БАРИМТ 1
Бүгд Найрамдах Жибути улс нь 23,200 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Африк тивийн зүүн захад байрладаг орон. Тус улс урд хэсгээрээ Сомали, баруун урд талаараа Этиоп, хойд хэсгээрээ Эритрей улсуудтай хиллэдэг ба зүүн талаараа Улаан тэнгист гарцтай.
БАРИМТ 2
Жибути улсын хүн амын нийт тоо 2020 оны байдлаар 921,804 байсан бөгөөд тэдний 70 хувийг сомали, 30 хувийг афар үндэстний хүмүүс бүрдүүлдэг. Харин шашны хувьд нийт жибутичуудын 94 хувь нь исламын шашныг, 6 хувь нь христийн шашныг шүтдэг.
БАРИМТ 3
Одоогийн Жибути, Этиоп, Эритрей болон Сомиландын газар нутаг нь нэгэн цагт эртний Египетийн худалдааны хамтрагч Путын газар нутаг байсан. 1883 онд тус бүс нутаг Францын колони болсон бөгөөд жибутичууд 1997 оны зургаадугаар сарын 27-нд тусгаар тогтнолоо зарласан.
БАРИМТ 4
Жибути улс тухайн ондоо НҮБ-д элсэн орсон ба одоогийн үндсэн хуулиа 1992 оны есдүгээр сарын 4-нд баталсан. 1990-ээд оны эхэнд засгийн газрын төлөөллүүдээс болж тухайн улсад зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн ба 2000 онд эрх мэдлээ хуваалцах гэрээ байгуулагдсаны үр дүнд төгссөн.
БАРИМТ 5
Жибути улсын албан ёсны хэлнүүд бол франц болон араб хэл. Тухайн улсын одоогийн төр барьж буй ерөнхийлөгчийг Исмаил Омар Гелле гэдэг ба тэрбээр 1999 оноос хойш тасралтгүй уг албан тушаалыг хашиж байгаа. Харин ерөнхий сайдыг нь Камил Абдулкадер Мохамед гэдэг бөгөөд тэрбээр уг албан тушаалд 2013 онд томилогдсон.
БАРИМТ 6
Далайн усны давсны агууламж хэт их тул хүн төрөлхтөн бид дэлхийн их хуурай газруудыг хүрээлэн оршдог далайн усыг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж чаддаггүй. Тэгвэл Жибути улсад байх Ассал гэх нуурын ус далайн уснаас 10 дахин их давсны агууламжтай.
БАРИМТ 7
Ассал нуур нь дэлхийн хоёр дахь хамгийн их давсны агууламжтай нуур бөгөөд Африк тивийн хамгийн нам дор цэг юм. Уг нуур нь далайн түвшнээс доош 155 метрийн өндөрт оршдог ба Сөнөсөн тэнгис болон Галиейн тэнгис нарын араас орох дэлхийн гурав дахь нам дор газар.
БАРИМТ 8
Жибути улс нь Адены буланг Улаан тэнгисээс хязгаарладаг газарзүйн чухал байрлалтай орон. Ийм учраас дэлхийн өндөр хөгжилтэй орнууд Жибути улсад цэргийн баазуудаа байрлуулдаг. Тэдгээрээс дурдвал БНХАУ-ын усан цэргийн бааз, Францын агаарын хүчний бааз, Италийн дэмжлэг үзүүлэгч бааз, Япон болон АНУ-ын цэргийн бааз гэх мэт.
БАРИМТ 9
Африк тивд байрлалтай АНУ-ын зэвсэгт хүчний цорын ганц зэвсэгт хүчний бааз Жибути улсад байдаг. АНУ-ын олон мянган зэвсэгт хүчний алба хаагчид Жибути улсын Кэмп Лемонниер баазад байрладаг. Мөн Жибути улс бол Африк тивийн найм дахь хамгийн жижиг газар нутагтай орон.
БАРИМТ 10
Жибути улсын нийт газар нутгийн 90 гаруй хувийг цөл бүрхдэг. Уг улсын хамгийн өндөрлөг цэг нь далайн түвшнээс дээш 2,021 метрийн өндөрт оршдог Моусса Али уул. Энэхүү галт уул нь Жибути, Этиоп, Эритрей гэх гурван орны хилийн зурвас дээр оршдог.
БАРИМТ 11
Жибути бол Африк тивийн тав дахь, Африк тивийн эх газарт байрладаг хамгийн бага хүн амтай орон. Газарзүйн байрлал болон цаг уурын нөхцөл байдлаас болж Жибути улсад байгалийн булаг болон гол горхи урсдаггүй. Ийм учраас Жибути улсын иргэд цэвэр усны хомстолд ороод удаж байна.
БАРИМТ 12
Жибути улсын албан ёсны шашин нь исламын шашин боловч бусад исламын орнуудаас Жибути улс арай ялгаатай. Учир нь исламын шашинд хэрэглэхийг хориглодог алкохол буюу согтууруулах ундааг жибутичууд нээлттэй хэрэглэдэг ба бусад исламын шашны хуулиудыг тэр болгон дагаж мөрдөөд байдаггүй.
БАРИМТ 13
Жибутичууд суурин амьдралтай ард түмэн бөгөөд нийт жибутичуудын 76 хувь нь нийслэл болох Жибути хотдоо амьдардаг. Жибути улс Африк тивийн орон боловч газарзүйн байрлалаасаа шалтгаалан Арабын орнуудтай маш төстэй амьдралын хэв маяг болон ёс заншилтай.
