Өнгөрсөн баасан гарагт Сөүлийн өмнөд хэсэгт орших Гангвон мужийн Гангнеунг спорт цогцолборт дуучин PSY-ийн “Summer swag” тоглолт болжээ.
Тоглолтын арын албанд ажиллаж байсан 20 орчим настай Монгол залуу тоглолтын дараа тайз буулгах үед 22 орчим метрийн өндрөөс унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ талаар дуучин PSY-ийн харьяалагдах P Nation агентлаг мэдэгдэл хийж, эмгэнэл илэрхийлжээ.
Уг эмгэнэлд “"Сайн уу, бид P NATION байна. Юун түрүүнд энэхүү гунигтай мэдээг хүргэхэд сэтгэл хүндүүрлэж байна. Долоодугаар сарын 31-ний 15:50 цагийн үед Гангвон мужийн Гангнеунг спорт цогцолборт гаднын ажилтан харамсалтайгаар амиа алджээ. Талийгаач 20 гаруй насны Монгол иргэн байсан бөгөөд туслан гүйцэтгэгч “А” компанид тайзны хийц урлахаар ажиллаж байжээ. Харамсалтай ослын улмаас нас барсан талийгаачид гүн эмгэнэл илэрхийлье. Мөн талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Хөшигний ард хөлсөө урсгаж байгаа алба хаагчдынхаа хичээл зүтгэлийг P NATION дэндүү сайн мэдэж байгаа болохоор энэ осол улам бүр зүрх шимшрүүлж байна. Бид талийгаачийн сүүлчийн замд нь анхаарал тавихын тулд чадах бүхнээ хийх болно. Мөн цаашид ийм зүйл давтахгүйн тулд хариу арга хэмжээ авч, дахин давтахгүй байх тал дээр хариуцлагатай ажиллана” хэмээжээ.
Эх сурвалж: Allkpop