БНСУ-ын Пусан хот дахь Консулын газраас Монгол иргэддээ хандан сэрэмжлүүлэг хүргүүллээ. Сэрэмжлүүлэгт, "БНСУ-ын Цаг уурын албанаас Тайваны зүүн тэнгисээс баруун хойд зүг рүү чиглэн ирж буй 11 дэхь хар салхи болох “Хиннамну” нь 9 сарын 5-6-ны өдрүүдэд (Даваа, Мягмар гариг) тус улсыг дайрна гэж мэдэгдлээ.
Энэхүү "Хиннамну" хар салхи нь тус улсыг урьд өмнө дайрч, их хэмжээний хохирол учруулж байсан “Сара” болон “Мэми” хар салхинуудаас ч илүү хүчтэй газардаж, их хэмжээний хохирол учруулж болзошгүйг анхааруулав. Хар салхины эрчийг “дунд”, “хүчтэй”, “маш хүчтэй”, “супер хүчтэй” гэсэн 4 түвшинд хуваадаг ба энэхүү салхины эрчийг “супер хүчтэй”-гээс “хүчтэй” гэсэн ангилалд хамааруулж буй юм. "Хиннамну" хар салхины тус улсад буух үеийн төвийн даралт нь 950гПа байх ба салхины дээд хурд нь 43 м/с байх төлөвтэй байна. Төвийн даралт бага байх тусам хар салхи хүчтэй байдаг.
1959 онд болсон “Сара” хар салхины төвийн даралт нь 951,5 гПа (Пусан хот) байсан ба энэ үеэр 849 иргэн амь үрэгдэж 200 гаруй хүн алга болж, 2003 онд ирсэн “Мэми” хар салхины төвийн даралт нь 954 гПа (Тунёнг хот) байсан нь “Сара” хар салхинаас бага боловч Пусан хот, Кёнгсан мужийг дайрч 117 иргэн амь үрэгдэж, 13 хүн алга болж, урьд өмнө байгаагүй хамгийн өндөр салхины хурд болох 60м/с гэж бүртгэгдэж байжээ. Одоогоор "Хиннамну" хар салхины ирж байгаа зам болон хурд нь Мэмигийн замтай төстэй харагдаж байгаа юм байна. Салхины хурд нь 43 м/с гэдэг нь галт тэрэг замаасаа хазайх хэмжээний хангалттай хүчийг хэлэх ба нөлөөллийн радиус нь 400 км-ээс ч дээш хэмжээний газар нутгийг хамрах төлөвтэй байна. Хар салхи ирж буйтай зэрэгцэн Жэжү хот, Пусан хот, Өмнөд Кёнгсан мужийн нутаг дэвсгэрт их хэмжээний бороо орох ба далайн эргийн үер, шуурга, голын үер, хөрсний гулгалт үүсэх тул ард иргэдийг урьдчилан бэлтгэлтэй байхыг анхааруулж байна.
Иймд иргэд Та бүхэн дээрхи өдрүүдэд онцын шаардлагагүй бол аль болох гэрээсээ гаралгүйгээр, сонор сэрэмжтэй, болгоомжтой байж, байгалийн гамшигаас урьдчилан сэргийлнэ үү" гэжээ.