БАРИМТ 1
Бүгд Найрамдах Кот-д’Ивуар улс нь 322,463 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Баруун Африкийн урд хэсэгт байрладаг орон. Тус улс баруун хойд хэсгээрээ Гвиней болон Мали, баруун талаараа Либери, зүүн хэсгээрээ Гана, зүүн хойд талаараа Буркина Фасо улсуудтай хиллэдэг.
БАРИМТ 2
Урд талаараа Атлантын далайд гарцтай Кот-д’Ивуар улсын нийслэл хотыг Ямусукро гэдэг. Харин тус улсын хамгийн том хот нь Абиджан гэх далайн эргийн боомт хот. Атлантын далайн эрэг дээр байрлах Абиджан хотод нийт ивуарчуудын 21 хувь буюу 6.3 сая хүн амьдардаг.
БАРИМТ 3
Кот-д’Ивуар улсын хүн амын нийт тоо 2021 оны байдлаар 29,389,150 байсан бөгөөд тэдний 41 хувийг Акан, 27.5 хувийг Манинка, 17.6 хувийг Гур, 11 хувийг Кру үндэстний хүмүүс бүрдүүлдэг. Харин шашны хувьд нийт ивуарчуудын 44 хувь нь христийн шашныг, 37 хувь нь исламын шашныг тус тус шүтдэг.
БАРИМТ 4
Колоничлолын эрин үеэс өмнө одоогийн Кот-д’Ивуар улсын газар нутаг дээр Конг, Боуна, Боункани, Сенуфо, Малинке, Бауле гэх мэт Африк тивийн хэд хэдэн томоохон эзэнт гүрүүд оршдог байсан. Улмаар Атлантын далайд шууд гарцтай тул тус бүс нутгийг Европ тивийн гүрнүүд ихэд сонирхох болсон.
БАРИМТ 5
Кот-д’Ивуар улс 1842 онд Францын хамгаалалтад орсон ба 1893 онд албан ёсны колони орон нь болсон. Үүний дараа 1904 онд Баруун Африкийн Францын Холбооны нэг хэсэг болсон ивуарчууд 1958 онд өөрсдийн улсаа байгуулж, 2 жилийн дараа буюу 1960 онд тусгаар тогтнолоо зарласан.
БАРИМТ 6
1960 онд Кот-д’Ивуар улсын анхны ерөнхийлөгчөөр сонгогдсон Феликс Хуфуэт-Бойнни 1993 онд насан эцэслэх хүртлээ төрийн эрхийг тасралтгүй 33 жилийн турш барьсан. Түүнийг төр барьж байх үед Кот-д’Ивуарын улс төр болон эдийн засаг тогтвортой хөгжиж Баруун Африкийн хөрш орнууд болон Франц улстай ойр дотно харилцаатай байсан.
БАРИМТ 7
Гэвч 1999 онд Кот-д’Ивуар улсад тохиолдсон төрийн эргэлтээс болж 2002-2007 оны хооронд болон 2010-2011 онуудын хооронд хоёр удаагийн иргэний дайн өрнөсөн. Уг дайнууд Кот-д’Ивуар улсын эдийн засагт томоохон хохирол учруулсан ба тус улс 2016 онд шинэ үндсэн хуулиа баталсан.
БАРИМТ 8
Кот-д’Ивуар улсыг зарим тохиолдолд хүмүүс “Зааны Ясан Эрэг” хэмээн нэрлэдэг. Уг нэрийн учир нь тус бүс нутагт 15-17-аар зууны хооронд зааны ясны худалдаа наймаа оргил үедээ хүрч байсан. Мөн уг улсын нэрийг англи хэлнээс шууд орчуулбал “Зааны Ясан Эрэг” гэх утгатай.
БАРИМТ 9
1980-1990 оны хооронд Абиджан хотыг өвөрмөц хийц, загвар болон тэнгэр баганадсан өндөр барилгуудаас нь болж Баруун Африкийн Парис хэмээн нэрлэдэг байсан. Мөн тус хот нь франц хэлтэй дэлхийн гурав дахь том хотоос гадна ихэнх орнууд элчин сайдын яамнуудаа Ямусукро бус Абиджан хотод байршуулдаг.
