Иран эмэгтэйчүүд үсээ тайрч, хижабаа /толгойны алчуур/ шатаан эсэргүүцлээ илэрхийлж байна. Учир нь тус улсад Махса Амини гэх 22 настай оюутан эмэгтэй хижабаа буруу өмссөнийхөө төлөө цагдаагийнханд баривчлагджээ. Улмаар гурав хоногийн дараа буюу саатуулагдаж байх үедээ тэрээр амиа алдсан байна. Цагдаагийнхан түүний зүрх гэнэт зогссон гэж мэдээлжээ.
Гэвч хамаатнууд нь үүнд эргэлзэж, Аминигийн зүрх хэзээ ч өвдөж байгаагүй гэв. Тэд хохирогч бүсгүйг бусдад зодуулснаас болж амиа алдсан байж болзошгүй гэж сэжиглэж байгаа аж.
Энэ үйл явдлын дараа Иранд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, хүмүүс "дарангуйлагч нар үхэх ёстой" хэмээн орилцгоосон байна.
НҮБ-ын Хүний эрхийн төлөөлөгч Равина Шамдасани "Хижаб зүүх дүрмээ мөрдөөгүй эмэгтэйчүүдийг эрх баригчид хорьж цагддагаа зогсоох хэрэгтэй" гэв. Түүнчлэн НҮБ Ираны эрх баригчдаас оюутан бүсгүйн үхлийн шалтгааныг мөрдөхдөө шударга ажиллахыг хүсэж, иргэдийн тайван жагсаалыг зөвшөөрөхийг хүссэн байна.
Эх сурвалж: ВВС, USA Today