БАРИМТ 1
Монгол Улсын төсвийн нийт орлогыг 2023 онд 19.6 их наяд байхаар төсөөлжээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 3.3 их наядаар орлогыг өсгөсөн үзүүлэлт.
БАРИМТ 2
Төсвийн орлогоос 132.7 тэрбум төгрөгийг Төсвийн тогтворжуулалтын санд, 540 тэрбум төгрөгийг Ирээдүйн өв санд төвлөрүүлнэ.
БАРИМТ 3
Уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүн буюу зэсийн үнийг тонн тутамд 8386.7 ам.доллар байхаар тооцоод 2023 онд зэсийн орлогоос 3.2 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төсөөлсөн байна.
БАРИМТ 4
Төсвийн орлогын гурваас дээш хувийг бүрдүүлдэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний нэг нүүрсийг тонн тутамд 110.8 ам доллар байхаар тооцжээ. Улмаар нүүрсний орлогоос 129.5 тэрбум төгрөгийг төсвийн орлогт төвлөрүүлэхээр төсөлд тусгасан байна. Нүүрсний экспортын хэмжээг 36.5 сая тонн хэмээн төсөөлж байгаа.
БАРИМТ 5
Уул уурхайн салбарын орлогыг 4909.5 тэрбум төгрөг буюу нийт төсвийн орлогын 25 хувь байхаар төсөөлжээ. Үүний 2515.1 тэрбум төгрөг нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого, 1024.9 тэрбум төгрөг нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, 566 тэрбум төгрөг нь төрийн болон тбрийн өмчит аж ахуйн нэгжийн ногдол ашгийн орлого байх нь.
БАРИМТ 6
Төсвийн орлогыг бүрдүүлдэг нэг гол хүчин зүйл нь татварын орлого. Ирэх онд татварын орлогоор 17 их наяд төгрөг бүрдүүлнэ. Энэ нь татвараас олох орлого өмнөх оныхоос даруй 25.2 хувиар нэмэгдэж байна гэсэн үг. Үүний 4530 тэрбум төгрөг нь НӨАТ-ын орлого, 3597.3 тэрбум төгрөг нь НДШ-ийн орлого, 3509.7 нь орлогын албан татварын орлого, 1520 тэрбум төгрөг нь гадаад үйл ажиллагааны орлого, 966 тэрбум нь бусад татварын орлого байхаар төсөөлжээ.
БАРИМТ 7
“Петро чайна дачин тамсаг” болон “Доншен газрын тос” зэргээс бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 425 тэрбум төгрөгийг газрын тосны орлогоор төвлөрүүлнэ. Ирэх онд газрын тосны экспортын хэмжээг 6.5 сая баррель, нэг баррель газрын тосны үнийг 83 ам.доллар байхаар төсөөлжээ.
БАРИМТ 8
Украины дайнтай холбоотойгоор манай улсын дээгүүр дамжин өнгөрөх навигацын орлого буурсан. Ирэх онд навигацын үйлчилгээний орлогоор улсын төсөвт 150 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн.
БАРИМТ 9
Ирэх оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа Төрийн хэмнэлтийн тухай хууль болон Шинэ сэргэлтийн бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн хэмээн Сангийн яамнаас мэдэгдэж буй. Төсвийн урсгал зардал 2023 онд 15 их наяд төгрөгт хүрэхээр байгаа бөгөөд үүний 61 хувь нь тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө, эрүүл мэнд, боловсролын салбарыннхны цалин хөлст зарцуулагдана.
БАРИМТ 10
Хүүхдийн мөнгийг амьжиргааны төвшнөөс нь хамааран нийт хүүхдийн 91 хувьд нь олгоно.
БАРИМТ 11
Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Засгийн газар шинээр агентлаг байгуулж буй бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ойн газар нь 38 орон тоотой байхаар ирэх оны төсөвт суулгажээ.
БАРИМТ 12
Засгийн газрын бүрэлдэхүүнд шинээр оруулж ирсэн Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга гэсэн гурван сайдын ажлын албыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын багцад суулгахаар төсөвлөжээ.
