БАРИМТ 1
Бүгд Найрамдах Либери улс нь 111369 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Африк тивийн баруун захад оршдог орон. Тус улс баруун хойд хэсгээрээ Сьерра Леоне улстай, хойд талаараа Гвиней улстай, зүүн хэсгээрээ Кот д’Ивуар улстай хиллэдэг ба баруун урд болон урд талаараа Атлантын далайд гарцтай.
БАРИМТ 2
Либери улсын хүн амын нийт тоо 5.2 сая бөгөөд тэдний 20.3 хувийг Кпелле, 13.4 хувийг Басса, 10 хувийг Гребо, 8 хувийг Гио, 7.9 хувийг Мано, 6 хувийг Кру, 5.1 хувийг Лорма үндэстний хүмүүс бүрдүүлдэг. Харин шашны хувьд нийт либеричүүдийн 86.2 хувь нь христийн шашныг, 11.7 хувь нь исламын шашныг шүтдэг.
БАРИМТ 3
Одоогийн Либери улсад хөл тавьсан анхны Европ хүн бол Португал далайчин Педро де Синтра. Тэрээр Либери улсын далайн эрэг дээр 1461 онд очсон ба уг цагаас хойш тус улсыг европчууд “Чинжүүн эрэг” хэмээн нэрлэх болсон. Учир нь Либери улсад их хэмжээгээр ургадаг Мелегэта чинжүүг европчууд хураан авч худалдаалдаг байсан.
БАРИМТ 4
Либери бол албан ёсоор ямар нэгэн улсад колоничлогдож байгаагүй Африк тивийн цор ганц хар арьст хүмүүс амьдардаг орон. Мөн тус улс 1821 онд Америкийн колоничлолын нийгэмлэгээс суллагдсан боолуудад зориулж авсан газар нутаг дээр байгуулагдсан Африк тивийн хамгийн анхны Бүгд Найрамдах улс.
БАРИМТ 5
Уг бүс нутаг 1824 онд албан ёсоор Либери гэх нэртэй болсон ба 1847 онд тусгаар тогтнол нь батлагдаж бүрэн эрхт улс болсон. 1822-1861 оны хооронд Америкийн иргэний дайн өрнөж байх үед АНУ-д нийгэм, хууль эрх зүйн дарамтад орсон 15000 гаруй эрх чөлөөт хар арьст хүмүүс Либери улс руу нүүлгэн шилжүүлэгдсэн.
БАРИМТ 6
Дэлхийн хоёрдугаар дайны үед Либери улс АНУ-ыг дэмжиж байсан бөгөөд дайн дууссаны дараа үзүүлсэн дэмжлэгийнхээ хариуд АНУ-аас дэд бүтцийн хувьд асар их хэмжээний хөрөнгө оруулалт авч чадсан. АНУ-аас нүүж ирсэн либеричүүд нутгийн уугуул иргэдтэй тийм ч хурдан уусаж нэг үндэстэн болоогүй бөгөөд урт хугацааны турш хоорондоо тусдаа бүс нутагт амьдарцгаасан.
БАРИМТ 7
1989-2003 оны хооронд өрнөсөн Либерийн иргэний дайнаас болж 250000 гаруй хүн амь насаа алдсан. Дайны дараа ч хар тамхинд донтсон хүүхдүүдийн зэвсэгт бүлэглэлүүд томоохон халдлагуудыг үйлдсээр байсан. Мөн 2012 онд Либери улсын ерөнхийлөгч асан Чарльз Тейлор дайны гэмт хэрэгт буруутгагдаж 50 жилийн хорих ял авсан.
БАРИМТ 8
Эллен Жонсон Сирлиф бол Либери улсын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг. Тэрбээр 2006-2018 оны хооронд Либери улсын ерөнхийлөгчийн албыг хашсан ба Африк тивийн орны хамгийн анхны эмэгтэй төрийн тэргүүн болж чадсан нэгэн. Мөн тэрбээр 2011 онд Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн.
