ЭШЛЭЛ 1
Монголчууд бид байгалиас заяасан баялаг, нөөц боломждоо тулгуурлан хөгжих учиртай. Буянт мал сүрэг бол манай ард түмний үнэт эрдэнэ, манай улсын үндэсний баялаг юм.
ЭШЛЭЛ 2
Мал аж ахуй бол олон мянган жилийн турш нүүдэлчин монголчуудын ахуй амьдралын үндэс, улс орны хөгжил дэвшлийн суурь, тусгаар тогтнол, аюулгүй байдлын үнэт баталгаа болж ирсэн уламжлалт салбар төдийгүй эдийн засгийн хоёр дахь том салбар юм.
ЭШЛЭЛ 3
2021 оны байдлаар манай улсын малчин иргэдийн тоо 300 мянга гаруй байгаа бөгөөд энэ нь хөдөлмөр эрхлэх боломжтой нийт иргэдийн 15 орчим хувийг бүрдүүлж байна. Нийт малын тоо 1990 онд 26 сая байсан бол 2021 оны байдлаар 67 саяд хүрч, сүүлийн 31 жилийн дотор 41 саяар буюу 2.6 дахин өсөөд байна.
ЭШЛЭЛ 4
Мал аж ахуйн салбар нь манай улсын нийт эдийн засгийн 15 хувийг бүрдүүлж, албан ёсоор ажил эрхэлж байгаа таван хүн тутмын нэг нь мал аж ахуйн салбарт ажиллаж, 2021 онд 7.2 их наяд төгрөгөөр хэмжигдэх баялаг бүтээжээ.
ЭШЛЭЛ 5
Малын тоо, толгой эрс өсөж, малчдын орлого, амьжиргаа, нийгмийн хамгаалал тодорхой хэмжээнд сайжирч байгаа ч нийт малын бэлчээрийн 65 хувь доройтсон, газар нутгийн 77 орчим хувь цөлжсөн, хөдөө орон нутгаас хот суурин газар руу чиглэсэн иргэдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн зэрэг олон сорилт, бэрхшээл малчид, мал аж ахуйн салбарын өмнө тулгарч байна.
ЭШЛЭЛ 6
Дэлхий нийтийг хамарсан уур амьсгалын өөрчлөлт, цар тахал, геополитик, геостратегийн хурцадмал байдлаас шалтгаалсан хүнс, эрчим хүчний үнийн өсөлт болон дотоодын хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлууд нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлөө эрс эрчимжүүлэхийг шаардаж байна.
ЭШЛЭЛ 7
Иймээс тэнгэр, хангайгаа шинжиж, буянт мал сүргийнхээ үр шимийг хүртэж ирсэн монголчууд бид мал аж ахуйн салбарыг шинжлэх ухаанчаар хөгжүүлж, шинэ шатанд гаргах, цогц шинэчлэл хийх шаардлага зүй ёсоор урган гарч байна.
ЭШЛЭЛ 8
Манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 гаруй хувийг гаднаас авдаг бөгөөд зөвхөн өнгөрсөн онд гэхэд нэг тэрбум ам.доллартай тэнцэхүйц хэмжээний хүнсний бүтээгдэхүүнийг импортоор авчээ.
ЭШЛЭЛ 9
Тухайлбал, олон зуун жилийн нүүдлийн мал аж ахуйн соёлтой, 70-аад сая малтай, сүү, сүүн бүтээгдэхүүнээрээ дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах нөөц бололцоотой манай улс импортын хуурай сүүгээр хийсэн сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна.
ЭШЛЭЛ 10
Түүн дотроо нялх нярай, бага насны хүүхдүүд, өвгөд хөгшид маань эх орондоо үйлдвэрлэсэн шим тэжээлт сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж чадахгүй байна.
ЭШЛЭЛ 11
Ирэх таван жилийн хугацаанд мал сүргээ эрүүлжүүлж, малын ашиг шим, чанарт анхаарч, эрчимжсэн газар тариалан, мал аж ахуйг хослуулан хөгжүүлж, өргөн хэрэглээний 19 хүнсний нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахын зэрэгцээ бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох зорилт дэвшүүлэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж байна.
ЭШЛЭЛ 12
Дээрх зорилтыг ханган хэрэгжүүлэх хүрээнд Улсын Их Хурал “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчин, удирдлага зохион байгуулалт, бодлого, үйл ажиллагааны цогц шинэчлэл хийх бөгөөд ирэх таван жилийн хугацаанд хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд зориулан 1.7 их наяд төгрөгийн санхүүжилт хийхээр шийдвэрлээд байна.