БАРИМТ 14
Жибутичууд тусгаар тогтнолоо зарлахын тулд нийт гурван удаа санал хураалт зохион байгуулсан. 1958 болон 1967 оны санал хураалтын үр дүнд жибутичууд Францын колони хэвээр үлдэхийг дэмжиж байсан бол 1977 онд нийт жибутичуудын 98 хувийн саналаар Жибути улс тусгаар тогтносон орон болсон.
БАРИМТ 15
Жибути улсад хэд хэдэн хачирхалтай хууль үйлчилдэг. Тэдгээрийн нэгийг дурдахад Жибути улсад нисэх онгоцны буудал, олон нийтийн барилгууд, зэвсэгт хүчний хэрэглэгдэхүүнүүд гэх мэт дэд бүтцүүдийн зургийг дарах боломжгүй. Ерөнхийдөө та Жибути улс руу аялахаар болбол зургийн камер авч явах шаардлагагүй.
БАРИМТ 16
Жибути улсын үндэсний хоолыг “Скоудехкарис” гэдэг. Уг хоолыг хурганы мах болон цагаан будааг нэг тогоонд килантро, улаан лоолийн сүмс, чинжүү, кардамон гэх мэт амтлагчаар амтлан бэлтгэдэг. Зарим тохиолдолд хурганы махыг тахиа, загас болон үхрийн махаар орлуулж болдог.
БАРИМТ 17
Жибути улсад маш ховор төрөл зүйлийн шувуу амьдардаг. Жибути Франколин гэх нэртэй уг шувуу нь зөвхөн Жибути уулсын нутаг дэвсгэрт амьдардаг ба гаднах байдлаасаа саарал хүрэн өнгөтэй, цагаан судалтай харагддаг. Зөвхөн арц ойд амьдардаг уг шувууны 70 гаруй хувь нь цаг уурын өөрчлөлтөөс болж үгүй болсон бөгөөд одоогийн байдлаар зөвхөн 200 гаруй жибути франколин шувуу амьдарч байна.
БАРИМТ 18
Жибути улс нь дэлхийн нэлээд цардастай бүс нутаг болох Афарын гуравлсан уулзвар дээр оршдог. Энэхүү цэгийн гурван өөр цардасны ялтсууд идэвхтэй хуваагдаж гурван өөр цэг рүү салж байгаа гэсэн үг. Ийм учраас та Жибути улсад очвол дэлхий хөдөлж буйг шууд мэдэрч болно.
БАРИМТ 19
Жибути улсын үндэсний бэлгэдэл болсон амьтан бол хандгай. Нутгийн иргэд хандгайг “Вапити” хэмээн нэрлэдэг. Жибути улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 166-аар байранд эрэмбэлэгддэг ба дотоодын нийт бүтээгдэхүүн нь 4 тэрбум америк доллартай тэнцдэг.
БАРИМТ 20
Жибути улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Жибути улс 1994 онд ФИФА буюу Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоонд элссэн ба одоогоор дэлхийн чансааны 193-аар байранд эрэмбэлэгддэг. Тийм ч хүчирхэг биш уг шигшээ баг нь урьд өмнө нь тив дэлхийн тэмцээнүүдэд оролцож амжилт гаргаж байсан удаа байхгүй.
БАРИМТ 21
Жибути улсын баг тамирчид 1984 оноос хойш олимпын наадамд оролцож эхэлсэн ба 2004 оны Афины олимпд оролцолгүй өнжицгөөсөн. Одоог хүртэл Жибути улсын тамирчид цор ганц олимпын медалийг хүртэж байсан. Уг медалийн эзэн нь Хуссейн Ахмед Салах бөгөөд түүний хувьд 1988 оны Сөүлийн олимпоос эрэгтэй марафоны төрөлд хүрэл медаль хүртсэн.
БАРИМТ 22
Жибути улсын төрийн далбаа нь цэнхэр, ногоон, цагаан болон улаан өнгийн одны дүрсээс бүрддэг. Ногоон өнгө нь дэлхийг, цэнхэр өнгө нь тэнгэрийг, цагаан өнгө нь энх тайвныг, улаан өнгийн од нь эв нэгдэл болон дайны цагт урссан дусал цус болгоныг бэлгэддэг.
БАРИМТ 23
Боловсрол бол Жибути улсын засгийн газрын нэн түрүүнд тавьдаг чухал салбаруудын нэг. 2009 оны байдлаар тус улс нийт төсвийнхөө 20 хувийг боловсролын салбарт зарцуулдаг байсан. Гэвч нийт жибутичуудын дөнгөж 30 хувь нь бичиг үсэг тайлагдсан ба эмэгтэйчүүдийн 15 хувь нь уншиж, бичиж чадна.
БАРИМТ 24
Жибутичууд дунджаар 65 жил амьдардаг ба 100,000 хүнд 18 эмч харьяалагддаг. Жибути эрчүүдийн 94 хувь нь хөвчөө таслуулдаг ба эмэгтэйчүүдийн 93 хувь нь бэлэг эрхтнээ зэрэмдэглүүлсэн байдаг. Жибути эмэгтэйчүүд амьдралынхаа туршид 2-3 хүүхэд төрүүлдэг ба тус улсад нярайн эндэлтийн хувь нэлээд өндөр.