ФАТФ-ын 2017 оны шалгалтад бүдэрч шууд хэрэгжүүлэх 11, техник хэрэгжилтийн 40 төрлийн зөвлөмж биелүүлэх үүрэг хүлээсэн ч Монгол Улс үүнийг нь биелүүлээгүйн улмаас 2019 онд “Саарал жагсаалтад” орсон. Энэ нь Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чадваргүй хэмээн ФАТФ зарласан гэсэн үг.
Ийн ФАТФ-ын саарал жагсаалтад орсон ч зөвлөмжүүдийг яаралтай хэрэгжүүлснээр зургаан сарын дотор манай улс саарал жагсаалтаас гарч байлаа. Өдгөө эдгээр шууд хэрэгжүүлэх 11 болон техник хэрэгжилтийн 40 зөвлөмжөөс нэгээс бусдыг нь Монгол Улс биелүүлээд буй.
Шууд хэрэгжилтийн 11 зөвлөмжөөс долоог нь бүтэн, дөрвийг нь хагас хэрэгжүүлсэн хэмээн үнэлэлт аваад буй манай улс техник хэрэгжилтийн 40 зөвлөмжөөс нэгийг нь хэрэгжүүлж амжаагүй байгаа. Энэ үлдээд байгаа нэг зөвлөмж нь Төрийн бус байгууллагуудын тухай хууль батлах тухай юм.
ФАТФ-ын дараагийн шалгалт 2023 онд Монгол Улсад хийгдэх хуваарьтай байгаа бөгөөд энэ шалгалтад бэлэн эсэх талаар асуусан сэтгүүлчийн асуултад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “ФАТФ-ын шалгалт өнөөдөр ирсэн ч бид бэлэн” хэмээн хариуллаа.
О.Балдан-Очир