ЭШЛЭЛ 13
Дээрх тогтоолд мал аж ахуйн салбарын хувьд малын удмын санг хамгаалах, бэлчээрийн менежментийг сайжруулах, усан хангамжийг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг тохиромжтой бүс нутагт хөгжүүлэх, мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бүрэн хяналтад авах зэрэгт 478 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан.
ЭШЛЭЛ 14
Өсөн үржиж, урган төлждөг хөдөө аж ахуйн баялаг, түүн дотроо мах, махан бүтээгдэхүүний экспортоор энэ том зах зээл рүү гарч, ашиг, орлого олохын зэрэгцээ бүс нутгийн болон дэлхийн хүн амын хүнсний хангамжид Монгол Улс хувь нэмрээ оруулах учиртай.
ЭШЛЭЛ 15
Малчдынхаа орлого, нийгмийн баталгааг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатай байна. Мал аж, ахуйн салбарын хөгжлийн нэг суурь асуудал нь малчдын орлого, нийгмийн баталгааг хангах асуудал юм.
ЭШЛЭЛ 16
Эн тэргүүнд малчдыг эрүүл мэнд, нийгмийн даатгалд бүрэн хамруулах, тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг боловсронгуй болгох, малчдад төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, чанартай хүргэхэд анхаарах ёстой.
ЭШЛЭЛ 17
Энэ хүрээнд төр, засгаас бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэж нэмсэн нь иргэдийн амьжиргааг дэмжих нэг чухал алхам болсон төдийгүй малчид таван жилээр эрт тэтгэвэр тогтоолгох эрх зүйн боломж бүрдээд байна.
ЭШЛЭЛ 18
Малчдын залгамж халааг бэлтгэх, шинэ залуу малчдыг дэмжин урамшуулах, орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд төрийн бодлогыг чиглүүлэх ёстой.
ЭШЛЭЛ 19
Малын тооноос илүүтэй чанар, ашиг шим, үйлдвэрлэлийн бүтээмжид онцгой анхаарах шаардлагатай байна. Олон жилийн турш монголчууд мал сүргийнхээ ашиг шим, үр өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэхээс илүүтэй малын тоо, толгойг өсгөхөд анхаарч ирсэн нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн олон хүндрэл, бэрхшээлийг бий болголоо.
ЭШЛЭЛ 20
Тухайлбал, малын тоо, толгой хэт нэмэгдсэнээр бэлчээрийн даац хэтэрч, өвс, ургамлын гарц, шим тэжээл жил ирэх тусам муудаж байгааг та бүхэн маш сайн мэдэж байгаа. Ийм учраас эн тэргүүнд бэлчээрийн менежментийг эрс сайжруулах асуудал нэн чухал байна.
ЭШЛЭЛ 21
Махны чиглэлийн цэвэр үүлдрийн 50 мянган толгой, сүүний чиглэлийн цэвэр үүлдрийн 50 мянган толгой үхрийн аж ахуй, махны болон нарийн ноост хонины үржлийн цөм сүргийн аж ахуйг байгуулахаар тусгаад байна.
ЭШЛЭЛ 22
Ирэх таван жилд Монгол Улсыг малын халдварт болон гоц халдварт өвчингүй эрүүл бүс болгох шаардлагатай байна.
ЭШЛЭЛ 23
Био бэлдмэлийн дэвшилтэт үйлдвэрлэлийг эх орондоо бий болгож, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болох шаардлагатай.
ЭШЛЭЛ 24
Ойрын хугацаанд экспортод чиглэсэн малын өвчингүй эрүүл бүсийг бий болгох ажлыг эрчимжүүлж, хорио цээрийн бүс тогтоож, дотоод, гадаадын мэргэжлийн байгууллагуудын шаардлага, стандарт, зөвлөмжийг ханган хэрэгжүүлж, монгол малыг эрүүл гэдгийг баталгаажуулах ажлын явц, үр дүнг олон улсын түвшинд сурталчлан таниулж, хүлээн зөвшөөрүүлэхийн зэрэгцээ малын эрүүл мэндийг хамгаалахад малчдын үүрэг, оролцоо, хариуцлагыг эрс нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Сэтгэгдэл (31)