УИХ-ын намрын чуулганаар 2023 оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Уг хуулийн төслөөс Монгол Улсын Засгийн газрын гадаад, дотоод өрийн тухай мэдээллийг хүргэж байна.
Монгол Улс нийт гадаад өрийн хэмжээ 33,3 тэрбум ам.доллартой тэнцэж байна. Үүнээс 8,1 тэрбум ам.долларыг Засгийн газрын гадаад өр эзэлж буй.
Засгийн газрын өрийн үлдэгдэл 2022 оны хагас жилийн нэрлэсэн дүнгээр 28.5 их наяд төгрөг, өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ний 50.1 хувийн гүйцэтгэлтэй байв. Харин 2022 оны жилийн эцсийн байдлаар 35.6 их наяд төгрөг, өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ний 56.6 хувьд хүрэх төсөөлөлтэй байна.
Засгийн газрын гадаад зээл
Монгол Улсын Засгийн газрын зүгээс 1991 оноос 2021 оны хооронд нийт 7,685.2 сая ам.доллартой тэнцэх хэмжээний зээлийн хөрөнгийг 22 зээлдүүлэгчийн 326 төсөл хөтөлбөрт зарцуулсан байдаг.
Үүнээс 2022 оны хагас жилийн байдлаар 1,886.7 сая ам.долларыг эргэн төлж 5,798.5 сая ам.доллартой тэнцэх үлдэгдэлтэй байна.
Энэхүү гадаад зээлийн хөрөнгийг төслийн зээлийн хүрээнд 5,002.0 сая ам.доллар, хөтөлбөрийн зээлийн хүрээнд 2,685.2 сая ам.доллартой тэнцэх хэмжээний хөрөнгийг авч ашигласан бөгөөд гадаад төслийн зээлийн ашиглалтын:
- 39.5 хувийг барилгын ажил,
- 26.2 хувийг тоног төхөөрөмж,
- 14.4 хувийг үйл ажиллагааны зардал,
- 12.7 хувийг зөвлөх үйлчилгээний зардалд,
- 5.1 хувийг магадалшгүй зардалд
- 2.1 хувийг санхүүгийн шимтгэлд зарцуулсан байна.
Мөн Засгийн газрын гадаад төслийн зээлийн ашиглалтыг дараах хүснэгтээр харуулж байна.
Харин Засгийн газрын гадаад төслийн зээлийн ашиглалтын:
- 46.6 хувийг дэд бүтцэд
- 29.2 хувийг эргэлтийн хөрөнгөд
- 24.1 хувийг нийгмийн чанартай төсөл хөтөлбөрүүдэд зарцуулжээ.
Засгийн газрын дотоод өр
Засгийн газрын дотоод үнэт цаас Сангийн яамны зүгээс Засгийн газрын үнэт цаасыг 2012 оны арванхоёрдугаар сараас эхлэн Монголбанкаар дамжуулан, 2014 оны арваннэгдүгээр сараас эхлэн Монголын хөрөнгийн биржээр дамжуулан тус тус нээлттэй хэлбэрээр арилжаалж эхэлжээ.
Засгийн газар 2012-2017 онуудын хооронд 15.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний үнэт цаасыг арилжаалсан байна. Үүний:
- 70 хувь буюу 11.1 их наяд төгрөгтэй тэнцэх үнэт цаасыг Монголбанкаар
- 10 хувь буюу 1.6 их наяд төгрөгтэй тэнцэх үнэт цаасыг Монголын Хөрөнгийн Биржээр,
- 20 хувь буюу 3.2 их наяд төгрөгтэй тэнцэх үнэт цаасыг хаалттай хэлбэрээр арилжаалсан байна.
Түүнчлэн 2013 онд арилжаалсан үнэт цаасны дундаж хүү 9.6 хувьтай тэнцэж байсан бол үнэт цаас гаргалтын хэмжээ, Төв банкны -77 бодлогын хүү зэргээс хамаарч 2016 онд 16.9 хувь, 2017 онд 13.3 хувьд хүрч өсөж байжээ.
Засгийн газрын дотоод үнэт цаасны үлдэгдэл 2022 оны эхний хагас жилийн байдлаар 517.7 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Үүнээс 386.1 тэрбум төгрөг төсвийн алдагдал санхүүжүүлэх,
35.0 тэрбум төгрөг хүний хөгжил сангийн алдагдлыг санхүүжүүлэх, үлдсэн 96.6 тэрбум төгрөгийг "Сайн хувьцаа" хөтөлбөрийг санхүүжүүлэх зориулалтаар арилжаалсан үнэт цаасны өрийн үлдэгдэл эзэлж байна.
Сангийн сайдын 2022 оны долоодугаар сарын 6-ны өдрийн 145 дугаар тушаалын дагуу Засгийн газрын өрийн оновчтой багцын бүтцийг бий болгох, Засгийн газрын санхүүжилтийн хэрэгцээг бага зардлаар, боломжит эрсдэлийн түвшинд хангах зорилгоор 300.0 тэрбум төгрөгтэй тэнцэх Засгийн газрын дотоод үнэт цаасыг 2022 оны долоодугаар сард "Хадгаламжийн даатгалын корпораци сан"-д арилжаалсан юм.
Д.Батчулуун