Энэтхэгийн Ченнай хотод шатрын олимпиад энэ сарын 26-нд болох бөгөөд манай улсаас 10 тамирчин өрсөлдөнө. Дэлхийн шатрын олимпиад нь хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг оюуны спорт болох шатрын олимп юм. 44 дэх удаагийн тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох Их мастер А.Энхтуул, С.Билгүүн нартай ярилцсанаа хүргэж байна.
Их мастер С.Билгүүн
-Хэнтий аймагт Улсын аварга шалгаруулах тэмцээн болсон бөгөөд энэ нь гурван үе шаттай болж, шигшээ тэмцээнээс эрэгтэй, эмэгтэй 12 тамирчин шалгарсан. Үүнээс эхний таван байр буюу нийт 10 тамирчин энэ жилийн шатрын олимпиадын багт багтлаа.
Эрэгтэй тамирчдын багт
- Нэгдүгээр ширээнд Их мастер Д.Батсүрэн
- Хоёрдугаар ширээнд Олон улсын мастер Г.Амартүвшин
- Гуравдугаар ширээнд Их мастер Б.Гүндаваа
- Дөрөвдүгээр ширээнд С.Билгүүн
- Нөөц тоглогч буюу тавдугаар ширээнд Олон улсын мастер С.Ган-Эрдэнэ гэсэн бүрэлдэхүүнтэй тоглоно.
Их мастер А.Энхтуул
Дэлхийн шатрын олимпиад бол шатарчдын хувьд “олимп” юм.
Энэ удаагийн олимпиадын эмэгтэй тамирчдын багт:
- Нэгдүгээр ширээнд Их мастер А.Энхтуул
- Хоёрдугаар ширээнд Олон улсын мастер Б.Баярмаа
- Гуравдугаар ширээнд Олон улсын мастер Т.Мөнхзул
- Дөрөвдүгээр ширээнд Дэлхийн шатрын холбооны мастер Б.Мөнгөнзул
- Нөөц тоглогч буюу тавдугаар ширээнд Дэлхийн шатрын холбооны мастер Д.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй залуу үеийн төлөөлөл оролцоно.
Монгол Улс шатрын үндэсний шигшээ багтай. Гэвч шигшээ багт квот нь цөөн. Эмэгтэй, эрэгтэй тус бүр хоёрхон квот байна. Үүнээс гадна тамирчид хувийн бэлтгэлээ хангаж оролцож байна. Бусад улсын хувьд шатрын спортыг илүү түгээмэл, өргөн хүлээж авдаг. Жишээлбэл, БНЭУ-д шатрыг үндэсний спорт хэмээн хүлээж авч, хөгжүүлдэг. Гадны зарим орны шатрын шигшээ багт 10-11 бүрэлдэхүүнтэйгээр тогтмол бэлтгэл сургуулилт хийлгэж байна. Манай улсын хувьд өмнөх жилүүдтэй харьцуулбал энэ спорт харьцангуй хурдан хөгжиж байгаа. Тиймээс ч биднийг дэмждэг олон байгууллагууд бий болж илүү олон хүмүүс сонирхдог, түгээмэл спорт болж байна.
Их мастер С.Билгүүн
Гадны шигшээ багууд олимпиад болохоос жилийн өмнөөс бэлтгэлээ хийдэг. Нэг олимпиад өндөрлөөд дараагийн бэлтгэл нь эхлэх жишээний. Дан ганц бэлтгэл биш тэмцээн уралдааны зардлыг улсаас нь шийдэж өгнө. Харин манай улсын хувьд хараахан олимпын систем бүрдээгүй. Улсын аварга шалгаруулах тэмцээний дараа шигшээ багийн тамирчдын нэрс тодорхой болдог учраас энэ тал дээр бусад улсаас дутмаг. Энэ жилийн хувьд тамирчид Хандгайт дахь “Их тамир” цогцолборт хамтарсан бэлтгэл хийсэн. Тэнд тав хоногийн бэлтгэлд гарсан. Бусад орны тамирчидтай харьцуулахад бага хэдий ч тамирчдын хувьд хувийн бэлтгэлээ сайтар хангасан байгаа. Бид бэлтгэлийн үеэр өглөө цайндаа орж, өдөр нь хувийн бэлтгэлээ хийнэ. Өдрийн хоолны дараа нэгдсэн бэлтгэлдээ орж байсан. Энэ удаагийн нэгдсэн бэлтгэлийн хоног бага байсан учир багийн нөхөрсөг тоглолтууд болж өнгөрсөн.