БАРИМТ 10
Кот-д’Ивуар улсын төрийн далбаа нь улбар шар, цагаан, ногоон гэх гурван өнгийн ижил хэмжээтэй босоо шулуунуудаас бүрддэг. Улбар шар өнгө нь үндэсний динамик өсөлтийг, цагаан өнгө нь энх тайван, эв нэгдэл болон бүх ивуарчуудын цэвэр ариун байдлыг, ногоон өнгө нь ирээдүйн итгэл найдварыг тус тус бэлгэддэг.
БАРИМТ 11
Кот-д’Ивуар улс ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд одоогийн ерөнхийлөгчийг нь Алассан Уаттара гэдэг. Кот-д’Ивуар улсын тав дахь ерөнхийлөгч тэрбээр 2010 оны сонгуульд ялалт байгуулснаар ерөнхийлөгчийн албан томилогдсон ба 1990-1993 оны хооронд ерөнхий сайдын албыг мөн хашиж байсан.
БАРИМТ 12
Кот-д’Ивуар улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Тус улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 2006, 2010 болон 2014 оны ДАШТ-үүдэд эрхээ аван оролцож байсан бөгөөд үргэлж үхлийн хэсэгт хуваарилагдан тэмцээнээ хэсгийн шатнаас өндөрлүүлдэг байсан. Одоо тус шигшээ баг дэлхийн чансааны 52-аар байранд эрэмбэлэгддэг.
БАРИМТ 13
Харин Кот-д’Ивуарын шигшээ баг тивийнхээ АШТ-д нийт 24 удаа оролцож 1992 болон 2015 онуудад түрүүлж байсан удаатай. Тус улсаас төрөн гарсан алдартай хөлбөмбөгчдөөс нэрлэвэл Челси клубийн домогт довтлогчдын нэг болох Дидье Дрогба, ах дүү Туре болох Яя Туре болон Коло Туре, Жервиньо гэх мэтээр үргэлжилнэ.
БАРИМТ 14
Кот-д’Ивуар улсын баг тамирчид 1980 оны Москвагийн олимпыг эс тооцвол 1964 оны Токиогийн олимпоос хойш зуны олимпд тасралтгүй оролцсоор ирсэн. Одоогийн байдлаар тус улсын нэр дээр 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль харьяалагддаг. Сүүлийн хоёр олимпоос ивуарчууд таквендогийн төрлөөр 1 алт, 2 хүрэл медаль хүртэж дэлхийн хэмжээний өрсөлдөгчид болсон гэдгээ маш тодоор харуулаад байна.
БАРИМТ 15
2011 онд иргэний дайн дуусаж энх тайван цаг ирснээс хойш Кот-д’Ивуар улсын эдийн засаг тасралтгүй нэмэгдсээр байгаа. Тус улс 2011 оноос хойш жил бүр эдийн засаг нь 7.4 хувиар нэмэгдсэн гэх үзүүлэлтээр Африк тивд хоёрдугаар байранд, дэлхийд дөрөвдүгээр байранд жагсаж байна.
БАРИМТ 16
Кот-д’Ивуар улс бүс нутгийнхаа хамгийн том какао экспортлогч орон бөгөөд тус улсын эдийн засгийн ихэнх хэсэг хөдөө аж ахуй, тэр дундаа какаоны тариалан худалдаан дээр тогтдог. Хэдийгээр эдийн засаг нь хурдацтай өсөж байгаа ч Кот-д’Ивуар улс хүний хөгжлийн индексээр дэлхийд 162-аар байранд жагсдаг.
БАРИМТ 17
Ивуарчууд бол дэлхийн долоо дахь хамгийн бага насалдаг ард түмэн. Ивуар хүмүүс дунджаар 57.4 жил амьдардаг гэх статистик байдаг. Энэ нь ивуарчууд дэлхийн дунджаас даруй 15 жилээр бага насалдаг гэсэн үг юм. Мөн Кот-д’Ивуар улсын албан ёсны хэл бол франц хэл.
