Чех улсад байрлах мянга орчим жилийн настай Оссуари сүм нь жуулчдын хамгийн их очдог газруудын нэг бөгөөд жил бүр 200,000 гаруй жуулчдыг татдаг гэсэн судалгаа гарчээ. Эрт цагт энэхүү газар гэгээнтнүүдийг оршуулдаг байсан бөгөөд сүүлдээ оршуулгын газрыг хэмнэх зорилгоор нас барагсдын араг ясыг өөлж, засан барилгыг чимэглэхэд ашиглах болсон байна.
Барилгын дотоод засал ихэнхдээ хүний гавал болон дунд чөмөгний яснуудыг зүүж, хэлхэх байдлаар чимэглэсэнг харж болно. Харин барилгын дотор засал буюу гол багана, хана зэрэгт гавал, чөмөгний ясыг шигтгэх байдлаар чимэглэжээ. Мөн энд хүний ясаар хийсэн лааны суурь, гавлын яснуудаар зүүж хийсэн гэрлийн обжур мэт зүйл тэхий голд нь өлгөөтэй байдаг. Бусад бүтээлийн хувьд тахилын ширээг дагасан тулгуур болон цонхны хүрээг дагуулан өрж, наасан яснууд эзэлнэ.
Энэхүү сүмд нийт 40-70 мянган хүний араг байдаг гэсэн судалгаа бий. Уг хачин жигтэй сүмийг 1995 онд ЮНЕСКО-ийн соёлын өвөөр бүртгэн авчээ. Үүнтэй адил хэд хэдэн сүмүүд Европт буй бөгөөд хамгийн их хүний яс агуулж байгаа нь энэхүү сүм ажээ.
Өдгөө тус сүмийг үзэх гэж ирэх жуулчдын тоо өсөн нэмэгдсээр буй тухай Чехийн албан ёсны сайтад нийтэлжээ.
Л.Саяан