Нэгдсэн бэлтгэлийн хувьд дан түргэн тоглолтоор бэлтгэл хангагдсан. Түргэн тоглолтоор хоорондоо баг болж өрсөлдөхөд нэг тоглолт дунджаар 2-3 цаг үргэлжилнэ. Харин хуваариа бэлтгэл хийхэд өөрийн биеийн байдлаас шалтгаалаад хэр их ачаалал даахаас шалтгаалан өдөрт 6-7 цагийн бэлтгэл хийх үе бий. Олон жилийн дунджаас харахад энэ жилийн бүрэлдэхүүн содон, шинэ бүрэлдэхүүнтэй оролцож байгаа.
Жишээлбэл, эрэгтэй багийн гурван тамирчин анх удаа олимпиадад оролцож байгаа бол эмэгтэй багт хоёр тамирчин нь анх удаа оролцож байна. Цар тахлын дараах энэ үед шинэ залуу тамирчдаас бүрдсэн багт Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа нь шинэ залуу үе гарч ирж байгааг харуулж байна. Энэ нь ирээдүйгээ харсан сонирхолтой баг бүрдсэн гэж харж байна.
Их мастер А.Энхтуул
Шатрын спортод ихэвчлэн ганцаарчилсан төрлөөр тэмцээнд оролцдог. Харин багийн спорт үүнээс олон зүйлээрээ ялгаатай. Өөрийн эрх ашгаас илүү багийнхаа буюу улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг. Тийм ч учраас багийн гишүүд бие биеэ ойлгож байж амжилтад хүрнэ. Өмнөх олимпиадад орж байсан гишүүд гэвэл Б.Гүндаваа ах, С.Билгүүн, Б.Баярмаа, Т.Мөнхзул болон миний бие байна.
Би 14 настайдаа Германд болсон 38 дугаар олимпиадад оролцож байлаа. Тухайн үед намайг жаахан охин сайн тоглохгүй гэж хүмүүс ярьж байсан ч би өргөөсөө нэг ч өнжилгүй 11 удаа тоглосон.
Харин миний хувьд энэ жилийн олимпиадын багт багтсан дүү нартаа маш их итгэл хүлээлгэж байгаа. Шатрын спортод юу ч тохиож болно. Миний хувьд Монгол Улсын эмэгтэйчүүдийн 25 дахь шатрын аварга болсон. Тэмцээний өмнө ажил ихтэй байсан учраас бэлтгэл олигтой хийж чадаагүй. Их мастер С.Билгүүн бид хоёр хамтраад “Элит брэйн” шатрын клубын үйл ажиллагааг явуулж байгаа. Тиймээс сүүлийн жилүүдэд олон шавиа бэлдэхийн хажуугаар өөрийгөө бэлдэх хугацаа гараагүй.
Энэ удаагийн тэмцээнээр би нэг зүйлийг ойлгосон. Өмнө нь УАШТ-ээс медаль авснаас хойш гурван удаа дөрөвдүгээр байрт шалгарч байв. Тэр үед өөрийгөө хэт их дайчилж байж болох хэмжээнээс илүү чармайлт гаргаж байсан. Харин өөрийнхөө хүссэн үр дүндээ хүрч чадаагүй тохиолдолд их хямардаг, сэтгэл гутралд орсноосоо болоод бүтэлгүйтээд байсан болов уу гэж бодсон. Энэ удаад зүгээр л тэмцээндээ очоод сайхан тоглоё гэж бодсон юм. Тэмцээний үеэр намайг дасгалжуулсан Мөнхгал багш маань надад маш их тусалсан. Өөрөөсөө юу ч хүлээхгүй тайван байх нь амжилт гаргахад маш чухал.
Эцэст нь хэлэхэд миний хувьд ЦЕГ-ын харьяа дотоодын цэргийн 805 дугаар ангид харьяалагддаг. Ахлах ахлагч цолтой. Тиймээс орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100,101 жил, дотоодын цэргийн 100 жилийн ойн баярын мэндийг нийт алба хаагч, удирдлагууддаа, Монголын ард түмэндээ хүргэж байна. Энэ дашрамд шатрын спортод хайртай хэн бүхэнд талархаж явдгаа илэрхийлье.
Т.Мөнхжаргал