БАРИМТ 1
Япон улсын Ерөнхий сайд асан Шинзо Абэ Монгол Улсад гурван удаа айлчилсан Ерөнхий сайд гэдгээр түүхэнд бичигдэн үлдлээ.
БАРИМТ 2
Энэ жил Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй. Харин энэ үед Япон-Монголын харилцааг бэхжүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан Ерөнхий сайд асан Абэ Шинзо амиа алдсан нь монголчуудын хувьд цочирдом үйл явдал болсон юм.
БАРИМТ 3
Шинзо Абэгийн засаг захиргаа 2012 оны сүүлчээр сонгуульд ялснаас хойш 2020 онд тэтгэвэрт гарах хүртэл Япон-Монголын харилцааг бэхжүүлэхэд тууштай ажиллаж, хүчин чармайлт гаргасаар ирсэн бөгөөд 2015 онд хоёр улс стратегийн түнш болсон билээ.
БАРИМТ 4
Тухайлбал, Монголын эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэхийн тулд худалдаа, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэхийн зэрэгцээ экспортыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийг төрөлжүүлэхэд онцгой анхааран ажиллаж байсан юм.
БАРИМТ 5
Япон улсын Ерөнхий Сайд Абэ Шинзо нь 2013 оны гуравдугаар сарын 30-наас 31-н хүртэл Япон, Монголын дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад анхны төрийн айлчлал хийсэн.
БАРИМТ 6
Айлчлалын хүрээнд тухайн үеийн Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай дээд хэмжээний яриа хэлэлцээг хийхийн зэрэгцээ, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой уулзаж байв.
БАРИМТ 7
Энэ үеэр экспортыг нэмэгдүүлж, аж үйлдвэрийг төрөлжүүлэхийн тулд Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг ил тод, тогтвортой болгох нөхцөл боломжийг бүрдүүлэх “Эрч” санаачилгыг хэрэгжүүлэхээ зарлаж байв.
БАРИМТ 8
Үүнээс хойш 2015 онд Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн.
БАРИМТ 9
Албан ёсны айлчлал хийхдээ хоёр орны Иж бүрэн түншлэлийн харилцаа амжилттай шат ахин хөгжиж байгааг нотолж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Монголын экспортыг нэмэгдүүлэх, болон аж үйлдвэрийг төрөлжүүлэхэд чиглэсэн “Эрч нэмэх” санаачилгыг дэвшүүлсэн. Үүнийг хоёр тал амжилттай хэрэгжүүлсэн.
БАРИМТ 10
2015 оны айлчлалынх нь үеэр УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдаж, Абэ Шинзо Монголын парламентын танхимаас монголчуудтай мэндчилж байлаа.
БАРИМТ 11
Мөн 2015 оны айлчлалаар гэргий Акие Абегийн хамт айчилсан. Түүний гэргий үндэсний үйлдвэрлэгч “Говь”-ийн ноолууран ороолтоор гангарсан байв. Энэ нь Шинзо Абэгээс илүүтэй олны анхааралд өртсөн юм. Цагаан өнгөтэй тэрхүү ороолт дээр алдарт "Монголын нэг өдөр" зураг байгаа бөгөөд One Day of Mongolia гэсэн бичигтэй байжээ.
БАРИМТ 12
Тэрбээр Монгол Улсад 2016 онд гурав дахь удаагаа айлчилсан бөгөөд энэ нь түүний манай улсад айлчилж буй хамгийн сүүлийн айлчлал нь байв.
БАРИМТ 13
Тухайн үед Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн урилгаар АСЕМ-ын уулзалтад оролцохоор Монгол Улсад айлчилсан.
БАРИМТ 14
2016 онд манай улс Японы Күмамото мужид болсон газар хөдлөлтөд нэрвэгдсэн Японы ард иргэдэд эмгэнэл илэрхийлж, хандив илгээсэн удаатай. Энэ талаар айлчлалын үеэр дурдаж, Монголын ард түмэнд талархал илэрхийлж байсан билээ.
БАРИМТ 15
Японы гадаад бодлогын үүднээс авч үзвэл Монголыг ойрын түнш болгох нь Токиод Хойд Солонгостой харилцах зэрэг бүс нутгийн асуудлыг зохицуулахад туслах байв. Түүнчлэн Монголын ардчилсан засаглал, нийгэм нь төр засаг, ард иргэд хоорондын харилцааг бэхжүүлсэн.
БАРИМТ 16
Мөн түүний засаглалын үед Япон дахь монгол оюутнууд, ажилчдын тоо асар нэмэгдсэн.
БАРИМТ 17
Тэрбээр богино хугацаанд Монголд олон удаа айлчилсан Японы анхны Ерөнхий сайд юм.
БАРИМТ 18
Мөн Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга гэсэн гурван өөр Ерөнхийлөгчтэй уулзсан Японы анхны Ерөнхий сайд. Энэ нь Япон-Монголын дипломат харилцааг Засгийн газруудын дээд түвшинд тууштай, чин сэтгэлээсээ үнэлж байгааг харуулж буйн илрэл юм.
БАРИМТ 19
Түүний Монгол Улсад хийсэн хоёр дахь удаагийн төрийн айлчлалын дараа Японы Өөрийгөө хамгаалах хүчин НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын “Хааны эрэлд” олон талт цэргийн сургалтад хамрагдаж эхэлсэн.
БАРИМТ 20
Абэгийн засаг захиргаа Япон-Монголын харилцаанд үлдээсэн өв нь стратегийн түншлэлийн харилцааг бодит ажил болгож, Засгийн газар болон ард түмний харилцааг бэхжүүлсэн юм.
БАРИМТ 21
Хөшгийн хөндийн нисэх буудлын төсөлд зээл олгосон бөгөөд 2015 онд Монголын талын хүсэлтийг үндэслэн 36 тэрбум 850 сая иений зээл нэмж олгож байв.
БАРИМТ 22
Түүний Монгол Улсад айлчилсан айлчлалаас хамгийн богино хугацаанд үргэлжилсэн айлчлал нь 2015 онд байв. Тус айлчлал ердөө дөрвөн цаг үргэлжилсэн.
БАРИМТ 23
Ийнхүү тэрбээр 67 насандаа харамсалтайгаар амиа алдсан юм. Түүнийг амиа алдсаны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар Улаанбаатарт суугаа Япон Улсын Элчин сайдын яаманд зочилж, Абэд хүндэтгэл үзүүлж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурсан билээ.
БАРИМТ 24
Өнөөдөр буюу есдүгээр сарын 27-ны өдөр Абэ Шинзог сүүлчийн замд нь үдэх төрийн ёслол болно. Уг ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоно.
Сэтгэгдэл (1)