БНСУ-ын Сөүл хотын Юнсан дүүргийн Итэвон хороонд аравдугаар сарын 29-ний орой, “Halloween” буюу аймшгийн баярыг тэмдэглэхээр цугларсан иргэд шахцалдаан үүсгэсний улмаас 154 хүн нас барж, 133 хүн гэмтсэн нь Өмнөд Солонгосын түүхэнд хар дурсамж болон үлдэж байна.
Сөүл хотын оршуулгын газар амь үрэгдэгсдийн гашуудан буй гэр бүл, төрөл төрөгсдөөр дүүрчээ. Урт коридорийн төгсгөлд буйдан дээр Сим эхнэрийн хамт толгой гудайлган сууна. Хөл хөдөлгөөнтэй барилгын нэгэн өрөөнд тэдний хүү 28 настай Жеймс Симийн цогцос бий. Бас өөр өрөөнд Жэймсийн найз Юн, Жеймсийн найз охин үүрдийн нойронд автжээ.
Тэд бямба гарагийн шөнө хоёр найзын хамт тавуул Итэвоныг зорьсон нь Жеймсийн санаа байсан гэнэ. Тэрбээр найзууд дундаа хамгийн идэвхитэй нь байсан бөгөөд төрсөн өдөр, баяр ёслолын арга хэмжээг зохион байгуулдаг сэргэлэн нэгэн байсан нь өнөөдрийн эмгэнэлт явдлыг золиос болгохын чинээ хэн санах вэ дээ.
Жеймсийн эцэг уг аймшигт мэдээг сонссон даруйдаа хүүгийнхээ ор эзэнгүй байгааг анзаарч, холбоо барихыг оролджээ. Хэвийн байсан нөхцөл байдал огцом өөрчлөгдөж, хүмүүс хашхиралдан, шахцалдаж эхлэхэд тэдний хоёр нь гудамжны хажуугийн хашлагаар дамжин дээш гарч чаджээ. Үлдсэн тэд яаж ч чадалгүй амьсгал хураасан байна.
Жеймсийн эцэг, эхийн ярьж буйгаар тэр дасгал хөдөлгөөн сайн хийдэг бөгөөд үргэлж эрч хүчтэй явдаг нэгэн байжээ. Энэ амьдралын хэвшил нь түүний амийг аварч чадаагүй. Мөн тэр найз охинтойгоо удахгүй гэрлэх төлөвлөгөөтэй байсан бөгөөд сантехникчээр ажилладаг,ажилдаа ч дуртай байж. Шаргуу ажлын хажуугаар цанаар гулгах, серфинг хийх дуртай, мөн сайн ах байсан хэмээн түүний ээж нулимс дуслуулан өгүүлнэ.
Түүнийг оршуулах бунханы хажуугийн өрөөнд тэрний хар багын найзууд цуглажээ.
Найз Жү Сун: "Жеймс миний цорын ганц найз байсан. Би үнэхээр ичимхий хүүхэд байсан ч тэр надад урам өгч, бүх зүйлд нээлттэй байхыг ойлгуулсан. Намайг таеквондогоор хичээллэж, тамирчин болоход хамгийн том нөлөө үзүүлсэн. Тэр намайг илүү нийтэч болоход тусалсан" хэмээсэн юм.
Уг үйл явдлын хохирогчдын дийлэнх нь 20 гаран насны залуучууд байсан. Энэ үйл явдал 2014 онд тус улсын баруун өмнөд эрэгт болсон 250 орчим сурагчдыг тээвэрлэж явсан онгоцны ослын дараа орох өр өвтгөм хэрэг болж байна. Хэрвээ тэр хүүхдүүд өнөөдөр амьд байсан бол тэдэнтэй чацуу байх байсан билээ.
Жеймс болон түүний найзуудыг оршуулахад ирсэн, түүнтэй хамт явсан найзуудын нэг Рагу 2021 оны эхээр Малайзаас Солонгос улсад цагаачилж ирсэн бөгөөд гудамжинд түүний хувцаслалтын хэв маягийг тухай яриа өрнүүлснээр найзууд болжээ. Үйл явдал өрнөх үед Рагу-ийн дэргэд нэгэн залуу эмэгтэй ихээр уйлж эхэлсэн бөгөөд түүнд туслах гэж хичээсэн боловч чадаагүй ажээ. Мөн Жеймс рүү залгасаар байжээ.
Маргааш өглөө нь тэр олон нийтийн хэрэгслээр найзынхаа үхсэнг олж мэдсэн байна. Цагдаа нарын хэлснээр Жеймс олны хөлд гишгүүлсэн нь түүний үхлийн шалтгаан болсон аж.
Жеймсийн эцэг, эх “Бид хэнийг ч буруутгахгүй. Хүү маань түлхүүлснээс болоод л үхсэн. Хэнийг буруутгахаа ч бодох сөхөөгүй, зүгээр л уйлаахас хэтрэхгүй нь дээ ” хэмээсээр үлдэв.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (65)