"Аль-Каида" бүлэглэлийн толгойлогч Айман аль-Завахириг Афганистанд байхад нь сөнөөгч дроноор устгасан талаар АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден мэдэгдлээ.
Тэрээр өнгөрсөн ням гарагт Афганистаны нийслэл Кабул хотод Тагнуулын төв газраас явуулсан терроризмын эсрэг ажиллагааны үеэр амь үрэгджээ. Айман аль-Завахири нь Осама Бин Ладентай хамт 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагыг зохион байгуулсан бөгөөд Америкийн "хамгийн их эрэн сурвалжлагдаж буй террористуудын" нэг байсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хэлэхдээ "Айман аль-Завахири бол Америкийн иргэдийн эсрэг аллага, хүчирхийллийн ул мөрийг сийлсэн нэгэн. Тэрээр нуугдаж байхдаа Аль-Каидагийн салбарууд болон дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагааны удирдамж өгөх тэргүүлэх чиглэлийг тогтоож, АНУ-руу халдлага үйлдэхэд уриалж, нөлөө үзүүлж байсан. Одоо шударга ёс тогтсон бөгөөд террорист удирдагч байхгүй болсон.
Түүнийг хөнөөсөн нь 2001 оны халдлагын үеэр амиа алдсан 3000 орчим хүний ар гэрийхэнд өгч буй хариу байлаа" хэмээв.
Айман аль-Завахири 2011 онд Бин Ладеныг нас барсны дараа Аль-Каидагийн эрх мэдлийг авч толгойлж иржээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр Айман аль-Завахириг хамгаалалтын байшингийн тагтан дээр байхад нь сөнөөгч дрон хоёр пуужин харвасан байна. Байшинд гэр бүлийн бусад гишүүд байсан ч гэмтэл аваагүй бөгөөд халдлагын үеэр зөвхөн Завахири амь үрэгдсэн тухай мэдэгдлээ.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (3)