Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сармагчны цэцэг өвчнийг дэлхий нийтийг хамарсан эрүүл мэндийн гамшигт тооцож эхэлсэн гэдгээ мэдэгдлээ. Сармагчны цэцэг өвчин нь дэлхийн 75 оронд бүртгэгдэж нийт 16 мянга гаруй тохиолдол илэрчээ.
Сармагчны цэцэг өвчний батлагдсан тохиолдол 16 мянгад хүрээд байгаа хэдий ч амь насанд хүрсэн тохиолдол харьцангүй бага байна. Одоогоор нас барсан тохиолдол тав бүртгэгдсэн. ДЭМБ сармагчны цэцэг халдварыг аюулын түвшинд хүрэхээргүй гэж үзэж байсан ч дэлхийн олон оронд хурдацтай тархснаар дээрх дүгнэлтээ өөрчлөхөд хүрчээ.
Олон улсын хэмжээнд өндөр зэргийн аюулт халдварын тоонд халдварт саа болон Ковид-19 багтаж байсан бол энэ ангилал гурав болж нэмэгджээ.
Сармагчны цэцэг нь анх 1958 онд илэрч байсан бөгөөд эмчилгээний вакцин бий. Гэвч хүрэлцэхүйц хэмжээнд үйлдвэрлэхгүй байгаа тул ДЭМБ-ын гаргасан шийдвэрийн тусламжтай үйлдвэржүүлэлтийг эрчимжүүлэх юм.
Харин вакцины өвчин эсэргүүцэх чадварын судалгаа хараахан хийгдээгүй бөгөөд ДЭМБ зүгээс вакцинд хамрагдахыг иргэд олон нийтэд уриалаагүй байна.
АНУ-ын хувьд вакциныг сармагчны цэцэг өвчин туссан байх магадлалтай хүмүүст нөөцөлж байна. Учир нь энэ өвчин биед удаан идэвхгүй байдаг онцлогтой. Иймд халдвар авснаас дөрөв хоногийн дотор вакцин тарьсан ч үйлчлэх аж. Мөн салхин цэцэг өвчний ACAM-2000 гэх вакциныг хийдэг. Энэ тохиолдолд өвчнөөс бүрэн сэргийлэхгүй ч хүнд тусахгүй байх боломжтой гэж үзжээ. Энэхүү өвчнөөр насанд хүрсэн эрэгтэй хүн зонхилон тусч байгаа хэдий ч АНУ-д бага насны хоёр хүүхэд туссан тохиолдол гарсныг өнгөрсөн Бямба гарагт мэдээлсэн. Одоогоор хоёр хүүхдийн биеийн байдал тогтвортой байна. Харин хэрхэн халдвар авсан болохыг холбогдох байгууллагын хүмүүс судалж байна. Насанд хүрсэн хүмүүс ихэнх тохиолдолд бэлгийн замаар халдвар авж байгаа бол бага насны хүүхдүүдийг халдвартай хүний хэрэглэсэн халбага, аяганаас болон хүүхдийг тэвэрч үнсэж байхад халдварлсан байх гэж таамаглаж байна.
Эх сурвалж: Reuters