БАРИМТ 1
Монгол Улс нь Сан Францискогийн гэрээг батлагдсан 1946 онд НҮБ-д элсэхээр анх өргөдөл гаргаж байсан боловч тэр үеийн "капиталист" хэмээгдэх улсуудын эсэргүүцлийг давж гаран, найман удаа өргөдөл гаргаж байж 15 жилийн дараа 1961 онд энэ байгууллагын босгыг алхжээ.
БАРИМТ 2
Монгол Улсын санаачилгаар НҮБ нь 1970-аад оныг "Бичигтэн болох 10 жил" хэмээн зарлаж байв.
БАРИМТ 3
Түүнчлэн Монгол Улс нь НҮБ-ын цөмийн зэвсгийн эсрэг тэмцлийг тууштай дэмжиж ирсэн бөгөөд улсынхаа нутаг дэвсгэрийг Цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарлажээ.
БАРИМТ 4
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нараас Перес де Куэльяр,Курт Вальдхайм, Кофи Аннан, Бан Ги Мүн нар манай улсад айлчилж байсан түүхтэй.
БАРИМТ 5
Монгол Улс 1961 онд НҮБ-д гишүүнээр элсээд өнгөрүүлсэн жаран жилд НҮБ болон Монгол Улс хоорондын харилцаа бэхжиж харилцан үр ашигтай түншлэлийн харилцаа болон төлөвшсөн.
БАРИМТ 6
Монгол Улс дахь НҮБ нь ардчилсан засаглал, хүний эрх, нийгэм, эдийн засгийн хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулах, улмаар дасан зохицох, байгаль орчныг хамгаалах зэрэг олон салбарыг хамарсан хөгжилд хувь нэмэр оруулж буй НҮБ-ын системийн 11 байгууллагаас бүрддэг.
БАРИМТ 7
Засгийн газраас боловсруулсан Тогтвортой хөгжлийн урт хугацааны баримт бичиг болох “Алсын Хараа 2050”-д тодорхойлсон хөгжлийн зорилгодоо хүрэхэд нь Монгол Улс дахь НҮБ-ын системийн байгууллагууд дэмжлэг үзүүлж байна.
БАРИМТ 8
Монгол Улс НҮБ-тй дарах чиглэлээр хамтран ажиллаж байна. Үүнд, Ядуурлыг бууруулж, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах /Мянганы хөгжлийн зорилтуудыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх/, Нийгмийн хөгжил дэх хоршооллын үүрэг ролийг бэхжүүлэх, Бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгахад тус дөхөм үзүүлэх, Далайд гарцгүй орнуудын байдлыг сайжруулах, Монгол улсын цөмийн зэвсэггүй статусыг баталгаажуулах, Шинээр болон сэргээн тогтоосон орнуудын ардчиллыг дэмжих, хувь нэмэр оруулах.
БАРИМТ 9
Манай улс 2020 оны байдлаар олон улсын энх тайван, аюулгүй байдал, зэвсэг хураах, хүний эрхийг хөхиүлэн дэмжих, ардчилал, засаглалыг бэхжүүлэх, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэгийн олон асуудлаар Ерөнхий Ассамблейн нийт 90 гаруй тогтоол санаачлан хэлэлцүүлэн батлуулж, 500 гаруй тогтоол шийдвэрт хамтран зохиогчоор нэгдэж орсон байна.
БАРИМТ 10
НҮБ –ын Ерөнхий Ассамблейн ээлжит болон тусгай чуулганд дээд, өндөр хэмжээнд 13 удаа оролцсон.
БАРИМТ 11
1963 оноос эхлэн НҮБ, түүний системийн байгууллагуудаас нийтдээ 140 сая гаруй ам.долларын тусламж авсан.
БАРИМТ 12
1990-ээд оны эхээр Монголын эдийн засаг хямралд ороод байсан хүнд хэцүү үед НҮБ, түүний системийн байгууллагууд, ялангуяа НҮБХХ Монголыг дэмжигч хандивлагчдын бүлгийг үүсгэн бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн.
БАРИМТ 13
Түүнчлэн хоёр жил дараалан Монголд нүүрлэсэн зудын гамшгийн хохирлыг даван туулахад туслах олон улсын арга хэмжээг явуулахад НҮБ хошуучилсан.
БАРИМТ 14
Монгол Улс нь НҮБ-ын идэвхтэй гишүүн бөгөөд нэг хүнд ногдох НҮБ-ын энхийг сахиулагчдын тоогоороо дэлхийн улс орнуудаас өндөр үзүүлэлттэй байна.
БАРИМТ 15
Монгол Улс 1990-ээд оны дунд үеэс НҮБ–ын энхийг сахиулах ажиллагаанд оролцохыг сонирхож ирсэн бөгөөд 1999 оны есдүгээр сард НҮБ-ын энхийг сахиулах байнгын хүчний тогтолцоонд хувь нэмэр оруулах талаар Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хооронд харилцан ойлголцсон тухай санамж бичигт гарын үсэг зурсан.
БАРИМТ 16
2002 оноос хойш Монгол Улсын зэвсэгт хүчний хоёр албан хаагч БН Ардчилсан Конго Улс дахь "MONUC" НҮБ –ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагч офицероор, түүнчлэн тэр жилдээ гурван албан хаагч Баруун Сахар дахь "MINURSO" НҮБ-ын сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгүүлж эхэлснээр Монгол Улс даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах НҮБ-ын үйл хэрэгт бодит хувь нэмэрээ оруулж эхэлсэн түүхтэй.
БАРИМТ 17
2002 оноос 2022 он хүртэл Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 20 мянга гаруй цэргийн алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд байна.
БАРИМТ 18
Монгол Улсын цэргийн алба хаагчид Ирак, Афганистан, Гүрж, Косово, Этиоп-Эритэри, Чад, Баруун Сахар, БНАКонго Улс, Судан Улсын Дарфур муж, Өмнөд Судан Улс, Судан Улсын Абейяа муж зэрэгт явагдсан энхийг сахиулах ажиллагаанд цэрэг эрсээ илгээж байжээ.
БАРИМТ 19
Монгол Улсын Зэвсэгт хүчний офицерууд зөвхөн үүрэг гүйцэтгэх бус НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны штабт хэлтсийн дарга, ажиллагааны удирдлагын дарга, штабын дарга, бүсийн командлагч, цэргийн хүчний командлагчийн орлогч зэрэг албан тушаалуудад үүргээ амжилттай гүйцэтгэж байна.
БАРИМТ 20
2015 оноос НҮБ-ын төв штабын Энхийн сахиулах ажиллагааны газрын Цэргийн асуудал эрхэлсэн газар Монгол Улсын Зэвсэгт хүчний офицерууд НҮБ-ын зохион байгуулсан сонгон шалгаруулалтад тэнцэн үүрэг гүйцэтгэж байна.
БАРИМТ 21
НҮБ–ын 2004 оны ерөнхий төсөвт 17 сая төгрөг төлсөн.
БАРИМТ 22
НҮБ, түүний системийн 10 гаруй байгууллагын зургаа дахь гол байгууллага болох Нарийн бичгийн дарга нарын газарт манай улсын 20 орчим иргэн ажиллаж байна.
БАРИМТ 23
Монгол улсын төлөөлөгчдөөс санаачлан НҮБ-ын ерөнхий ассамблейд 19 тогтоолыг батлуулж байжээ.
БАРИМТ 24
Түүнчлэн НҮБ-ийн дэргэдэх Монгол Улсын байнгын төлөөлөгчөөр 10 хүн ажиллаж байв.
Сэтгэгдэл (1)