БАРИМТ 9
2013-2016 оны хооронд Либери, Гвиней, Сьерра Леоне улсуудад Эболо вирус тархаж ойролцоогоор 11300 хүний аминд хүрсэн ба амиа алдсан хүмүүсийн ихэнх нь Либери улсын иргэд байсан. Либери улсын нэр нь латин хэлний “Эрх чөлөөтэй” гэх утгыг агуулсан “Либер” гэх үгнээс гаралтай. Тус улс бол эрх чөлөөтэй болсон боолуудад зориулагдсан улс шүү дээ.
БАРИМТ 10
Либери улсын нийслэлийг Монровия гэдэг. Уг хотын нэр нь эрх чөлөөтэй боолуудад зориулан Либери улсыг байгуулах шийдвэрийг тухайн үедээ дэмжиж байсан АНУ-ын тав дахь ерөнхийлөгч Жеймс Монрогийн нэрээс гаралтай. Жорж Вашингтон болон Жеймс Монро нар бол аль нэг улсын нийслэлийг өөрсдийн нэрээр нэрлэсэн АНУ-ын хоёр ерөнхийлөгчид юм.
БАРИМТ 11
Либери улсын төрийн далбаа улаан, цагаан, цэнхэр гэх үндсэн гурван өнгөнөөс бүрддэг ба АНУ-ын далбаатай төстэй загвартай. Уг далбаан дээр байрлах нэг ширхэг одны дүрс нь Либери улсыг Барууны хэв маягаар тусгаар тогтносон Африк тивийн цор ганц улс гэдгийг, 11 ширхэг хэвтээ зурааснууд нь Либери улсын тусгаар тогтнолын тогтоолд гарын үсэг зурсан 11 хүнийг тус тус бэлгэддэг.
БАРИМТ 12
Ойролцоогоор дэлхий дээрх 10 хөлөг онгоц тутмын нэг нь татвар болон хөдөлмөр эрхлэлтийн хатуу зохицуулалтаас зайлсхийх зорилгоор Либери улсад бүртгэлтэй байдаг ба тус улсын төрийн далбааг мандуулдаг. Уг үйлдлийг “Ая тухтай далбааны бодлого” гэдэг. Зөвхөн Панам улс л тус улсаас олон тооны хөлөг онгоцыг өөрийн нэр дээрээ бүртгэсэн.
БАРИМТ 13
Либери улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 175-аар байранд жагсдаг ба дэлхийн хамгийн их хэмжээгээр өлсгөлөнд нэрвэгдсэн орноор нэрлэгддэг. Мөн тус улс дэлхийн хамгийн залуу хүн амтай орнуудын нэг. Одоогийн либери улсын нийт иргэдийн дундаж нас нь дөнгөж 18.
БАРИМТ 14
Хөлбөмбөг сонирхогчид Жорж Веа гэх эрхмийг сайн таних байх. Тэрбээр хөлбөмбөгийн алдартай тамирчин байсан ба ид үедээ Эй Си Милан, Монако, Парис Сен-Жермен, Челси гэх мэт дэлхийн томоохон клубүүдэд хүчин зүтгэж явсан. 2002 онд улс төрийн замналаа эхлүүлсэн түүний хувьд 2018 онд Либери улсын 25 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон.
БАРИМТ 15
Либери бол дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн нэг ширхэг ч газаргүй дэлхий дээрх 27 орны нэг. Гэхдээ тус улсад урьдчилсан жагсаалтад орсон хоёр газар байдаг. Урьдчилсан жагсаалтад орсон газрууд бол ирээдүйд ЮНЕСКО-д бүртгэгдэх хамгийн өндөр магадлалтай газрууд юм.
БАРИМТ 16
Либери улсад Сапо гэх цор ганц үндэсний парк байдаг. Уг парк нь Баруун Африкийн хамгийн шилдэг үндэсний паркуудын нэгээр нэрлэгддэг ба Баруун Африкт үлдсэн хамгийн сүүлийн анхдагч ширэнгэн ойнуудын нэгийг дотроо агуулдаг. Мөн Либери улсын далайн эргүүд бол сурфинг буюу далайн давлагаан дээр урсгалын хүчийг ашиглан тавцангаар гулгах спортоор хичээллэдэг хүмүүст зориулагдсан мэт Африк тив дэх хамгийн тохиромжтой давлагаатай гэгддэг.
