БАРИМТ 1
Исламын Бүгд Найрамдах Мавритан улс нь 1030000 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Африк тивийн баруун хойд хэсэгт байрладаг орон. Тус улс нийт газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 28-аар байранд жагсдаг ба Алжир (зүүн хойд), Мали (зүүн болон зүүн урд), Сенегал (баруун урд) гэх улсуудтай хиллэдэг.
БАРИМТ 2
Баруун хэсгээрээ Атлантын далайд гарцтай Мавритан улс нь Африк тивийн 11 дэх хамгийн том газар нутагтай орон бөгөөд газар нутгийнх нь 90 хувь нь Сахарын цөлд хамаарагддаг. Тийм учраас Мавритан улсын нийт хүн амын ихэнх хувь нь Сахарын цөлөөс тусгаарлагдсан улсынхаа урд хэсэгт амьдардаг.
БАРИМТ 3
Мавритан улсын хүн амын нийт тоо 2021 оны байдлаар 4614974 байсан бөгөөд тэдний 40 хувийг Харатин, 30 хувийг Арабын Бербер хүмүүс бүрдүүлдэг бол үлдсэн 30 хувь нь Халпулаар, Фулани, Манде, Волоф гэх үндэстний хүмүүсээс тогтдог. Харин шашны хувьд нийт мавританчууд исламын шашныг шүтдэг.
БАРИМТ 4
Мавритан гэх нэр нь одоогийн Марокко, Алжир улсуудын газар нутаг дээр оршдог байсан эртний берберчүүдийн Мавретанийн хаант улсын нэрээс гаралтай. Берберчүүд Мавритан улсын газар нутгийг манай эриний гуравдугаар зуунд эзлэн авч суурьшиж эхэлсэн.
БАРИМТ 5
Гэхдээ тус бүс нутгийг наймдугаар зуунд арабчууд эзлэн авч араб хэл, араб соёл болон исламын шашныг түгээн дэлгэрүүлсэн. 20-аар зууны эхэн үед францчууд Мавритан улсыг эзэлж өөрсдийн колони орон болгосон. Ингэснээр Мавритан улс Баруун Африк дахь Францын нэг хэсэг болж хувирсан.
БАРИМТ 6
Мавританчууд 1958 онд өөрсдийн улсыг байгуулан 1960 онд тусгаар тогтнолоо зарласан боловч тус цагаас хойш хэд хэдэн удаагийн төрийн эргэлт болон цэргийн дарангуйллын эрин үеийг туулж өнгөрүүлсэн. Хамгийн сүүлийн тэрийн эргэлт Мавритан улсад 2008 онд өрнөсөн.
БАРИМТ 7
Уг төрийн эргэлтийг удирдсан цэргийн генерал Мохамед Улд Абдель Азиз 2009 болон 2014 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин хоёуланд нь ялалт байгуулсан. Мавритан улс ерөнхийлөгчийн хагас засаглалтай орон бөгөөд одоогийн ерөнхийлөгчийг нь Мухаммед ульд аш-Шейх аль-Газуани гэдэг.
БАРИМТ 8
Тэрбээр 2019 оны сонгуульд ялалт байгуулан ерөнхийлөгчийн албыг хаших эрхтэй болсон ба Мавритан улсын түүхэн дэх анхны энх тайван замаар төрийн эрхийг авсан эрхмээр нэрлэгддэг. Харин тус улсын одоогийн ерөнхий сайдыг Мохаммед Ульд Билал гэдэг.
БАРИМТ 9
Мавритан улсын нийслэл хотыг Нуакшот гэдэг бөгөөд Атлантын далайн эрэг дээр байрладаг уг хотод нийт мавританчуудын гуравны нэг нь амьдардаг. Мөн тус улсын албан ёсны хэл нь араб хэл. Үүнээс гадна олон жилийн турш Францын колони байсан тул мавританчууд франц хэлээр маш сайн ярьдаг.
БАРИМТ 10
Төмрийн хүдэр, газрын тос гэх мэт олон төрлийн байгалийн үнэт баялгуудтай боловч Мавритан улс ядуу буурай хөгжилтэй хэвээр байсаар байна. Мавритан улсын эдийн засаг ихэвчлэн загас агнуур, газар тариалан болон мал аж ахуйн салбарууд дээр тогтдог. Тус улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 157-аар байранд жагсдаг.
БАРИМТ 11
Мавритан улс нь боолчлолыг хамгийн сүүлд халсан орон. Хэн нэгэн хүнийг өөрийн өмч болгон худалдан авч боолчлох үйл явдал Мавритан улсад 1981 онд халагдаж 2007 онд хуулийн дагуу хориглогдсон. Уг баримтаас Мавритан улс хүний хөгжлийн индексээр яагаад доогуур жагсдаг гэдэг нь тодорхой харагдаж байна.
БАРИМТ 12
Манай эриний гуравдугаар зуунд баригдсан, дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн Волубилисийн археологийн дурсгалт газар нь эртний Мавритан улсын нийслэл хот байсан. Уг дурсгалт газар нь одоогийн Марокко улсын газар нутагт байрладаг ба тэнд эртний Ромын барилгууд хадгалагдан үлдсэн байдаг.
