ЭШЛЭЛ 1
Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулган нь цар тахлын дараах дэлхийн улс орнуудын нийгэм, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, олон улсад үүсээд буй хямрал, зөрчилдөөнийг яриа хэлэлцээ, энхийн замаар шийдвэрлэх арга замыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн үзэж байна.
ЭШЛЭЛ 2
Монгол Улс НҮБ-ын хариуцлагатай гишүүн улс байж, олон улсын хамтын нийгэмлэгийн олон талт хамтын ажиллагаанд идэвх, санаачилгатай оролцож, дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал, хүн төрөлхтний сайн сайхан амьдрал, хөгжил дэвшлийн төлөө манай улс өөрийн бодит хувь нэмрээ оруулж ирснийг НҮБ-ын энэхүү эрхэм хүндэт индэр дээрээс эх орон, ард түмнээ төлөөлөн хэлэхэд бахдам сайхан байна.
ЭШЛЭЛ 3
Ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд улс орнууд хил хязгаараа хааж, хорио цээрийн дэглэм тогтоож, дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд орж байсан цар тахлын хүнд цаг үед харин дэлхийн улс орнуудын цэрэг арми, зэвсэглэлд зориулсан зардал байнга өсөж, 2021 онд 2.1 их наяд ам.долларт хүрсэн явдал нь бүх цаг үеийн дээд хэмжээг давлаа хэмээн Стокхольмын Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн тайланд дурджээ.
ЭШЛЭЛ 4
Энэ их зардал мөнгийг хүн төрөлхтний өмнө тулгараад буй дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх их үйлсэд зарцуулсан бол ямар их ахиц дэвшил гарч болох байсан бол гэдгийг дэлхий нийтээрээ эргэцүүлэн бодож, тунгаан үзэх цаг нэгэнт болжээ.
ЭШЛЭЛ 5
Хүн төрөлхтөн өнгөрсөн XX зуунд дэлхийн хоёр том дайн үзэж, хохирол хөнөөл амсаж, хүйтэн дайны зэврүүн уур амьсгалд амьдарч, хагарал талцал, шашин хоорондын мөргөлдөөн, терроризм зэрэг гай гамшиг, гашуун зовлонг хангалттай туулсан атал өнөөдөр ч бидний дэлхий ертөнцийн нөхцөл байдал улам бүр хүндэрч, үл итгэлцэл, үл ойлголцол хэт даамжирч байгаа нь туйлын харамсалтай байна.
ЭШЛЭЛ 6
Өнгөрсөн түүхийн алдаа онооноос сургамж авч, өнөө цагийн хүндрэлтэй үед харилцан итгэлцэл, харилцан ойлголцол, харилцан хүндэтгэлийг эрхэмлэн, аливаа үл ойлголцол, зөрчил мөргөлдөөн, дайн тулааныг энх тайванч хандлага, энхийн яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийг ямагт зорьж ажиллах ёстой юм.
ЭШЛЭЛ 7
Дэлхийн түүхэнд “Монголын их амар амгалан” дэг журмыг тогтоож явсан монголчуудын үр сад бид дэлхийн улс орнууд харилцан ойлголцож, хамтран ажиллаж, аливаа зөрчил тэмцлийг энхийн яриа хэлэлцээний замаар, эв зүйгээр зохицуулж чадах аваас цэнхэр дэлхий минь амар амгалан болж, хүн төрөлхтөнд “Дэлхийн амар амгалан” ирэх болно гэдгийг хэлэхийн ялдамд энэхүү энхийн үйлсэд хамтран зүтгэхийг дэлхийн улс түмэнд уриалж байна.
ЭШЛЭЛ 8
Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай явуулж ирсэн бөгөөд манай улсын энэхүү гадаад бодлогыг олон улсад сайшаан дэмжиж байдгийн тод илрэл нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өнгөрсөн 08 дугаар сард Монгол Улсад айлчлахдаа “Монгол Улс бол зөрчил тэмцэлтэй дэлхийд энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс” хэмээн онцлон хэлсэн явдал.
ЭШЛЭЛ 9
Монгол Улс олон улсын энх тайван аюулгүй байдлыг бэхжүүлэх, энхийг хамгаалах үйлсэд идэвхтэй оролцож, олон санал, санаачилга дэвшүүлэн ажилласан бөгөөд үүний тод жишээ бол өөрийн нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласан явдал. Цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийг бий болгоход цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх, бүрэн устгах, цөмийн зэвсэггүй бүс нутгийг бий болгох явдал хамгийн зөв, үр дүнтэй арга зам мөн хэмээн Монгол Улс үздэг.
ЭШЛЭЛ 10
Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлснээс хойш 20 жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор манай улсын 20 мянга орчим цэргийн алба хаагч НҮБ-ын энхийг дэмжих болон олон улсын бусад ажиллагаанд оролцож, дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэсээр ирлээ.Монгол Улс 2006 онд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд анхны эмэгтэй энхийг сахиулагчийг илгээж байснаас хойш эдүгээ энэхүү ажиллагаанд цэрэг, цагдаагийн хүчин хандивлагч дэлхийн 120 гаруй улсаас эмэгтэй энхийг сахиулагчийн тоогоороо тэргүүлэгч эхний 20 улсын нэг болжээ.
ЭШЛЭЛ 11
Монгол Улс Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах үйлсэд хувь нэмэр оруулахын тулд Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизмыг бий болгох саналыг тууштай дэвшүүлж ирсэн.