БАРИМТ 13
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2023 онд шинэ төслийг санхүүжүүлэхгүй. Харин он дамжсан төслүүдийг санхүүжүүлнэ. 2023 онд улсын төсвөөс 1061 төсөл арга хэмжээг санхүүжүүлнэ. Үүний 119 нь сургууль, 114 нь цэцэрлэг, 45 нь дотуур байр, 18 сургууль цэцэрлэгийн цогцолбор, 8 театр, 9 музей, 38 соёлын төв, 20 спорт цогцолбор, 36 спорт заал, 11 ахмадын хөгжлийн төв, 79 эмнэлэг, 80 автозамын төсөл, 8 автозамын байгууламж, 17 гүүр, 56 инженерийн шугам сүлжээ, 24 цахилгаан хангамжийн төсөл, 11 дулааны шугам сүлжээ, 4 дулааны станц зэрэг байгаа ажээ. Эдгээрийн 86 хувийг ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
БАРИМТ 14
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөл хөтөлбөрт 339.7 тэрбум төгрөгийг тусгажээ.
БАРИМТ 15
Монгол Улсын нийт гадаад өр 2022 оны хагас жилийн дүнгээр 33.3 тэрбум ам.доллар байгаа. Үүний 21.3 тэрбум доллар нь аж ахуйн нэгжүүдийнх, 8.1 тэрбум доллар нь Засгийн газрынх, 2.5 тэрбум доллар нь Төв банкны, үлдсэн 1.4 тэрбум доллар нь арилжааны банкуудынх байгаа юм. Засгийн газрын гадаад өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдлийг 2023 онд 53.2 хувьтай тэнцэхээр төсөөлжээ.
БАРИМТ 16
2023 онд Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх төлөвлгөөнд тусгасан стратегийн ач холбогдол бүхий төсөлд 1 тэрбум ам,доллартай тэнцэх гадаад өрийн баталгаа гаргаж магадгүй. Ингэвэл өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдлийн ДНБ-д эзлэх хэмжээ 60.1 хувьд хүрнэ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд энэ үлдэгдлийг 2023 онд 65 хувиас хэтрүүлэхгүй байхаар заасан байдаг.
БАРИМТ 17
Монгол Улсын Хөгжлийн банк Самурай бондын үндсэн төлбөрийг 2023 оны арванхоёрдугаар сард төлнө. Энэ бондод Монгол Улсын Засгийн газар баталгаа гаргасан билээ.
БАРИМТ 18
Засгийн газраас олон улсын зах зээлд арилжаалсан гадаад үнэт цаасны үлдэгдэл энэ оны хагас жилийн байдлаар 8994.9 тэрбум төгрөг буюу 2869.9 сая ам,доллар байгаа юм. Үүнээс 2023 онд “Гэрэгэ” бондын 533.1 сая доллар төлөх юм.
БАРИМТ 19
2023 онд төлөх гадаад үнэт цаасын хүүгийн зардал 174.8 сая доллар.
БАРИМТ 20
Төсвийн нийт орлого 19.6 их наяд, төсвийн орлого 18.9 их наяд бол зарлага 20.5 их наяд төгрөг байхаар төсөөлжээ. Ингэснээр алдагдал 1.6 их наяд буюу ДНБ-ий 2.8 хувьтай тэнцэж байна.
БАРИМТ 21
Төсвийн төсөлд байгаа нэг анхаарал татаж зүйл нь эдийн засгийн либералчлал бөгөөд үүний нэг нь банкны салбарт хийгдэх нь. Банкны салбарын реформ, өрсөлдөөнийг дэмжихийг ирэх оны Төсвийн хуулийн төсөлд дурдан гадаадын банк Монгол Улсад салбараа нээх процессыг хялбаршуулж, өрсөлдөөнийг дэмжинэ гэж тусгаад буй юм.
БАРИМТ 22
Ирэх онд баялгийн бус ДНБ-ий өсөлт 11 хувьтай тэнцэж буй бөгөөд нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлт 14.3 хувь байгаа юм.
БАРИМТ 23
Ирэх оны төсвийн төсөлд эдийн засгийн өсөлтийг таван хувьд хүргэхээр төсөөлжээ. Энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2.6 хувьтай байгаа. Харин инфляцын арвын дотор барихаар төсөөлжээ.
БАРИМТ 24
Эцэст нь хэлэхэд ирэх оны Төсвийн тухай хуулийн төсөл 2023 оны төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг ДНБ-ий 3.6 хувиас, Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл ДНБ-ий 65 хувиас ихгүй байх төсвийн тусгай шаардлагад нийцэж буй ажээ.