БАРИМТ 13
2012 онд Мавритан улсын нийт хүн амын 10-20 хувь нь боолын хувиар амьдарсаар байгаа гэх судалга хийгдсэн. Мавритан улсын нийт хүн амын 22.1 хувь нь санхүүгийн хувьд ядуу буурай гэх нийгмийн ангилалд хамаарагддаг ба хүүхдүүдийн 9.8 хувь нь цочмог хоол хүнсний дутагдалд орсон.
БАРИМТ 14
Хамгийн анх 1978-1979 онд зохиогдож байсан авто спортын хамгийн хүнд хэцүү уралдаануудын нэг Дакар Ралли нь Зүүн Европоос Сенегал улс хүртэл 15000 километр замыг хамардаг. Гэвч уг уралдаан 2008 онд Мавритан улсад зохион байгуулагдах ёстой байсан ч аюулгүй байдлын үүднээс тус уралдаан цуцлагдаж байсан.
БАРИМТ 15
Үүнээс болж 2009 онд Дакар ралли уралдаан Өмнөд Америк тив рүү шилжин зохион байгуулагдаж байсан түүхтэй. Мавритан улсын ихэнх хэсэг Сахарын цөл байдаг гэдгийг өмнө нь хэлсэн. Тэгвэл сүүлийн хэдэн жилийн турш тус улсын ногоон бүсэд цөлжилтийн аюул маш хурдацтай нүүрлэсээр байгаа.
БАРИМТ 16
Ричатын бүтэц гэх нэртэй байгалийн өвөрмөц тогтоц Мавритан улсад байдаг. Зарим тохиолдолд Сахарын нүд хэмээн нэрлэгддэг уг байгалийн тогтоц нь 45 километрийн урттай, дугуй хэлбэртэй, элэгдэлд орсон сансраас харагддаг бөмбөгөр газрын гадарга юм.
БАРИМТ 17
2020 онд Их Британийн Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдээллээс харахад Мавритан улс нь аялахад тохиромжгүй, аюултай 17 орны нэгээр нэрлэгдсэн. Байгалийн хүнд хэцүү уур амьсгал, мавританчуудын амьдралын бололцоо, улс төрийн тогтворгүй байдал гэх мэт хэд хэдэн нөхцөл байдлууд үүнд нөлөөлж байгаа.
БАРИМТ 18
Дэлхийн хамгийн том хөлөг онгоцны оршуулгын газар Мавритан улсын газар нутагт байдаг. Ноуадибу хотын ойролцоох гүехэн усан дээр дахин ашиглагдах боломжгүй болсон олон зуун хөлөг онгоцнууд хаягдсан байдаг. Тус улс Африк тивийн отгон газрын тос үйлдвэрлэгч орнуудын нэг. Мавритан улсын газрын тосны нөөц 2001 онд олдсон.
БАРИМТ 19
Мөн 2019 онд Мавритан улсад дэлхийн хамгийн том байгалийн хийн орднуудын нэг олдсон. Уг байгалийн хийн хэмжээг хэмжвэл 8.9 тэрбум торх газрын тостой тэнцэнэ. Үүнээс гадна Мавритан улсад алт, зэс, гөлтгөнө, фосфатын чулуулаг гэх мэт маш олон төрлийн уул уурхайн баялаг бий.
БАРИМТ 20
Мавритан улсад дэлхийн хамгийн урт галт тэргүүдийн нэг байдаг. Зуэрат дахь төмрийн хүдрийн уурхайгаас Ноуадхибу руу төмрийн хүдэр зөөдөг “Төмрийн хүдэр галт тэрэг” нь нийт 2.3 километр урттай. Уг галт тэрэгний туулдаг замын ихэнх хэсэг нь хүн амьдардаггүй элсэн цөл.
БАРИМТ 21
Мавритан улсын ЮНЕСКО-д бүртгэлтэй Банка д’Арген үндэсний парк нь шувуу сонирхогчдод зориулагдсан Африк тивийн хамгийн алдартай газруудын нэг. Уг паркийн газар нутгийг олон мянган төрлийн нүүдлийн шувууд дамжин өнгөрдгөөс гадна далайн ят мэлхий болон дельфин үзэгддэг.
БАРИМТ 22
1989 онд Мавритан болон Сенегал улсууд хилийн маргааны улмаас хоорондоо үймээн самуун дэгдээсэн ба уг явдлаас болж 40,000 гаруй хар арьст мавританчууд Сенегал улс руу шилжин суурьшиж байсан удаатай. Тус улсад дэлхийн өөр хаана ч амьдардаггүй зургаан төрөл зүйлийн хилэнцэт хорхой амьдардаг.
БАРИМТ 23
Мавритан улсын төрийн далбаа ногоон, улаан, шар гэх үндсэн гурван өнгөнөөс бүрддэг. Далбааны голд байрлах шар өнгийн хавирган сар, одны дүрс болон ногоон өнгө нь Мавритан улсын үндсэн шашин болох исламын шашныг, улаан өнгө нь Францын колоничлолоос гарах үеийн хүнд хэцүү цаг мөчийг тус тус бэлгэддэг.
БАРИМТ 24
1999 оноос хойш Мавритан улсын бүх сургуулиуд хүүхдүүдэд нэгдүгээр ангиас нь араб хэлийг, хоёрдугаар ангиас нь франц хэлийг зааж эхэлсэн. Гэхдээ тус улсын 15-аас дээш насны насанд хүрсэн иргэдийн дөнгөж 53.5 хувь нь бичиг үсэг тайлагдсан гэх судалгаа байдаг.