БАРИМТ 1
II Элизабет бол Их Британийн хамгийн удаан хаан ширээнд суусан хатан хаан. Тэрбээр 70 жил хаан ширээнд суужээ.
БАРИМТ 2
Түүнийг хаан ширээнд суусан энэ 70 жилийн хугацаанд Их Британид 15 Ерөнхий сайд солигджээ. Түүний засаглал 1874 онд төрсөн Уинстон Черчиллээс эхлээд 1975 онд төрсөн хатагтай Лиз Трасс хүртэл 15 Ерөнхий сайдыг хамарчээ.
БАРИМТ 3
Хатан хаан Элизабет 1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд Лондонгийн Мэйфэйр хотод Йоркийн гүн, гүнгийн авхайн анхны хүүхэд болон мэндэлсэн. Тухайн үед Элизабет Александра Мэри Виндзортыг хаан ширээнд сууна гэж бараг хэн ч таамаглаж байгаагүй юм. Гэсэн ч 1936 онд түүний авга ах Эдвард VIII хаан ширээнээс татгалзсанаар Элизабетийн аав Жорж VI хаан болсон юм. Ингэснээр Лилибет 10 настайдаа хаан ширээг залгамжлагчаар тодров.
БАРИМТ 4
Лилибет гүнж 21 насандаа 1947 оны арваннэгдүгээр сарын 20-нд Вестминстрийн сүмд Дани, Грекийн хунтайж Филиптэй гэрлэв. Грекийн хунтайж Филипп Эдинбургийн герцог цол хүртжээ. Тэд энэ цагаас хойш 74 жил хамтдаа аз жаргалтайгаар амьдарсан бөгөөд хунтайж Филипп 2021 онд 99 насандаа таалал төгссөн билээ.
БАРИМТ 5
Хатан хаан Элизабет, хунтайж Филипп нар гурван хүү, нэг охинтой. Ууган хүү Чарльз нь 1948, Анн гүнж 1950, ханхүү Эндрю 1960, хунтайж Эдвард 1964 онд төржээ. Хатан хаан найман ач, 12 гучтай болоод байв. Ханхүү Эндрюг төрүүлснээр хаан ширээнд сууж байхдаа амаржсан анхны хатан болж байв.
БАРИМТ 6
Хүндээр өвдсөн байсан аав Жорж VI хааныг төлөөлөн Кени улсад айлчлал хийж байсан угсаа залгамжлагч Элизабет Лондонд буцаж ирэхдээ хатан хаан болон ирж байв. Энэ бол 1952 оны зургадугаар сар байлаа. Элизабетийг Кени улсад айлчилж байхад нь хаан таалал төгссөн юм.
БАРИМТ 7
1952 оны зургадугаар сарын 2-нд Вестминстрийн сүмд Элизабет II титэм зүүсэн юм. Түүний титэм зүүх ёслолыг үзэхээр 20 сая хүн цугларсан байсан гэдэг. Ийнхүү Элизабетийн хаанчлал 27 насанд нь эхлэв.
БАРИМТ 8
Хаан төрийг барьж байсан энэ хугацааны онцлох шинэчлэл нь Букенгэмийн ордныг олон нийтэд нээлттэй болгосон нь юм. Хатан хааны гэр бүлийн ховор нандин цуглуулгыг олон нийтэд дэлгэн үзүүлэхээр хамгийн анх 1962 онд Букингэмийн ордон олон нийтийн өмнө үүдээ нээж байв.
БАРИМТ 9
Хатан хааны хамгийн олон удаа айлчилсан улс нь Канад байв. Хаан ширээнд заларснаасаа хойш дэлхийн 116 оронд очсон тэрбээр Канадад 22 удаа айлчилж байжээ. Тэрбээр мөн жил бүр Эдинбүргт очдог байсан. 1986 онд Хятадад айчлилснаар тус улсад айлчилсан Британийн хамгийн анхны язгууртан болж байв.
БАРИМТ 10
Түүнийг хаанчлах энэ хугацаанд маш олон улс төрийн болон нийгмийн өөрчлөлтүүд гарсан. Дайны дараах хэмнэлтийн жилүүдээс эхлээд эзэнт гүрнээс хамтын нөхөрлөл рүү шилжих шилжилт, хүйтэн дайны үе, Их Британи Еюропын холбоонд элсч, гарах гээд маш олон өөрчлөлт авчирсан үйл явдлууд II Элизабетийн хаанчлалын үед тохиожээ.
БАРИМТ 11
Элизабет бол Францын XIV Луигийн араас хамгийн урт насалсан, хамгийн удаан хаан ширээнд суусан Их Британийн хаан бөгөөд дэлхийн түүхэн дэх хамгийн удаан засагласан бүрэн эрхт хоёр дахь хаан байсан юм.
