхаглалд гадаадад байгаа болон ОХУ-д суурин байгаа хэд хэдэн төлөөлөгч гарын үсэг зурсны дотор “Яблоко” либерал намын орон нутгийн тэргүүн Батыр Боромангаев, Халимаг хэлний хөгжлийн төвийн захирал асан Арслан Санджиев зэрэг нөлөө бүхий төлөөлөгчид багтаж байгаа гэнэ. Мөн бүс нутагтаа танигдсан нэр хүндтэй улс төрчид буй ажээ.
Хэрвээ тэд тусгаар тогтнолоо авч чадвал 74,731 км квадрат газар нутгийг эзэмших юм. Тус улсын нийт хүн амын тоо сүүлийн үеийн судалгаагаар 250 гаруй мянгад бөгөөд нийт хүн амын 53 хувийг Халимаг, 33 хувийг Орос, үлдсэн хувийг бусад үндэстнүүд эзэлж байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (30)