ЭШЛЭЛ 1
Төсөв, мөнгө, санхүүгийн бодлогын арга хэмжээ үр дүнгээ өгч, дотоод эрэлт эрчимжсэнээр эдийн засаг 2022 оны эхний хагас жилд өнгөрсөн оны мөн үеэс 1.9 хувиар тэлээд байна. Тээвэр, уул уурхай, барилгын салбараас бусад бүх салбар өсөж, өрхийн хэрэглээ, хөрөнгө оруулалт үргэлжлэн сэргэснийг энд онцлох нь зүйтэй. Цаашид экспорт үргэлжлэн сэргэсэн тохиолдолд эдийн засаг энэ онд 3 хувь, ирэх онд 4-5 хувиар өсөх тооцоололтой байна.
ЭШЛЭЛ 2
Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд инфляц дотоод эдийн засгийн идэвхжлээс гадна гадаад үнэ, шатахуун, эрчим хүчний үнэ, валютын ханш, тээвэр логистикийн хүндрэл зэргээс шалтгаалан өсөөд байна. Манай улсын хувьд нийт инфляцын 60-70% нь тээвэр болон гадаад үнэ, түүний шууд болон дам нөлөөгөөр бий болж байна.
ЭШЛЭЛ 3
Инфляцыг 2023 онд нэг оронтой тоонд, дунд хугацаанд 6±2 нэгж хувийн интервалд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ.
ЭШЛЭЛ 4
Экспортын орлогыг нэмэгдүүлэхгүйгээр эдийн засгийн аливаа хүндрэлийг давах, валютын ханшийг тогтворжуулах бололцоогүй гэдгийг онцлон тэмдэглэмээр байна.
ЭШЛЭЛ 5
Энэ он гарсанаас хойш бодлогын хүүг 4-н удаагийн шийдвэрээр нийтдээ 6 нэгж хувиар нэмэгдүүлж, бодлогын тохиргоог хийгээд байна. Гэвч цаашид дан ганц мөнгөний бодлогыг хатууруулах замаар одоогийн асуудал, хүндрэлийг шийдвэрлэх гэж оролдох нь хувийн секторт илүү их гарз хохиролтой байх болно. Иймд бусад бодлогын тохиргоо, үйл ажиллагааны зохион байгуулалтыг цаг алдалгүй хийх нь маш өндөр ач холбогдолтой.
ЭШЛЭЛ 6
Худалдааны тэнцэл муудсан нь валютын цэвэр орох урсгал багасахад нөлөөлж байна. Худалдааны тэнцлийн алдагдал тэлэхэд сүүлийн улирлуудад дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өндөр түвшинд байсан боловч манай экспортын үнэ бодитоор бага, төсвийн өндөр зардал, хямралын дараах эдийн засгийн сэргэлт зэрэг нь нөлөөлж байна.
ЭШЛЭЛ 7
Төлбөрийн тэнцлийн тусгал болох валютын орох, гарах урсгалын зөрүү нь эцэстээ хатуу мөнгөний бодлоготой зэрэгцэн банкны систем дэх эх үүсвэрийг бууруулж, улмаар зээлийн өсөлтийг сааруулж эхлээд байна.
ЭШЛЭЛ 8
Юун түрүүнд улсын санхүүгийн нөөц чадавхийг хамгаалахад онцгойлон анхаарсан хатуу төсөв, мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, хөгжлийн бодлогыг гадаад эх үүсвэрт тулгуурлан дотоод санхүүгийн чадавхитай нийцүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай байна.
ЭШЛЭЛ 9
Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2023 онд баримтлах үндсэн чиглэлд гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангахад макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэхэд онцгойлон анхаарав.
ЭШЛЭЛ 10
Дунд, урт хугацаанд эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад аж үйлдвэрийн салбарын боловсруулалтыг гүнзгийрүүлж, импортыг орлох салбарыг хамгаалж, экспортыг дэмжин эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтыг төсөв, мөнгөний бодлого, санхүүгийн зохицуулалтын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай.
ЭШЛЭЛ 11
Логистикийн хүндрэлийг шийдвэрлэн хилийн гацааг арилгаснаар л экспортын орлогыг нэмэгдүүлж, худалдааны эргэлтийг сайжруулж, тээврийн зардлыг бууруулан үнэ, ханшийн дарамтыг шийдвэрлэх боломжтой юм.
ЭШЛЭЛ 12
Гадаад орчны сөрөг нөлөөг зөөлрүүлж, эдийн засгийг дэмжих зайлшгүй хийх арга хэмжээ нь гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, гадаад санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх явдал болж байна.
ЭШЛЭЛ 13
Дунд хугацаанд тогтвортой хөгжлийн нэн чухал хүчин зүйл болоод буй уул уурхайн бус экспортыг дэмжих чиглэлээр гадаад худалдааны санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхийн зэрэгцээ тогтвортой ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлд үргэлжлүүлэн дэмжихээр зорьж байна.
ЭШЛЭЛ 14
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг үндэсний хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэх, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад иргэд, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, түүнд шаардлагатай арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх ажлуудыг зорилт болгож байна.
ЭШЛЭЛ 15
Монголбанкны 2023 оны бодлого, үйл ажиллагаа инфляцыг зорилтот түвшинд эргүүлэн тогтворжуулах замаар эдийн засагт эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангах, тогтвортой өсөлтийн суурь нөхцлийг бий болгоход дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.
Сэтгэгдэл (6)