БАРИМТ 12
Хатан хааны гурван хүүхэд нь гэр бүлээсээ салж, угсаа залгамжлагчийн гэргий байсан гүнж Диана Парист автомашины ослоор өөд болсон зэрэг нь Хатан хааны хувийн амьдралын хамгийн гунигт үе нь байсан гэдэг.
БАРИМТ 13
Хатан хаан Элизабет гэртээ хувиараа боловсрол эзэмшсэн бөгөөд Дэлхийн II дайны үед туслах нутаг дэвсгэрийн албанд алба хаасан. Армийн эмэгтэйчүүдийн хэсэгт тэрбээр Ерөнхий сайд Уинстон Черчиллийн охинтой хамт элсч байжээ.
БАРИМТ 14
Хатан хаан II Элизабет жолоо барих маш дуртай байсан. Дэлхийн II дайны сүүлийн хэдэн саруудад эмэгтэйчүүдийн цэргийн ангид элсэж, механикч-жолооч чиглэлээр бэлтгэгдэж, дэслэгч цол хүртэж байв. Мэдээж хэрэг хатан хаанд хувийн жолооч байдаг ч, тэрээр амралтын өдрүүдээр өөрөө жолоо барих дуртай байв.
БАРИМТ 15
Хатны титэм XV зуунаас хойш янз бүрийн хэлбэртэй байсан. Одоогийн хувилбарыг 1937 онд бүтээсэн.
БАРИМТ 16
Хатан хаан II Элизабет бол Их Британи улсын нутаг дэвсгэр дээр жолооны үнэмлэхгүйгээр жолоо барих эрхтэй цорын ганц хүн байсан юм. Тэрбээр бүх машиндаа улсын дугаар хадахгүйгээр явах эрхтэй байсан юм.
БАРИМТ 17
Хатан хаан Элизабет хаан байх хугацаандаа 3.5 сая гаруй захидал хүлээн авчээ. Харин 1976 онд хамгийн анх и-майл бичиж байсан бөгөөд Хатан хааны анхны и-майлыг Британийн армийн цэргүүд хүлээн авч байсан байна.
БАРИМТ 18
Тэрбээр 2010 онд "Британийн хаант засаглал" гэсэн нэртэй Фэйсбүүк хуудас нээж байжээ. Мөн тэрбээр ордны ажилтнуудын удирддаг @theroyalfamily хаягаар твиттер, инстаграмаа хөтөлдөг байжээ.
БАРИМТ 19
Хатан хааны эзэмшилд 88 хун багтдаг. Хатан хааны эрхэмсэг хунгууд Темза голд тусгай хамгаалагчийн халамж асаргаанд нутаглаж байдаг. Тэднээс гадна Их Британийн бүх гол мөрөнд байх халим, дельфин, аварга загаснууд хатан хааны эзэмшилд багтдаг юм. 1324 онд II Эдвард хаан улсынхаа нутаг дэвсгэрт байх бүх гол мөрний халим, аварга загасуудыг хааны мэдлийнх гэж тунхагласан нь өнөө хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа аж.
БАРИМТ 20
Хатан хаан 200 орчим уралдааны тагтаатай байсан. Лилибет гүнж дүү Маргарет гүнжийн хамт тагтаа барьсан зураг ч бий.
БАРИМТ 21
Тэрбээр дөрвөн настайгаасаа морь унах дуртай болжээ. Тухайлбал, түүний анхны одой морь болох Пегги хэмээх Шетланд морийг дөрвөн настайд нь өвөө V Жорж хаан бэлэглэж байв. Хатан хаан адуу тэжээдэг бөгөөд улирал бүр 25 орчим морьдыг хааны уяанд сургадаг байв.
БАРИМТ 22
Хатан хаанд үнэт эдлэлийн арвин баялаг цуглуулга бий. Үнэт эдлэлийнх дийлэнх нь гоёмсог титмүүд бөгөөд заримыг нь үе уламжлан өвлөн авсан бол зарим нь бэлгэнд иржээ. Тухайлбал, дэлхийн хамгийн том ягаан алмааз бүхий титэм болон Австралийн нэгэн зүйл модны навчийг дүрсэлсэн асар үнэтэй энгэрийн зүүлтийг тус улсын Засгийн газраас түүнд бэлэглэж байсан юм.
БАРИМТ 23
Хатан хаан II Элизабеттай нэгэн цаг үед амьдарч буй эзэн хаадаас 60 гаруй жил төр барьж, очир эрдэнийн ой тэмдэглэсэн гурван л хүн байв. Тэд бол Тайландын эзэн хаан Бумибол Адулядж, Малайзын Жохор мужийн Султан, Японы эзэн хаан Хирохито байсан юм.
БАРИМТ 24
Их Британийн Хатан хаан II Элизабет 70 жил хаан ширээнд суусны эцэст 96 насандаа Шотландын Балморалд эдлэн газартаа 2022 оны есдүгээр сарын 8-нд таалал төгслөө.
Сэтгэгдэл (27)