Хөгжлийн банкнаас зээлсэн Төрийн өмчит компаниудын өр төлбөрийг яаралтай барагдуулахаар Засгийн газрын 2022.08.24-ний хурлаар шийдвэрлэсэн. “Эрдэнэс Монгол”, Эрчим хүчний яам, Эгийн голын УЦС, МИАТ, НОСК, ТОСК зэрэг төрийн өмчит компаниудын Хөгжлийн банкин дахь өр нь 595.6 тэрбум төгрөг байсан юм.
Энэ шийдвэрийн дагуу “Эрдэнэс Монгол” ХХК 117.2 тэрбум төгрөгийн өр төлбөрөө өчигдөр Хөгжлийн банкинд барагдуулжээ. “Эрдэнэс Монгол” ХХК Хөгжлийн банкинд 156.947 тэрбум төгрөгийн өртэй байснаас ийн 117.2 тэрбумыг нь барагдуулаад байгаа юм.
Энэ компанийн өрийг түүний охин компани болох “Эрдэнэс Тавантолгой” ХК төлөөд буй юм. Одоо “Эрдэнэс Монгол” ХХК Хөгжлийн банкинд 40 тэрбум төгрөгийн өртэй үлдэж буй ажээ.
О.Балдан-Очир