БАРИМТ 18
Кот-д’Ивуар улсад дэлхийн хамгийн том сүм байдаг. 1990 онд баригдаж дууссан Ямусукрогийн энх тайвны хатагтайн сүм нь 30,000 хавтгай дөрвөлжин метр талбайтай. Тус улсын үндэсний уриа үгийг орчуулбал “Эв нэгдэл, Сахилга бат, Ажил хөдөлмөр” гэсэн утгатай.
БАРИМТ 19
Алдарт хөлбөмбөгчин Дидье Дрогба Кот-д’Ивуарын иргэний дайныг зогсооход чухал үүрэг гүйцэтгэсэн. 2005 онд Кот-д’Ивуарын шигшээ баг Суданы шигшээ багийн эсрэг тоглох үед иргэний дайн галаа зогсоож байсан ба үүний дараа Дидье Дрогба: “Зэвсгээ буулгаж, сонгууль хийцгээе. Бид хөгжилдөхийг хүсэж байгаа тул нэг нэгэн рүүгээ зэвсэг далайхаа зогсооцгооё. Хэмээн хэлж олон нийтэд бичлэгээ цацсан. Харин үүний дараа үр дүн гарч явсаар 2007 онд иргэний дайн өндөрлөж байсан түүхтэй.
БАРИМТ 20
Дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн нийт таван газар Кот-д’Ивуар улсад байдаг. Тэдний нэг нь Гвиней улстай хиллэн оршдог Нимба уулын байгалийн дархан цаазат газар юм. Уг газраас олон төрлийн ховор ургамал болон амьтдыг олох боломжтой.
БАРИМТ 21
Мөн тус дархан цаазат газарт далайн түвшнээс дээш 1,752 метрийн өндөрт орших Нимба уул оршдог. Уг уул нь Кот-д’Ивуар болон Гвиней гэх хоёр улсын хамгийн өндөрлөг цэг юм. Тус улсын албан ёсны мөнгөн тэмдэгт нь Баруун Африкийн франк. Уг мөнгөн тэмдэгтийг Того, Бенин, Мали, Буркина-Фасо, Сенегал, Нижер, Гвиней-Биссау, Кот-д’Ивуар гэх улсуудад ашигладаг.
БАРИМТ 22
Кот-д’Ивуар улсад нүүрэлж буй томоохон асуудлуудын нэг бол хууль бусаар ой мод устгах үйл ажиллагаа. Сүүлийн жилүүдэд какао тариалах талбай бэлтгэх зорилгоор хэмээн их хэмжээний ой модыг устгах болсон бөгөөд үүнээс болж 1960 оноос хойш Кот-д’Ивуар улсын ой модны хэмжээ 80 хувиар багассан байна.
БАРИМТ 23
ЮНЕСКО-д бүртгэлтэй Комоэ үндэсний парк нь Баруун Африк дахь хамгийн том дархан цаазат газруудын нэг. Олон төрлийн ургамал ургадаг уг бүс нутаг нь 1,495 хавтгай дөрвөлжин километр газар нутгийг бүрхдэг. Кот-д’Ивуар улс ДОХ-ын халдавртай иргэдийнхээ хувиар дэлхийд 19-ээр байранд жагсдаг.
БАРИМТ 24
15-аас дээш насны насанд хүрсэн ивуарчуудын 90 хувь нь бичиг үсэг тайлагдсан буюу ямар нэгэн хэлээр уншиж бичиж чаддаг. Гэхдээ 6-10 насны маш олон хүүхэд сургуульд сурдаггүй ба дунд сургуулийн ихэнх сурагчид эрэгтэй хүүхдүүд байдаг. Үүнээс шалтгаалан бичиг үсэг тайлагдаагүй иргэдийн ихэнх хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг.
Сэтгэгдэл (1)