БАРИМТ 17
Либери улсын Сапо үндэсний паркт пигми усны үхэр гэх нэн ховордсон амьтан амьдардаг. Уг амьтан нь одой усны үхэр мэт энгийн усны үхрээс хамаагүй жижиг хэмжээтэй. Либери улсад дэлхийн хамгийн том резин тариалалтын газар байрладаг. Уг компани Либери улсад 1926 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа.
БАРИМТ 18
Либери улс бол эдийн засгийн хувьд дэлхийн долоо дахь ядуу орон. Мөн тус улс бол аливаа зүйлсийн уртыг хэмжихдээ метрийн системийг ашигладаггүй дэлхий дээрх гуравхан орны нэг. Бусад хоёр орон нь Мьянмар болон Америкийн Нэгдсэн улс. Тэд метрийн оронд фийт гэх нэгжийг ашигладаг.
БАРИМТ 19
Либери улс 1960 онд НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн гишүүнээр сонгогдсоноор уг зөвлөлд орсон Африк тивийн анхны хар арьст иргэдтэй орон болсон. Тус улсад эмнэлгийн тусламж, үйлчилгээ авна гэдэг үнэхээр бэрх. 15000 хүн тутамд нэг эмч оногддог бөгөөд Либери улсад нийт 300 эмч байдаг.
БАРИМТ 20
Либери улсад “Амтлахгүйгээр үнэрт” гэх содон нэртэй тосгон байдаг. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Либери улсын резинийн тариалангийн талбайнуудыг АНУ-ын цэргүүд хамгаалан тулалддаг байсан. Тухайн үед нутгийн иргэд цэргийн бааз руу нэвтрэх эрхгүй байсан ба өлсгөлөнд нэрвэгдсэн либеричүүд цэргийн баазуудаас гарах хоолыг байнга үнэртдэг ч хэзээ ч амталж чаддаггүй байжээ. Уг явдлаас болж тус тосгон ийм нэртэй болсон.
БАРИМТ 21
Либери улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Тухайн оныхоо дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр нэрлэгдсэн тамирчинд олгодог Баллон д’Ор шагналыг хүртсэн цор ганц тоглогч болох Жорж Веа (Либери улсын ерөнхийлөгч) тус улсын иргэн. Гэхдээ тус улсын шигшээ баг нийтдээ тийм ч хүхирхэг биш бөгөөд ДАШТ-д эрхээ аван оролцож байгаагүй.
БАРИМТ 22
Либери улсын баг тамирчид 1956 оноос зуны олимпд оролцож эхэлсэн. Либеричүүд 1980 оны Москвагийн олимпын нээлтийн үйл ажиллагаанд оролцсон хэдий ч тэмцээнүүд эхлэхээс өмнө нэрээ татан авч, уг олимпыг боёкотолж байсан нь олимпын түүхэн дэх содон үйлдлүүдийн нэг. Одоог хүртэл тус улсыг төлөөлөн хэн нэгэн олимпын медаль хүртэж байгаагүй.
БАРИМТ 23
Либери улсын хуулийн дагуу тус улсын иргэн болохын тулд та заавал хар арьстай байх ёстой. Учир нь Либери улсын ихэнх иргэд боолчлолтой холбоотой хар бараан дурсамжуудтай байдаг. Тийм учраас Либери улсын иргэд гадаад хүмүүст дарангуйлагдаж, удирдуулахаас маш их айдаг.
БАРИМТ 24
15-аас дээш насны либеричүүдийн 48 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Зарим бүс нутгуудад сургуулиуд үнэ төлбөргүй байдаг ба хүүхдүүд 6-16 нас хүртлээ сургуульд сурч боловсрол эзэмших үүрэгтэй. Гэхдээ Либери улсын боловсролын салбар боловсон хүчний дутагдлаас болж уналтад ороод байгаа.