БАРИМТ 1
О.Хангай нь 1990 оны аравдугаар сарын 2-нд Ховд аймгийн Буянт суманд төрсөн. Одоо 32 настай.
БАРИМТ 2
Түүний өндөр 186 см, 138 кг жинтэй.
БАРИМТ 3
Түүний аав Оргих улсын аварга тариаланч, ээж Баярлах нь нярав хийдэг.
БАРИМТ 4
Ээж, аав нь аль аль нь бөхийн удамтай. Түүний ээжийг Засагт ханы хөх харчуудын нэг, алдарт Шаравын Батсуурь аваргын удмын хүн гэдэг.
БАРИМТ 5
О.Хангай нь айлын ганц хүү. Гурван охин дүүтэй.
БАРИМТ 6
Ховд аймгийн Манхан сумын Н.Дэлгэртуяа гэх бүсгүйтэй гэрлэсэн. Тэд арван жилдээ танилцаж, оюутан болоод үерхэж эхэлжээ.
БАРИМТ 7
Дунд сургуульд байхдаа волейбол тоглодог байсан бөгөөд аймаг, бүсийн тэмцээнд амжилттай оролцож явсан.
БАРИМТ 8
ХААИС-ийн Газар зохион байгуулалтын ангийг төгссөн.
БАРИМТ 9
О.Хангайгийн бөхийн карьер 2010 онд эхэлжээ. Тэр жил ХААИС-ийн төгсөх ангийн оюутан байсан тэрээр сумынхаа наадамд ямар ч бэлтгэлгүйгээр барилдаж, сумын начин цолыг хүртсэн байна.
БАРИМТ 10
Түүний анхны багш бол Б.Адъяахүү. Гараа дэвээ, барилдааны анхан шатны мэдэгдэхүүн заалгаж байжээ. Харин өдгөө Ховд бөхийн дэвжээнд Ц.Мягмарсүрэн зааны удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийдэг.
БАРИМТ 11
2012 онд аймгийнхаа наадамд барилдахдаа үзүүр түрүүнд аймгийн арслан Н.Батсайхантай барилдаж, үзүүрлэн Аймгийн заан цол хүртсэн. Тэрээр сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Тэр үед аймгийн заан цол хүртээд тууштай барилдвал амжилтад хүрэх юм байна гэж итгэл төрсөн. Үндэсний бөхтэй салшгүй амьдралаа холбосноо 2012 онд мэдэрсэн" гэжээ.
БАРИМТ 12
О.Хангай нь допингийн асуудлаар хүчтэй дуугарсаар ирсэн бөх. 2020 онд “Хэрвээ Э.Оюунболдыг Цагаан сарын барилдаанд зодогловол би барилдахгүй. Би ганцхан Э.Оюунболдтой тэмцээгүй. Нэр бүхий 37 бөхийн нэрийг зарлуулж, допингтой холбоотой бугшсан идээ бээрийг шахаж, үндэсний бөхийн спортоо ирээдүй хойчдоо өвлүүлж үлдээхийг хүсэж байна” гэж байв.
БАРИМТ 13
Ховд аймгаас төрсөн анхны улсын аварга цолтон
БАРИМТ 14
2018 онд ӨМӨЗО-д зохион байгуулагдсан “Алтан бүс” олон улсын барилдаанд түрүүлж алтан бүсийн эзэн болсон.
БАРИМТ 15
О.Хангай нь үндэсний бөхөөр "Аврагч" спорт хороо, "Од" групп, "Их Монгол" сан, "Эм Жи Ө транс" ХХК-ийн харьяат бөх юм.
БАРИМТ 16
Тэрбээр анхны цолоо 2010 онд Буянт сумын наадамд зодоглож сумын начин цол хүртэж байсан бол 2012 онд аймгийн заан, 2013 онд аймгийн арслан цолыг хүртжээ.
БАРИМТ 17
Ардын хувьсгалын 96 жилийн ойн улсын баяр наадамд улсын заан Б.Пүрэвсайханаар дөрөв, улсын арслан Э.Оюунболдоор тав, аймгийн арслан Б.Сериктай тунан барилдаж, зургаа даван шөвгөрч "Улсын харцага" цолыг хүртсэн.
БАРИМТ 18
Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан М.Бямбадоржоор дөрөв давж, тавын даваанд улсын начин Д.Цэрэнтогтоход өвдөг шороодсон.
БАРИМТ 19
2019 онд улсын начин Д.Цэрэнтогтох сэргээш хэрэглэсэн байсан тул Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын дараахан давааг нь нөхөн олгож чимэг нэмсэн.
БАРИМТ 20
Тэрбээр улсын аварга цол хүртэхдээ дараах бөхчүүдийг давжээ. Нэгийн даваанд Тува улсын бөх Куулар Мөнх-Эрдэнэ, хоёрын даваанд Ховд аймгийн начин М.Баяржавхлан, гурвын даваанд Төв аймгийн харцага Т.Батсайхан, дөрвийн даваанд Дорнод аймгийн арслан Б.Батдорж, тавын даваанд Төв аймгийн арслан Г.Өсөхбаяр, зургаагийн даваанд Ховд аймгийн харцага Б.Сосорбарам, долоогийн даваанд улсын начин О.Мөнх-Эрдэнэ, наймын даваанд улсын аварга С.Мөнхбат, есийн даваанд улсын аварга П.Бүрэнтөгс, арвын даваанд улсын харцага Б.Орхонбаяр.
БАРИМТ 21
Монголын үндэсний бөхийн холбоо, "25 дугаар суваг" телевизтэй хамтран зохион байгуулсан шилдэг найман харцага оролцсон “Хийморь” реалити шоу нэвтрүүлэгт оролцсон.
БАРИМТ 22
Нэвтрүүлгийн үеэр өөрсдийн санаачилгаар сайн үйлсийн аян зохион байгуулж, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр хоёр эмэгтэйг баярлуулсан байна.
БАРИМТ 23
Тэрбээр барилдаж эхэлснээсээ хойш сайн үйлсийн аянд нэгдэх болжээ. Сүүлд гэхэд улсын аварга цолны бай шагналаа Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд хандивлажээ.
БАРИМТ 24
Цагаан сарын барилдаанд аймгийн цолтойдоо хоёр удаа үзүүрлэсэн ганцхан бөх байдаг нь Улсын аварга О.Хангай юм.
Сэтгэгдэл (3)