COVID-19 цар тахлын улмаас хойшлуулаад байсан "Ханжоу 2022" 19 дэх удаагийн Азийн наадам БНХАУ-ын Ханжоу хотноо есдүгээр сард болно. Азийн олимпын зөвлөл /АОЗ/-өөс байгуулсан ажлын хэсэг өнгөрсөн хоёр сарын хугацаанд БНХАУ-ын Үндэсний олимпын хороо болон Зохион байгуулах хороотой хамтран шинэ хуваарийг АОЗ-ийн Гүйцэтгэх зөвлөлийн хуралд хэлэлцүүлсэн гэж МҮОХ-оос мэдээллээ.
Улмаар АОЗ-ийн Гүйцэтгэх зөвлөлөөс “Ханжоу 2022” Азийн 19-р наадмыг 2023 оны 9 дүгээр сарын 23-наас 10 дугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулах шийдвэр гаргажээ. Наадамд Азийн 50 гаруй орны тамирчид 40 спортын төрлөөр 482 багц медалийн төлөө өрсөлдөх юм.