ЭШЛЭЛ 12
Байгалийн гамшиг, нийгмийн халдварт өвчний эрсдэлийн үед бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах болон хүмүүнлэгийн тусламжийн нэгдсэн дэд бүтэцтэй болох нь Зүүн хойд Азийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлын нэг болж байна.Иймээс Зүүн хойд Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах нэгдсэн платформыг Монгол Улсад байгуулах санаачилгыг 2018 онд манай улс анх дэвшүүлсэн бөгөөд өдгөө Улаанбаатар хотын нисэх онгоцны буудлыг түшиглэн, Зүүн хойд Азийн хүмүүнлэгийн тусламжийн төв, агуулах байгуулах санаачилгыг дэвшүүлж байна.
ЭШЛЭЛ 13
Гурав дахь жилдээ үргэлжилж буй КОВИД-19 цар тахал болон геополитикийн зөрчилдөөнөөс үүдсэн эдийн засгийн өргөн хүрээтэй хориг саад, хязгаарлалт нь улс орнуудын эдийн засагт хүнд цохилт болж, хүнс, шатахуун, хөдөө аж ахуйн болон эрчим хүчний гол түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнийг урьд өмнө байгаагүйгээр огцом нэмэгдүүлж, дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлийг хэлбэлзүүлж, томоохон эрсдэл үүсгээд байна.
ЭШЛЭЛ 14
Амаргүй цаг үе байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газар Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх зорилгоор “Шинэ сэргэлтийн бодлого” батлан хэрэгжүүлж, энэ хүрээнд авто зам, төмөр зам, боомтын дэд бүтцийн чадавхыг сайжруулах, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг нэмэгдүүлэх, аж үйлдвэржилт, хот, хөдөөгийн хөгжил, ногоон хөгжлийг эрчимжүүлэх болон төр, хувийн хэвшлийн түншлэл, бүтээмжийг сайжруулах зэрэг асуудлуудад онцгой анхааран ажиллаж байна.
ЭШЛЭЛ 15
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хорогдол, цөлжилт, хөрсний доройтол, усны хомсдол, ган гачиг зэрэг асуудал хүн төрөлхтний өмнө хүнд сорилт болж, шийдлээ хүлээсэн хэвээр байгааг бид бүхэн огт мартаж болохгүй. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж байгаа улс орнуудын нэг.
ЭШЛЭЛ 16
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шороон шуургатай тэмцэх, ой, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор тэрбумаар тоологдох мод тарьж, ургуулах, хамгаалах “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эх орондоо өрнүүлж байна.
ЭШЛЭЛ 17
Бүс нутгийн болон олон улсын хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлд Монгол Улс бодит хувь нэмрээ оруулж, идэвхтэй хамтран ажиллах байр суурьтай байна.
ЭШЛЭЛ 18
Дэлхий нийтийн анхаарлыг хандуулах асуудлын нэг бол бэлчээр хомсдож, нүүдлийн мал аж ахуйн орон зай өдрөөс өдөрт хумигдаж, нүүдлийн соёл иргэншил устах аюулд орж байгаа явдал юм.
ЭШЛЭЛ 19
Монголчууд бид бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг нүүдэлчин удамтай ард түмэн билээ. Бидэн шиг нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг, байгаль дэлхийтэйгээ шүтэлцэн амьдардаг дэлхийн улс орны 200 гаруй сая хүний аж амьдрал уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтол, цөлжилт, ган зудаас шалтгаалан эрсдэлд ороод байна.
ЭШЛЭЛ 20
Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, эрүүл орчинд эрүүл хүнс хэрэглэж, эрүүл амьдрах орчин бүрдүүлэх зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зэрэгцээ “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд энэхүү ажил, арга хэмжээнүүдэд олон улсын байгууллагууд бүс нутгийн улс орнууд хамтран ажиллаж байгаа.
ЭШЛЭЛ 21
Дэлхийн II дайны дараа тогтсон олон улсын харилцааны дэг журам, хэм хэмжээ эрс өөрчлөгдөж байгаа энэ цаг үед олон талт хамтын ажиллагаа, олон улсын хамтын нийгэмлэгийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол улам бүр нэмэгдэж байна. Ийм ч учраас НҮБ-ын шинэчлэлийг эрчимжүүлэх, тус байгууллагын байр суурь, үүргийг бататган бэхжүүлэхэд гишүүн улс бүр идэвхтэй оролцох нь нэн чухал гэж үзэж байна.
ЭШЛЭЛ 22
НҮБ-ын шинэчлэлийн суурь асуудал нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад онцгой эрх, үүрэгтэй НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэл гэж Монгол Улс үздэг.Манай улс 2009 оноос эхэлсэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэлийн асуудлаарх Засгийн газар хоорондын яриа хэлэлцээнд тогтмол оролцож, зарчмын байр сууриа илэрхийлсээр ирсэн.
ЭШЛЭЛ 23
НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн энх тайван, аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, хөгжлийн асуудлыг хэлэлцэх хамгийн чухал индэр гэдгийг сүүлийн жилүүдийн үйл явдлууд улам бүр нотлон харуулж байна.
ЭШЛЭЛ 24
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үүргийг бататган бэхжүүлэх нь улс орнуудын хүчний тэнцвэрийг хангах, жижиг болон хөгжиж буй улс орнуудын байр суурь, дуу хоолойг илүү тод гаргаж ирэхэд чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна.