БАРИМТ 1
М.Анхцэцэг Улаанбаатар хотод 1997 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр айлын ууган охин болон мэндэлжээ.
БАРИМТ 2
Тэрбээр 10 настайдаа хүндийн өргөлтийн спортоор хичээллэж байхад эцэг, эх нь дургүй байсан гэдэг. Гэсэн ч тэр нууцаар бэлтгэл сургуулилт хийдэг байв.
БАРИМТ 3
М.Анхцэцэгийг 2009 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс анхны амжилт (хүрэл медаль)–аа үзүүлэхэд нь зөвшөөрсөн байна. Тэр үед М.Анхцэцэг дөнгөж 12 настай байжээ.
БАРИМТ 4
Тэр 2010 онд спортын мастер, 2011 онд 14 настайдаа олон улсын мастер цол хүртэж байлаа.
БАРИМТ 5
2014 оны өсвөр үеийнхний Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэхэд спорт сонирхогчид түүнийг “ирээдүйтэй тамирчин болно” хэмээн итгэл тавин харах болсон. Тэр олны итгэлийг алдаагүй.
БАРИМТ 6
Тэрбээр 2016 оны Залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртэж, дэлхийд танигдаж байлаа.
БАРИМТ 7
2016 онд “Рио-2016” зуны олимпын наадамд амжилттай оролцож, шилдэг найман тамирчны нэг болсон юм. М.Анхцэцэг тэр үед ердөө 19 настай байлаа.
БАРИМТ 8
Харин 2017 онд Азийн танхимын болон тулааны спортын наадамд торохгүй түрүүлж, насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнээр Монголын хүндийн өргөлтийн анхдагч болов.
БАРИМТ 9
Түүнд анхдагч олон амжилт бий. 2019 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс мөнгө, насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Ингэснээр тэр ДАШТ-ий хошой медальтан болсон цор ганц тамирчин болсон.
БАРИМТ 10
Түүнд туйвангийн бэлтгэл сургуулилт заасан анхны багш нь гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр. Тэр багш дээрээ анх бэлтгэл хийсэн цагаас хүндийн өргөлтийн спортын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, өдгөө есөн жилийг үджээ.
БАРИМТ 11
Түүний эцэг, эх нь армийн хүмүүс. Тэр өөрөө ч “Алдар” спорт хороонд харьяалагдаж, бэлтгэл сургуулилтаа хангаж, тэмцээн уралдаанд оролцож байна.
БАРИМТ 12
М.Анхцэцэгт Казахстан, Узбекистан, БНСУ, АНУ-аас эх орныхоо нэрийн өмнөөс тэмцээнд оролцох таатай нөхцөл санал болгосон ч тэр хүлээж аваагүй юм.
БАРИМТ 13
Түүнээс яагаад гадныхны саналыг аваагүй юм хэмээн асуухад “Би мөнгөний төлөө штанг өргөдөггүй, эх орныхоо төлөө өргөдөг. Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүлэх нь миний зорилго” хэмээн хэлсэн удаатай. Тэр их мөнгөний өмнө сөхрөөгүй.
БАРИМТ 14
Тэр өдгөө улсынхаа дээд амжилтыг 70 орчим удаа шинэчилсэн нэгэн.
БАРИМТ 15
М.Анхцэцэг Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Золжаргалтай гал голомтоо бадрааж, охинтой болсон нь 2018 он.
БАРИМТ 16
Түүний хоёр дүү хүндийн өргөлтийн спортоор хичээллэж буй бөгөөд улсдаа нэртэй тамирчид юм.
БАРИМТ 17
Түүний хамгийн дурсамжтай тэмцээн бол "Ашгабат-2017". Тэр бэртэлтэй хэрнээ тус тэмцээнд шүд зуун оролцож, төрийн дууллаа эгшиглүүлж байв.
БАРИМТ 18
Тэр өдөрт 2-3 бэлтгэл хийж, дунджаар 18-23 тонны ачаалал авдаг.
БАРИМТ 19
Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос өнгөрсөн долдугаар сарын 3-ны өдөр түүнд олимпын эрх авсаныг баталгаажуулсан захидал ирүүлж байлаа.
БАРИМТ 20
М.Анхцэцэг Японы нийслэл Токио хотод болсон зуны олимпын наадамд дөрөвдүгээр байрт шалгарсан.
БАРИМТ 21
Тэрбээр тус тэмцээний дараа хэлсэн үгэндээ “Дараагийн олимпоос алтан медаль авч, та нарыгаа баярлуулна аа” хэмээсэн.
БАРИМТ 22
М.Анхцэцэг Узбекистаны нийслэл Ташкент хотод болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ий 75 кг-д Азийн аварга болохдоо нийлбэрээр 244 (112+132) кг-аар түрүүлж Монголын хүндийн өргөлтийн спортын анхны дэлхийн аварга болж байв.
БАРИМТ 23
Харин Бахрейний Манамад болж буй хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн -87 кг-ын жинд 3 алтан медаль хүртэж зургаан жилийн дараа дахин түрүүллээ.
БАРИМТ 24
Тэрбээр огцом өргөлтөөр 114, түлхэлттэй өргөлтөөр 135, нийлбэр дүнгээр 249 өргөж, 6 жилийн дараа Азийн хошой аварга болж байна.
Сэтгэгдэл (5)